Монголд эрүүл нийгэм байнга оршин тогтноосой

2017-11-2 Мэдээ, мэдээлэл

Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулсан мэндчилгээ

Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Хашхүүгийн Наранжаргал

Өнөөдөр 11 дүгээр сарын 02-ны өдөр. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт “Сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт үйлдлийг ял шийтгэлгүй өнгөрөөж байгаатай тэмцэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэж байна. 14 жилийн өмнө яг энэ өдөр Мали улсад ажил үүргээ гүйцэтгэж байсан Францын 2 сэтгүүлч амь насаа алдсан юм. Тэдгээр сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн НҮБ-ын Ерөнхий ассамблей 68 дахь чуулганаараа олон улсын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.

Сүүлийн 7 жил ЮНЕСКО-ийн бүртгэлээр 930 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан байдаг. Эдгээр сэтгүүлчдийн ихэнх нь дайны бус энхийн цагт ажил үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан байдаг. Харамсалтай нь эдгээр гэмт хэрэг үйлдэгсдийн 90% нь ял шийтгэлгүй өнгөрсөн байдаг. Тиймээс Засгийн газрууд, шүүх хүчний байгууллагуудын анхаарлыг хандуулах, сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн хэрэгт холбогдох гэмт этгээдүүдийг олж, шийтгэл ногдуулахыг гишүүн орнууддаа уриалсан өдөр юм.

Энэ жил бид “Аюулгүй, хамгаалагдсан, айдасгүй орчин” гэсэн уриан дор тэмдэглэж байна. Өнөөдөр монголын сэтгүүлчид, ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлчид ямар нэгэн байдлаар мэргэжлийн эрхийн зөрчлүүдтэй тулгардаг. Энэ зөрчлүүд янз бүрээр илэрдэг. Монголд байгаа хамгийн том зөрчил нь яахын аргагүй цагдан хяналт байдаг. 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар цагдан хяналтын бүх хэлбэрийг хориглосон боловч амьдрал дээр эрх зүйн цензур, эдийн засгийн цензур, өөрийн цензур маш их өндөр байдаг. Өөрийн цензур нь редакц дотор байдаг цензурээр дамжиж илэрдэг. Манай сэтгүүлчид байнгын сэтгэлзүйн дарамтад ажил үүргээ гүйцэтгэж явдаг. Энэ нь ямар нэгэн байдлаар хэн нэгэн хүнээс яриа аваад, нэвтрүүлэх тохиолдол биш юм. Нийгэмд байгаа бугшсан зүйл, буруу үйлдлүүд, авлига, хээл хахуулийг илчлэх, нийтийн хөрөнгийг завшсан гэх мэт далд байгаа мэдээ, баримтуудыг ил гаргасныхаа төлөө сэтгүүлчид маань байнга ийм эрсдэлтэй тулгарч байна.

Монгол улсад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” батлагдсан, мөн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газраас баталсан. Энэ төлөвлөгөөнд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах талаар тодорхой зүйлүүд туссан бөгөөд энэ нь амьдралд хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Түүнээс гадна, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл болон ЮНЕСКО нь Монгол улсад тодорхой зөвлөмжүүд өгсөн. Эдгээр зөвлөмжид сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол мөрдөн шалгаж, буруутай этгээдийг олж тогтоон, зохих шийтгэл оноох зэрэг зөвлөмжүүд өгсөн.

Манай байгууллагын 2005 оноос хойш хийж байгаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний мониторингийн бүртгэлд амь насаа алдсан дөрвөн сэтгүүлчийн хэрэг байдаг. Эдгээр тохиолдлын хамгийн сүүлчийнх нь талийгаач Л.Болормаагийн хэрэг юм. Дөрвөн сэтгүүлчийн амь насаа алдсан тохиолдол маш их сэжгийг араасаа дагуулж байдаг. Тийм учраас эдгээр хэргийг шаардлагатай бол дахин мөрдөх хэрэгтэй болно. Тиймээс, сэтгүүлчдэд, ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлчдэд аюулгүй, хамгаалагдсан, айдасгүй орчинд бүрдүүлэхийн тулд хамгийн түрүүнд хууль тогтоох, шийдвэр гаргах хүмүүсийн хүсэл зориг туйлын чухал. Энэ хүсэл зоригийнхоо дагуу өөрсдийн үйл ажиллагааны төлөвлөгөөг практикт нарийвчлан биелүүлнэ гэдэгт итгэж байна.

Өнөөдөр энд хуран цугларсан та бүхэндээ Монголд эрүүл нийгэм байнга оршин тогтноосой, энэ нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө, та бүхний мэдэх эрхийн төлөө, та бүхний мэдээлэлтэй байх эрхийг хангахын төлөө нойр, хоолгүй зүтгэдэг сэтгүүлчдийнхээ аюулгүй, хамгаалагдсан, айдасгүй орчинг бий болгохын төлөө бүгдээрээ хамтран тэмцье гэж уриалж байна.

Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.

Хууль л амла!

8 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.