ЗАГВАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ЗАМНАЛ

2020-04-28 Энтертайнмент

Загварын ертөнц бол энгийн агуу хоёр нэгдэн цогцолсон маш өвөрмөц орон зай. Балар эртний хүмүүсийн хад чулуун дээр сийлсэн янз бүрийн дүрс, тамга, сийлбэр зэрэг нь урлагийн анхдагч бүтээл үүсэх суурь нь болсон байдаг. Мэдээж хэрэг тэд тухайн үеийн бодит ахуй болох амьтны дүрс хийгээд өөрсдийн сүсэг бишрэлтэй холбоотой зүйлсийг урласан байдаг. Хамгийн эртний урлагийн бүтээл болох хээ угалз нь байгалийн сайхныг өдөр тутмын ахуй байдалдаа тусгаж хадгалах гэсэн тухайн үеийн хүмүүсийн гоо сайхны сэтгэлгээний үр дүнд үүссэн урлагийн нэн эртний өвөрмөц үзэгдэл гэж хүртэл үздэг байна.

Ингээд энэ салбарын хөгжил ямар менежмент, чиг хандлагаар өнөөг хүрсэн сонирхолтой нийтлэлийг хүргэе.

Үе үеийн ноёрхол, онцлог XIX зуунд зөөлөн гоёмсог хэрнээ жинхэнэ язгууртны тансаг уур амьсгал ноёрхож байсан ч хувцас загвар болон өнгөнд удаан хадгалагдаж чадаагүй бол XX зуунд эмэгтэйчүүдийн хүсэн хүлээж байсан гоё дэгжин, тод өнгөтэй хээ загвар хүч түрэн орж иржээ. Ингэснээр хувцасны даавуунд хэвлэлийн машиныг өргөнөөр ашиглах боллоо. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмжийн шинэчлэл загварын салбарыг тодорхойлохгол чиг хандлага болж байлаа.

Харин 1950-иад оноос даавууны хээгээр гэгээлэг, өөдрөг, хөгжилтэй уур амьсгал илэрхийлэх тэр чиг хандлага өөрчлөгдөж даашинз, юбканд судалтай, цэцэгтэй, дөрвөлжин хээнүүд зонхилох болжээ. Тэр үеийн Италийн загвар зохион бүтээгч Эмилио Пуччи /Emilio Pucci/ жигд тод, өнгөлөг, хуйларсан мэт хээг торго болон нэхмэл даавуун дээр буулган зах зээлд нэвтрүүлсэн ба энэ тухайгаа “Миний энэ загварууд тасралтгүй хөгжсөөр байх болно. Учир нь тэд байр сууриа нэгэнт олсон” гэж хэлсэн байдаг. Тэгвэл жараад онд Yves Saint Laurent олон өнгийн судалтай, цэцэгтэй загваруудыг нэвтрүүлж Pop ба Op хээ бүхий даавуугаар хувцас хийх болсон нь тэр үеийн залуусыг байлдан дагууллаа. Ийнхүү арваад жил ноёрхож байсан хиппи урсгалууд байраа тавьж өгч, алс дорнодоос Patchwork, Tiedye, Paisley даавууны хээнүүд хүч түрэн орж иржээ. Ossie Clark-ын өөгүй мэт торгон, завсрын цайвар өнгийн атласан загвар, Zandra Rhodes-ийн Art Deco-той хамтарсан өөрийнх нь нэр бүхий долгиолсон хээтэй загвар гэх мэт нь загварын чиг хандлагад өөрийн гэсэн орон зайг бий болгосон байдаг.

