Хүүхдийн эрх хурдан морины эздийн эрх ашгаас дээгүүр байх ёстой

1 цагийн өмнө slider

Өвөл, хаврын морин уралдаанд хүүхэд оролцуулахыг хориглосон шийдвэрийг хууль тогтоох замаар тойрч гарах оролдлого эхэлсэн нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг дахин сөхөхөд хүргэж байна.

Монголчуудын өв соёл, үндэсний уламжлалын нэгэн чухал хэсэг бол хурдан морины уралдаан. Гэвч уламжлал нэрийн дор хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сурч боловсрох эрхийг эрсдэлд оруулахыг зөвтгөж болохгүй.

Сүүлийн үед Ухнаагийн Отгонбаяр тэргүүтэй нэр бүхий гишүүд хаврын морин уралдаанд хүүхэд оролцуулахыг зөвшөөрөх агуулгатай хуулийн төсөл санаачилсан гэх мэдээлэл гарч байна. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр гарсан шийдвэрүүдийг хууль тогтоох замаар сулруулах гэсэн оролдлого мөн эсэхэд олон нийт анхаарлаа хандуулах шаардлагатай.

Уг нь Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, Засгийн газраас жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд морин уралдаанд хүүхэд оролцуулахыг хориглосон. Энэ шийдвэр ямар нэг шалтгаангүй гараагүй. Өвөл, хаврын цаг агаарын эрс тэс нөхцөлд хурдан морь унах нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг. Мөн осол гэмтэлд өртөхөөс гадна хичээл сургууль завсардах, сурч боловсрох эрх нь хязгаарлагдах зэрэг олон сөрөг үр дагавартай.

Тэгвэл энэ бүх эрсдэлийг мэдсээр байж хоригийг сулруулах шаардлага юунд байна вэ? Үндэсний өв соёлоо хамгаалах нэрийн дор хэний эрх ашгийг хамгаалах гээд байна вэ?

Энд нэг асуултыг хуулийн төсөл санаачлагчид болон хүүхдийг хаврын уралдаанд оролцуулахыг дэмжиж буй хурдан морины эздэд тавимаар байна.

Та бүхэн өөрсдийн төрсөн хүүхэд, ач зээ нараа өвлийн хүйтэн, хаврын салхи шуурганд хурдан морь унуулж, амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулах уу?

Мэдээж үгүй байх. Тэгвэл бусдын хүүхдийг яагаад ийм эрсдэлд оруулах ёстой гэж?

Хүүхдийн эрхийг хамгаалах асуудал баян, ядуу, малчин, малчин бус, хурдан морины эзний хүүхэд, бусдын хүүхэд гэж ялгаатай байж болохгүй. Хүүхэд бүр аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах ижил эрхтэй.

Морин уралдаан бол Монголын өв соёл мөн. Гэхдээ өв соёл гэдэг хүүхдийн амь нас, ирээдүйгээр хэмжигдэх зүйл биш. Уламжлалаа хадгалж үлдэхийн зэрэгцээ хүний эрх, ялангуяа хүүхдийн эрхийг дээдэлдэг байх нь орчин цагийн Монголын төрийн үүрэг юм.

Хууль тогтоогчид хэн нэгний бизнес, ашиг сонирхол, уралдаан зохион байгуулах эрх ашгийг бус, нийт хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах нөхцөлийг хуульчлан зөвшөөрөх нь төрийн үүрэг биш. Харин тийм эрсдэлээс хүүхдийг хамгаалах нь төрийн үндсэн үүрэг мөн.

Өнөөдөр төр хүүхдийнхээ эрхийг хамгаалахгүй бол маргааш хэн хамгаалах вэ?

Хурдан морины хурд, уралдааны шагнал, эзний нэр хүндээс хүүхдийн амь нас илүү үнэ цэнтэй.

Өв соёлоо хамгаалъя. Гэхдээ хүүхдээ золиосолж биш!

Монголын төр хүүхдийн эрхийн талд бат зогсох ёстой. 

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.