Ц.Магалжав: Иргэд нэгийн давааны барилдааныг энэ сарын 10-нд үнэ төлбөргүй үзнэ

5 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Бүртгэл өнөөдөр өглөө эхэлсэн. Одоогоор 260 гаруй бөх бүртгүүлээд байна. Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн асуудлыг маргааш гэхэд эцэлэн шийднэ. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допинг илэрсэнтэй бол маргахгүй, харин процессын алдаа гаргасан гэж гомдол гаргасныг арбитрын шүүх хангаж ажилласан. Гэхдээ энэ жилийн баяр наадмаар барилдуулахгүй.

Шүүхийн маргааныг эцэслэн шийдээгүй байгаа. Мөн допингийн байгууллагаас барилдуул гэсэн санал ирээгүй. М.Бадарч гардийн хувьд дөрвөн жилээр эрхийг нь хассан тогтоол нь хэвээрээ үйлчилж байгаа. Тиймээс барилдуулахгүй.

Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бол бүх аймаг, сумын наадам нэгэн зэрэг болох ёстой. Гэтэл нөгөө талаас аймаг, сумын Засаг дарга нар наадмынхаа товыг тогтооно гээд заачихсан байдаг. Үүнийг үндэслэн зарим сумын наадмыг зургаадугаар сарын 30, долдугаар сарын 1-ний үеэр товлоод байгаа. Одоогийн байдлаар нэг дархан аварга, 16 улсын цолтон, 240 гаруй аймаг, цэргийн цолтой бөх нийт 260 гаруй хүн бүртгүүлээд байна. Энэ жил Адууны баяртай холбоотойгоор найман аймгийн наадмыг долдугаар сарын 9-нд зохион байгуулах тов гарсан. Урьдчилсан бүртгэлээс үзэхэд 500 гаруй сумын цолтон барилдахаар байгаа тул цэрэг багтахгүй байх магадлалтай. Тэгш ой тохиож байгаатай холбогдуулан монгол туургатнуудаас бөхчүүд ирж барилдах хүсэлтээ өгөөд буй. Тувагаас хоёр, Өвөрмонголоос дөрвөн бөх барилдах хүсэлтээ өгсөн. Одоогоор барилдуулах эсэхийг эцэслэн шийдээгүй. Цолтой бөхчүүд хангалттай их байгаа тул цэргүүдээс барилдуулах боломжгүй. Үндэсний бөхийн барилдааны нэгийн давааг энэ сарын 10-д эхлүүлэхээр албан ёсоор товлосон. Нэгийн давааны барилдааныг бөх сонирхогчид үнэ төлбөргүй үзэх боломжтой. Харин хоёр, гурвын давааг наадмын нээлтийн дараа явуулна. Дөрвийн даваанаас хойших барилдаан наадмын хаалтын өдөр буюу 12-нд үргэлжилнэ” гэв.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.