Хүний хань

2022-03-18 Амрах агшин

 

МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг 1991 оны “Утгын чимэг” наадамд тэргүүлсэн Б.Догмид абугайн “Хүний хань” өгүүллэгийг нийтэлж байна.


Аньсага , сормуус аяндаа анилдан зүүрмэглэмээр нам гүмхэн аглаг хээр талд цагаан өвс аниргүйхэн ганхана. Аль дивангарт мартагдаж орхигдсон өнчин булшин дээр аян замын тоосонд дарагдсан элэнхий ноорхой хувцастай хижээл хар хүн нар жаргахын өмнө хүрч ирэв. Тэртээ тэнгэр, газрын савсалганд Баянбараатын хөглөгөр хөх уулс сүүмэлзэн харагдах нь санаа алдмаар сайхан. Гандаж, гундсан сэтгэлийн манан дунд зээрэн шарга морь унасан залуухан бүсгүй салхи татуулан галигуулна. “Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй” хэмээсэн араас дагаж нэхсэн халиун хонгор аялгуу бүдэг бадагхан сонсогдоно. Морины салхинд дэрвэлзэх улаан тогон алчуурын сэжүүр дороос инээмсэглэл бужигнуулсан эрх хар нүд тормолзоно. Хөлс тоос болсон хуучин муу малгайгаа тас атган, шингэрч цайсан хэдэн туг сэвлэг үсээ салхинд сэрвэлзүүлэн зогссон хижээл эр гэнэт яав гэмээр амаа эв хавгүй өмөлзүүлээд балчир хүүхэд адил хоёр гараараа нүүрээ даран хөгшин хүний гаслантай агаад өрөвдөлтэй дуугаар эхэр татан хэнгэнүүлэн уйлсан боловч нүднээс нь нулимс гарсангүй. Үхлээс бусдыг үзсэн тэр архичин эр хуурай нүдээ хатингар том гараараа нэгэнтээ шудран арчаад нулимс эс үзсэндээ өөрөө өөртөө өширхөж гомдов уу яав, нударгаа байдгаараа зангидан өгөршихөөс наахнуур болсон өтөл буурал толгойгоо хар тэнхээгээрээ шаагаад өвдсөндөө ч юм уу, эсхүл өдий болтол үхэж далд оролгүй орчлнонгийн шороо хөдөлгөж яваа үйл, лайндаа хорсч бухимдсандаа ч тэр үү цэлхэрч хавдсан галгүй нүднээс нь ганцхан дусал нулимс гарч ирээд зовхинд нь тээглэн гялтганан байснаа дуртай дургүй бөмбөрөн уналаа. Толгойгоо хар тэнхээгээрээ шааж баймаажин нулимсаа сая нэг үзэж, бага зэрэг тайвшран дотор нь уужирсан хөөрхий эр ойр хавьд хүн амьтан байх вий гэсэн шиг эл хуль аглаг хээр талыг нэгэнтээ болгоон тойруулан хараад шувуу ч эс үзэгдсэнд санаа амран сөхрөн сууж, Үүргэвчээ задлан нэгэн шил самгоон хэмээх нэрмэл архи гарган бөглөөг нв аваад хамартаа болгоомжтойхон ойртуулж гүн амьсгал татсанаа түүний мансуурам сайхан үнэрт нүд нь гэрэлтэн магнайн үрчлээ нь тэнийгээд явчихлаа.

Даруулга, давс ч үгүй тэр хүн сурсан зангаараа лонхны амыг ханцуйгаараа ёс төдий хальтхан арчмаар болоод бяцхан зүрхшээсэн янзтай дээш өргөн нэг сүрхий харснаа шилээр нь гуд гуд залгилаа.