Улмаар 1987 онд Christian Lacroix шинэ загварынхаа нээлтэнд зориулан өөрийнхөө нэрийг маш гоёор дүрсэлсэн гарын үсэгтэй гялгар шүр сувд, хатгамлаар чимэглэсэн даавууны хээг бүтээлээ. Мөн энэ үед Gianni Vercace-гийн барокко ба византын маягийн хар болон атласан даавуун загвар хүмүүсийн сэтгэлд үнэхээр их нийцэж байв. Шинэчлэл – Хөгжил Аливаа салбарт шинэчлэл бий болсноор хөгжлийг авчирдаг. Тэгвэл загварын ертөнцийн шинэчлэл нь үе үеийн загвар зохион бүтээгчдийн шинэ санааг өвөрмөцөөр тусгаж урласан бүтээлүүдэд оршдог гэж хэлж болно. Тухайлбал, Viktor & Rolf, Moschino, Martin Margiela-гийн загварууд нь гудамжны графит хээг хувцсанд ашигласнаар дизайнеруудын сэтгэлгээнд цочрол өгч чадсан бол 1983 онд Keith Haring-ийн даавууны хээг Vivienne Westwood ашиглаж Stephen Sprouse,Mark Jacobs нартай хамтран бидний сайн мэдэх Louis Vuitton-ий цүнх, чемодан дээр графит урсгалыг оруулсан байна. Энэ үйл явц тэр үеийн хэвлэл мэдээллийн сенсаацийн гол бай болж байв. /Pic-4, 5/.

Бүр сүүлд буюу 2007 онд Roger Highfield “Дээдсийн тансаг брэндэд гудамжны энгийн санааг нэвтрүүллээ” хэмээн энэ талаар уулга алдсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь хэний ч анхаарал татамгүй энгийн зүйлээс ч загварын шинэлэг санаа төрж болдгийг харуулж байна. Монголчуудын нэгэнт мэддэг болсон Primark, H&M, Topshop зэрэг үнэ хямд хэрнээ борлуулалтаараа дээгүүрт ордог өдөр тутмын хувцасны брэндүүд байдаг. Идэж уух хэрэглээтэй зэрэгцэн хүн бүр л хувцас худалдан авдаг. Мэдээж тэд хямд үнийг чухалчилдаг.

Харин энэ хэрээр даавууны зарцуулалт ихсэж, тоо томшгүй олон хувцас хогийн саванд хэвтэх аюул бий болж буй бөгөөд ийм байдал нь магадгүй дэлхийн хямралыг авчрахыг үгүйсгэхгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Нэг удаагийн хувцас Жараад оны залуусын даруухан заншлыг халсан том өөрчлөлт бол нэг удаа өмсөөд хаях зориулалттай материалаар хийгдсэн хувцас байлаа. Маш их шуугиан тарьсан энэ хандлага нь хүмүүсийн хуучинсаг сэтгэлгээг халснаас гадна цаасан хувцасны үйлдвэрлэлийн зах зээлийг бий болгосноороо үнэхээр сонирхолтой менежментэд тооцогддог. Tyvek хэмээн нэрлэгдэх гадуур болон дотуур хувцасны синтетик материал нь жараад оныхны имиж болж байсан гэхэд хилсдэхгүй. Энэ шинэчлэлтэй зэрэгцэн дизайнер Dispo цаасан хувцсанд давалгааны эргэлдэж дугуйрсан хээг санаачилсан нь тун ч өвөрмөц байлаа. Энэ үеийн бас нэг шинэлэг зүйл нь урлагийн бүтээлүүд болон шүлэг зохиолыг цаасан хувцасны хээ болгон ашиглах болов. Цаасан даашинз нь хайчлахад амар, бас өргөн энтэй учир хүссэн хэлбэрээр эсгэж болдог нь янз бүрийн шинэчлэлийг тусгахад хялбар байсан байж магадгүй юм.

Ямар ч зүйлд сул тал байдаг шиг нэг удаагийн материалаар хийсэн хувцаснууд нь дээд тал нь 5 үдэш клубт бүжиглэхэд л элэгдээд дуусдаг байв. Төд удалгүй ус нэвтрүүлдэггүй цаас бий болж усны хувцас, борооны цув, тэр ч бүү хэл хуримын даашинз хүртэл бий боллоо. Ерээд оноос загвар зохион бүтээгч Issey Miyake-ийн загваруудад II зэргийн дахин боловсруулсан цаасан материалаар маш энгийн загваруудыг урлаж эхэлсэн бол 2008 онд зохион бүтээгч Helen Storey ид шидийн гэмээр шинэчлэлийг загварын ертөнцөд авчирлаа. Тэрбээр поливинилийн спиртийг устай урвалд оруулан пластик материал гарган авсан нь нэг удаагийн хувцсанд бол нээлт болохоор зүйл байв. Энэ нь нийгэм рүү хандсан өвөрмөц хэв шинжийг агуулсан бүтээл болсноороо загварын түүхэнд үлдэж чадсан байна.

Б.Хурц

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.