Сайдын зөвлөх С.Мөнхбатын л “шахаа” байж

2018-01-4 Нийгэм

Сүүлийн хэд хоног цахим ертөнцөөр монгол аялагч Амайгийн таван ботийг тойрсон шуугиан олон ангит кино шиг л үргэлжилж байна. Үнэн хэрэгтээ 155 сая төгрөгөөр ном шахахыг завдаж, олон түмний дүргүйцлийг хүргэсэн хэргийн эзэн нь салбарын сайд Ц.Цогзолмаагийн зөвлөх С.Мөнхбат байсан нь учгийн үзүүрт тайлагдлаа. Тэрбээр өдгөө дэд сайдын суудлыг мөрөөдөж, дээгүүр доогуур гүйдэлтэй болсон тухай ч тус яамаар хөврөх болж.

Харин тэрхүү таван боть нь МУИС-ийн нэгэн багшийнх болж таарав. Тэгэхээр газрын дарга нарын албан тушаалаа ашиглан хэдэн төгрөг гөвдөг энэ байдлыг ганц удаа ч болов илчилсэн салбарын сайдад баяр хүргэхээс яах вэ. Цаашлаад эрхэм сайд аа, эхлээд өөрийнхөө зөвлөхөөс асуудлыг тодруулаад засч залруулбал ямар вэ? Нэгэнт эхэлсэн асуудлыг тултал нь цэгцэлбэл бусад салбаруудад ч сануулга болох юм.

Болсон явдлыг эргэн сануулахад, Ц.Цогзолмаа сайд 155 сая төгрөгөөр ном шахах гэсэн газрынхаа даргын булай алхмыг илчилсэнээр энэхүү драм эхэлнэ. Түүгээр зогсохгүй ном худалдан авах санал оруулж ирэхэд нь бичгийг нь эргүүлээд нүүр рүү шидчихсэн шуугиан олны анхаарлыг татаж байгаа. Мэдээж 155 сая төгрөгөөр ном шахна гэдэг “даварсан”л хэрэг биз дээ, газрын дарга нарын хувьд.  Үүний араас 155 саяын гэх энэ ном нь дэлхийг тойрон аялж, эдүгээ өвчинд нэрвэгдээд байгаа Амайгийн ном байсан гэсэн мэдээлэл тархсан. Түүнийг дэмжихийн тулд жирийн хүмүүс өөрсдийнхөө боломжоор номыг нь худалдан авах  хөдөлгөөн өрнүүлж байхад, ганц удаа Боловсролын яам нь номыг нь худалдаж аваад сургууль болгоны номын санд түгээж, хүүхэд, залууст мэдлэг түгээхэд юу нь болохгүй байх вэ гэсэн зөвтгөл дэгдсэн. Харамсалтай нь энэ мэдээлэл нь ч ташаа байж аялагч Амай өөрийнхөө номыг БСШУЯ-нд шахах гээгүй, гэдгийг өөрөө ч, түмэн олондоо хүндлэгсэн аав нь ч хэлээдхэв. Араас нь өөрийнх нь нэр хүндийг гутаасан Ц.Цогзолмаа сайд уучлал гуйхгүй бол эмчилгээндээ орохгүй гэсэн гэх дараагийн сенсаци дэгдэв. Үлгэр үргэлжилсээр өнөөдрийн байдлаар Ц.Цогзолмаа сайд Амайгийн ном гэж хэлээгүй, Амай өөрөө буруу ойлгосон учраас Ц.Цогзолмаа сайдаас уучлал гуйж, эмчилгээгээ үргэлжлүүлэхээр боллоо.

Ямартай ч 155 саяынх гэж нэрлэгдээд байгаа ном нь Амайгийнх биш болох нь тодорхой болоод байна. Харин эрхэм сайдтны “халаас”-ны нөхөр олон сая төгрөгийн шахаа хийхийг оролдож, өвчтэй хүний сэтгэл санааг бужигнуулж суусан нь энэ ажээ. Үлгэр ийн жаргаваа гэж…

О.МӨРӨН

 

Тог тог… ХААЛГАА нээ

32 минутын өмнө

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.