Орчуулга биш “Оршуулга” болчих вий

2018-03-6 Нийгэм
Уран зохиол сонирхогчдын груп дээр доорх хуудас нийтлэгдсэн байгааг гүйлгэн унших зуур энэ бичлэгийг оруулахаас өөр аргагүй санагдлаа. Гүүгл транслэйтээр хөрвүүлчихсэн юм уу гэж бодохоор ийм болхи толхи үг хэллэгтэй зүйлийн дор “Маш гоё зохиол. Үнэхээр их таалагдсан” гэсэн утга агуулгатай сэтгэгдэл хэд хэд байгаа нь бүр ч илүү сэтгэл түгшээв.

Ер нь орчуулгын чанарыг төр засаг, хэвлэлийн газрууд анхаараасай гэж халаглахаасаа өмнө уншигчид өөрсдөө номын сонголтон дээр ухаалаг хандаж байх нь хамгийн зөв шийдэл болой.

Сүүлийн үед “Ньюс.мн” дээр Хятадын уран зохиолын ноён оргил хэмээгддэг “Улаан асрын зүүд” роман их идэвхитэй нийтлэгдээд байгаа. Би ч өөрөө нэг орчуулгын сонгомол хувилбар гаргачих санаатай нухаж байгаагийн хувьд хааяа нэг харахад яс хавтаймаар зүйл олон ажиглагдаж буйн ганц нэг жишээг энд дурьдая.

Уг романы 10 дугаар бөлгийн эхэнд “Тийнхүү Фөн Же, Ёу хатан хоёр ч тэднийг үргэлж дэмжин тусладаг тул сая энэ мэт ундрахаар тийш зүглэхээр шийдэв.” гэсэн өгүүлбэр байгааг уншигч та ойлгож байна уу? Би монгол бичиг нэлээд гайгүй гадарладаг болохоор юу хэлэх гээд байгааг төсөөлж байна. Гэхдээ хятад эхийг нь харвал утгын хувьд тэс ондоо зүйл байх ажээ.

Хятад эх дээрээ 凤姐儿尤氏也时常资助资助他,方能如此度日。буюу “Фөн эгч, Ю овогт хатан хоёр ч байнга л түүнийг эд юмсаар дэмжиж тэтгэх тул ийнхүү аятайхан амьдрах боломж бүрджээ.” гэсэн утгатай юм. Гэтэл яахаараа ундрах зүглэх болоод явчихдаг билээ хэмээн уншигч та гайхаж байна уу?
Сонгомол монгол бичгийн хэлэнд амьдрал, амьдрах гэхийг ундрал, ундрах гэж бичдэг байсан юм. Харин хятад хэлний 方 гэдэг үг нь орчин цагт зүг чиг гэсэн утгатай бөгөөд, эрт дээр цагт «сая» гэсэн утга илэрхийлдэг байсныг орчуулагч мэддэггүй болохоор түүнийг хүчээр нийлүүлэн найруулах гээд ийм хөгжилтэй атлаа ойлгомжгүй утгын алдаа үүссэн хэрэг л дээ.

Би өөрийн орчуулж байгаа хувилбарт гардаг Ван Сифөн нэрт гувай бүсгүйн тухай уран дүрслэлийг нүүр номондоо нийтлэсэн нь чамгүй олон уншигчдын таашаалыг хүртсэн байна лээ. Тэрийг дахин нийтлэвээс дорхи мэт болой: «Тэр бүсгүйн засаж чимсэнийг үзвэл бусад лугаа адилгүй. Өнгө бүрийн засал зүүдлээс нь гэрэл гялбаа цацрах нь зэрвэс харвал хувилгаан дагина хэмээлтэй. . . . . .Уруул нь эс хөдлөвч урьхан инээд нэвт туяараад ид бахтай цав цагаан царайд нь идрийн жавхаа тод гэрэлтмүй »

Тэгвэл Ньюс.мн дээр нийтлэж байгаа хувилбарыг харвал: “Энэ хүний засаж чимсэнийг үзвэл хүүхнүүдтэй адилгүй, өнгө бүрийн засал зүйдлээс нь гэрэл гялбаа цацарч байх нь хувилгаан дагина гэлтэй. Чавган улаан уруул нь хөдлөлгүй инээхэд, цав цагаан царайд нь цуурайлагч шинж нуугджээ.” гэсэн байх юм.
“Хүүхнүүдтэй адилгүй” мөртлөө “Уруул нь хөдлөхгүй инээдэг” гэхээр танд учиргүй сайхан бүсгүйн хэв шинж мэдрэгдэж байна уу? Цууриалагч хэмээх нь сайхан бүсгүйн ямар гоё шинж юм бол доо гэж дийлэнх уншигчид эргэлзэж байгаа нь лавтай. Үнэндээ уруул хөдөлгөн инээгээгүй байхад л дотоод сэтгэлийн гоо сайхан нэвт гэрэлтэж байгааг зохиогч хэлээд байгаа хэрэг л дээ.

