Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 513 дотуур байранд 36 мянга гаруй хүүхэд сурч амьдарч байна. Дотуур байр гэдэг бол өдөр тутам гэрээсээ сургуульдаа явах боломжгүй манай малчдын хүүхдүүдэд зориулсан амьдрах байр юм. Энэ хичээлийн жилийн статистик тоо баримтыг харвал 120 мянга орчим малчдын хүүхэд сургуульд суралцдаг юм байна. Хэрэв дотуур байранд 36 мянга гаруй хүүхэд нь суралцдаг юм бол үлдсэн хүүхдүүд нь хаана хэрхэн амьдарч байна вэ?
Гэрээсээ өдөр бүр гурван км алхаж хичээлдээ ирж очдог нэгэн хүүгийн зураг олон улсад нилээд алдаршсаныг та бид мэдэх билээ. Ямар замаар ямар цаг агаарын нөхцөлд хэрхэн ганцаараа явж хүрдгийг хотын бид төсөөлөхөд бэрх.
Нилээд хүүхдүүд сум, аймгийн төвд хамаатан садныдаа амьдардаг юм байна. Гэхдээ энэ талаар нарийвчилсан судалгаа байхгүй гэж албаныхан хэллээ. Бас нэг хэсэг нь сумын төвд айлын хашаанд гэр барьж эсвэл тусдаа хашаа барин ахлах ангийн ах эгч нар нь дүү нартайгаа бие даан амьдардаг гэх.
Хоёр жилийн өмнө малчдын зөвлөгөөн болж нэг асуудлыг дэвшүүлж байсан нь дөнгөж сургуульд орж буй зургаан настай хүүхдээ даган эхнэр нь сумандаа амьдардаг явдал газар авсан явдал байлаа. Гэр бүлийн эхнэр нөхөр нь тусдаа амьдарч буй хэрэг шүү дээ.
Ховд аймгийн Боловсролын газраас 2013 онд судалгаа гаргасан байна. Тус аймагт 1900 хүүхэд дотуур байранд амьдардаг бол айлд амьдардаг эсвэл бие даан гэр барьж амьдардаг хүүхдийн тоо 2000-аас их байсан байна.
Би бага байхдаа хамаатныдаа зөндөө л байж үзсэн. Гэхдээ айлд байхаар гэртээ байгаа юм шиг тухтай байна гэж яавч байдаггүй. Биеэ бариад, санаа зовоод… Янз бүрийн асуудал гарлаа гэртээ байгаа хүүхэд эцэг эхтэйгээ яриад шийдчихдэг бол айлд байгаа хүүхэд өөртөө л нуугаад өнгөрнө.
Норвегийн Тусламжийн байгууллага нь Ховд аймгийн дотуур байрны хүүхдийн нийгэм сэтгэл зүйн орчин нөхцөлийг сайжруулахад анхааран ажилласаар олон жил болжээ. Тус байгууллагын мэргэжилтэн Б.Цогбаярын яриагаар сургуульд сурах эрхээ эдлэхийн тулд гэртээ амьдарч чадахгүй байгаа эдгээр бүх хүүхдүүдийн талаар судалгаа явуулж тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого зайлшгүй шаардлагатай гэж байна.
Олон улсын жишгээр хүүхэд ямар ч тохиолдолд гэр бүлдээ байх нь зөв гэж үздэг болсоор удаж байна. Гэтэл манайд сургуульдаа явахын тулд гэр бүлдээ амьдарч чадахгүй байгаа хүүхдүүдийн талаар ямар ч тоо баримт байхгүй байсаар л.
А.Уянга
87326
30230
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.