Түгшүүрийн дохио: Сүйрлийн “3.5 их наяд”-ын хувилбар

2 цагийн өмнө slider

 

Улсын төсөвт яаралтай мэс засал хийж, зардлаа танахгүй бол оны эцэст төсвийн алдагдал 3.5 их наяд төгрөгт хүрч, макро эдийн засагт гүнзгий хямрал нүүрлэх бодит эрсдэл үүсэхээр байгааг салбарынхан дуу нэгтэй хэлж байна.

Тиймээс энэхүү эрсдэлтэй хувилбараас сэргийлэхийн тулд Засгийн газраас 1.4 их наяд төгрөгийн урсгал зардлыг хэмнэх 2026 оны улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн бариад байна. Төсвийн гүйцэтгэлээр алдагдал хэдийн 2.4 их наяд төгрөг давж, орлогын тасалдал даамжирч байгаа энэ үед төр бүсээ чангалах зайлшгүй шаардлага тулгарчээ. Эдийн засагчдын анхааруулж буйгаар дэлхийн зах зээл дэх геополитикийн тодорхойгүй байдал, гадаад худалдааны сааралт нь төсвийн орлогод сөргөөр нөлөөлж байгаа ч гол асуудал нь төрийн данхар бүтэц, урсгал зардал хяналтаас гарсанд оршиж байна. Хэрэв тодотголыг яаралтай батлахгүй бол оны хоёрдугаар хагаст төсвийн нүх улам томорч, төгрөгийн ханш сулрах, инфляц хөөрөгдөх гол өдөөгч болох юм.

Сөрөг хүчин болон зарим шинжээчдийн зүгээс одоо оруулж ирж буй хэмнэлтийг ч хангалтгүй бөгөөд төсвийн алдагдлыг бүрмөсөн тэгэлж, зардлаа илүү зоригтой танах ёстой гэж шүүмжилсээр байна.

Засгийн газраас өргөн барьсан тодотголын төсөлд яамд, агентлагуудын үр дүнгүй урсгал зардал, элдэв тэтгэмж, шагнал урамшуулал, гадаад дотоод томилолт, баяр ёслол, цаас, тавилга худалдан авалт зэрэг зардлуудыг бүрэн хумихаар тусгасан юм. Үүний зэрэгцээ төрийн өмчит компаниудаас төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 1.6 их наяд төгрөгт хүргэж орлогыг нөхөх бөгөөд хэмнэсэн мөнгийг 6 үндсэн чиглэлд зарцуулахаар тооцжээ. Үүнд 435 мянган ахмад настанд суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн өсөлтийг 50 хувьд хүргэж жигдрэхэд 166.3 тэрбум төгрөг, мөн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 50 тэрбум төгрөг тус тус зориулахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн өрхийн төсвийг үнийн өсөлтөөс хамгаалж мах, улаанбуудай, хүнсний ногооны стратегийн нөөцийг тогтворжуулахад 150 тэрбум төгрөг гаргах бөгөөд эрчим хүчний найдвартай байдлыг хангах, гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулахад үлдсэн эх үүсвэрийг хуваарилахаар тусгажээ. Энэхүү төсвийн тодотгол бол зүгээр нэг тооны хөдөлгөөн биш, харин 3.5 их наядын алдагдал гэдэг эдийн засгийн ангал руу унах уу, эсвэл төр бүсээ чангалаад иргэдийнхээ бодит орлогыг хамгаалж үлдэх үү гэдэг сонголтын зааг дээр ирснийг харуулж байна. Цаашид төсвийн сахилга батыг хуульчлан чангалахгүй бол жил бүр хийдэг “тодотгол” нэртэй гал унтраах арга хэмжээ урт хугацааны тогтвортой байдлыг авчирч чадахгүй тул парламентаас илүү далайцтай бүтцийн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай юм.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.