Тэгээд гарынхаа араар амаа даран, оршуулгын газрын шороо чулууг нүдээрээ бүртгэр мэт хэсэгхэн зуур чимээгүй газар ширтэн сууснаа босч булшны толгой дээр босгосон боржигон чулуун дээр хичээнгүйлэн сийлсэн “Дэнсмаа” хэмээх нэрийг бичиг Үсэг тайлагдаагүй хүний харцаар үсэглэн ядан уншсанаа:
– Дэнсмаа минь, намайгаа уучлаарай!
Шоронд ороод чам дээрээ бүтэн таван жил ирж чадсангүй. Хоёр нарны хооронд хуяг, тахаруудын бууны ам жадны үзүүрт туугдан нуруугаа бөгтөр болтол жонш үүрлээ. Яаж ч ядарч зүдэрч явсан хүний хань гэдэг улаан гол тасартал мартагддагүй юм байна. Ямар сайндаа шоронгоос үнэн гарав уу үгүй юу ах дүүтэйгээ уулзаж хувцсаа ч сольж амжилгүй наашаа зүтгэж ирэхэв дээ. Худлаа гэвэд хорих газраас суллагдсан тамгатай бичиг энэ байна. Үүний он сарыг хар ! гэснээ салганасан ясархаг гараараа булшны чулууг энхрийлэн илж
– Энэ хорвоо дээр чамаас минь надад үлдсэн юи ердөө л энэ тохойн чинээхэн амьгүй хүйтэн чулуу….
Ээ элий халаг минь гэж дуу алдаад уйлах нь уу гэмээр нүүрээ эв хавгүй
үрчийлгэснээ:
– Би чинь төрд дансгүй шахам нэг муу ядарсан архичин. Нүд анихын цагт хажуу бөөрөнд чинь ирж хэвтвэл дээдийн заяа тэр биз. Гэвч хаана тэнэж яваад үхэхийг бүү мэд.
Дэнсмаа минь! Чамаасаа хойш би нар үзсэнгүй, жаргал гээчийг
амссангүй . Муу өвгөн чинь энэ хараал шүгэлсэн бачуу давчуухан хорвоо дээр ганцаардаж гүйцлээ. Ингэж амьд явснаас түргэхэн шиг төрөл арилжиж чинийхээ хойноос очих минь гэж өгүүлснээ үлдсэн архиа шүүрэн авч нэг амиар хөнтрөөд шилийг чулуудан халааснаасаа үнгэгдсэн цаасан тамхиа гаргаж асаалаа.
Өл хоолгүй, аяншиж ядарсан тэр эрийн толгойд хатуу архины ааг, охь хоромхон зуур гарч, ад тийрэнгийн бүжиг цам л ийм догшин байдаг болов уу гэлтэй буцалмал халуун аялгуу хамаг цусаар нь дамжин цовхчин гүйнэ.

Дуулъя гэтэл уйлмаар, уйлъя гэтэл дуулмаар адтай муухай согтож байлаа. Газар тэнгэр хоёрыг ялгахгүй болтлоо согтсон тэр хүн аль хэдийнээ ухаан тавьсан бололтой булшны чулууг яг л хүн шиг хүзүүдэн тэвэрч:
– Чи яасан хүний зовлон мэддэгүй хатуу цэвдэг чулуу вэ. Би чамайг арай ч ийм гэж санасангүй. Бороо, нулимс хоёрыг ялгахгүй ийм хөлдүү сэтгэлтэйг чинь мэдсэн бол би чамайг тэр газраас чирэн ирж Дэнсмаагийнхаа толгой дээр яалаа гэж тавихав дээ. Чамаас шал өөр, илчтэй гэрэлтэй, өр зөөлөн өөхөн цагаан чулуу авчирч босгох байсан юм. Ээ тэнэг толгой хэмээн агсагнан хашгирлаа.

Согтуу хүний бахардаж цухалдсан тэр сөөнгөдүү хахир дуунд үдшийн бор гэгээн дор амар жимэр зүүрмэглэн байсан их тал цочрон нэгэнтээ дайвасхийгээд тогтов. Ноорхой хувцастыг бүүр түүрхэн ухаан ороход түүний өмнө хөх дэлэн нь сэрийсэн нэг өлөгчин чоно хүрээд ирчихсэн гэрийн нохой адил сүүлээ шарвалзуулан зогсож байлаа. Согтуу эр гэнэт чоно үзээд бяцхан цочисхийж тарж бутарсан ухаанаа цуглуулахыг хичээн, өрөөсөн нүдээ анхин байж хараагаа нарийсган түүнийг харлаа. Араа шүдтэй зэрлэг амьтан хирнээ хачин танил, дулаахан харцаар өөдөөс ширтэх нь гайхавч баршгүй. “ энэ чинь хүн үү, аратан уу” гэж бодох зуур мөнөөхөн өлөгчин чонын нүд гэв гэнэт талийгаачийнх нь нүдээр солигдон, хүн хүнийхээс том нэгэн дусал нулимс унагаагаад энэ яваа насандаа мартагдамгүй өрөвдөлтэй дуугаар гаслан улив. Дээр сартай доор газартай бөгөөтөл мөр, сүүдэргүй тэр хачин амьтныг харсан ганц бие эр харамсахдаа гэнэт ухасхийн босоод:
– Шоронд орсон адгийн шаар би чоно болоогүй байхад, шороон дор орсон хөөрхий чи минь яахаараа чоно болчихдог билээ гэж нэгэнтээ халаглан хашгираад толгойгоо тэврэн сөхрөн уналаа.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.