Зохиолын гол баатар Бао Юйгийн дүрслэл болох : “Оот цагаан царайг үлгэрлэвээс орой намрын тэргэл сарнаас өөрцгүй. Туяа гийсэн тунгалаг зүс нь тунамал хаврын гуа цэцэг шиг. Санчигийг нь үзвэл сайн ирт хутгаар өөлсөн мэт, хөмсгийг нь харвал хөө хар бэхээр зурсан лугаа адил. Өөгүй цэвэр тэгш шулуун хамартайн дээр үзэх нүд нь гүн бүрдийн ус мэт тунгалаг. Хилэнлэвч хэр баргийн хүмүүний инээснээс ялдам агаад хялайн харах нь хайрлан энхрийлснээс бараг өөрцгүй санагдмуй.” гэсэн хэсгийг бас

“Царай зүс нь намрын тэргэл саран, хаврын гоо цэцэг адил, санчиг нь хурц хутгаар өөлсөн мэт, хөмсөг нь заарт бэхээр зурсан адил, хамар нь унжгар сөс мэт, нүд нь гүн бүрд адил, хилэгнэвч инээснээс юун дор, хялайвч хайрласнаас юун өөр.” хэмээсэн нь ерөөсөө монгол бичгийн хуучин орчуулгын эх тэр чигээрээ явж байгаа хэрэг юм. Түүнээс гадна хорвоод хосгүй сайхан эр хүнийг “унжгар цөс шиг хамартай” хэмээн дүрслэвэл монгол уншигчдын ойн тойнд хэрхин буухыг бас л бодож үзүүштэй санагдана.

Ийнхүү яриад байвал энэ мэт өө сэв бараг хэдэн мөр алгасаад л тааралдах юм. «Гурван улсын үлгэр», «Баруунш зорчсон тэмдэглэл», «Усан хөвөөний шастир» зэрэг зохиолыг уншсан хүмүүс «Хэрсэг» гэдэг нь сонгомол монгол бичгийн хэлээр хашлага гэсэн утга илтгэдэгийг төвөггүй гадарлах болсон буй за. Тэгвэл дээрхи орчуулгад «Гэгээн саран хэрээсийг гийгүүлнэ» гэж орчуулсан нь уг чанартаа хэрсэгийг хэлж байгааг мань мэт нь л гүжирдэн ойлгохоос бус жирийн хүмүүс “хэрээс гийгүүлдэг сар” гэж байдаг юм болов уу гэж бодоод өнгөрөх болов уу?

Орчуулга гэдэг оюуны бяд шаардсан амаргүй хөдөлмөр. Ялангуяа «Улаан асрын зүүд» шиг сонгомол зохиолыг орчуулахад хятад хэл, сонгомол монгол бичгийн гүн бат мэдлэг шаардахаас гадна орчин цагийн монгол хэлний чамгүй уран чадвар шаардагдах нь мэдээж. Энэ бүх шалгуурыг давсан цагт чанартай сайн бүтээлийг олон түмэндээ хүргэх боломжтой л доо. Манай залуу орчуулагч нар сонгомол, борлуулалт сайтай бүтээлийг орчуулчихвал сайн орчуулагчийн эгнээнд орчих мэт төсөөлдөг нь үнэндээ том төөрөгдөл болой. Том юм барьж авах гэхээсээ өмнө өгүүллэг, богино шүлэг зэрэг “жижиг бүтээлийг” чанартай сайн орчуулаад сурчихвал дээшээ ахиж дэвших шатны гишгүүр байж таарна. Түүний оронд сайн борлуулалттай, сонгомол зохиолыг ямар ч туршлагагүй атлаа барьж авбал орчуулга биш «оршуулга» болоод хувирчихсан байх ч юм бил үү?

Орчуулагч, Хятад судлаач Д.Болдбаатар

Хууль л амла!

12 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.