Хойт дүрийн алиа салбадай болъё

2017-11-11 Нийгэм

Яагаад ингэж болохгүй гэж. Бидний энэ үе битгий хэл мань мэтээс дэндүү эрт эзэн хааны дэргэд ч бараа бологч алиа салбадай нар байсан гэдэг. Өдгөө бидний дунд ч алиа салбадайнууд зөндөө байна. Хүн өөрийнхөө гэмийг ямар мэдэх биш. Тэгэхдээ л алиа салбадайгийн дүрд муугүй сайн тоглодог хүн байна. Ялангуяа уран зохиол, дэлгэцийн урлагт салбадайгийн дүрийг харуулсан бүтээл зөндөө. Английн жүжгийн их зохиолч У.Шекспирийн “Лир вай” жүжгийн Лир вайгийн алиа салбадай, Монголын уран сайхны “Ичээнд нь” киноны Дамбийжаагийн хуурамч дүр, С.Удвалын зохиолд “Хатанбаатар” киноны гол дүрийн нэг Вандановын туслах гээд олон дүрээр салбадайнуудыг дүрслэн үзүүлсэн нь байна. Иймд алиа салбадай аль ч нийгмийн үед амь бөхтэй оршиж ирснийг зохиолчид хэв шинжит дүрээр ийн үзүүлсэн нь сэтгэлд үлджээ. Тэгвэл өнөөгийн нийгэмд, одоо бидний дунд алиа салбадай байна уу гэвэл байна. Байх, байхдаа цөөн биш олон байна. Иймээс л алиа салбадай болъё хэмээн хэлж байгаа юм. Яагаад болохгүй гэж.

Учир нь хэн нэгэн эрхтэн дархтаны цүнхийг нь барьж гүйе. Зоогийн газар аваачиж хооллоё, зуу өгье. Магадгүй нэг өдөр дээш нь татахыг хэн байг гэхэв. Эс бөгөөс нам дагаж бараадъя. Юу нь болохгүй байхав. Ал нь ч болно. Харин мөнгө хандивлах. Энэ жаахан асуудалтай ч болгохын төлөө алд биеэ зориулнаа, зориулна.

Магадгүй та өнөөх алиа салбадай болох гэсэн чин яасан бэ гэж асуух байх. Нам дагах, мөнгө хандивлах, цүнх барьж гүйх нь өнөө цагийн алиа салбадай, өмнөх цагийн хойт дүр. Ингэж л хариулах байна.

Нэг хэсэг хугацаанд цүнх барьж гүйх яамай. Мөнгө хандивлах бүр ч яамай. Нам дагах энүүхэнд. Болзол нь ч амархан юм. Юунд нь төвөгшөөх билээ. Бушуухан л хойт дүрийн алиа салбадай болъё. Ингэж чадвал алдсанаа төвөг багатай олж чадна. Дутуугаа гүйцээж чадна. Бас хэн нэгийг араасаа дагуулж өөрийн залгамжлагч алиа салбадайгаа олно, хүмүүжүүлнэ. Үе залгамжлагч хөвөрнө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.