
Сүүлийн өдрүүдэд төрийн өмчит компаниудын удирдлагуудын цалин, урамшууллын талаарх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд орж байна. Энэ нь зөвхөн нэг байгууллагын асуудал биш, харин төрийн өмчийн засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог бүхэлд нь хөндөж буй чухал сэдэв юм.
Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэнгийн удирдлага дор хийж буй шалгалт, аудитын үр дүнд өмнө нь “дотоод мэдээлэл”, “нууц” гэх тайлбараар хаалттай байсан зарим мэдээлэл олон нийтэд ил болж эхэллээ. Тэр дундаа төрийн өмчит компанийн удирдлагуудын цалин, нэмэгдэл, урамшууллын хэмжээ анх удаа нээлттэй яригдаж байгаа нь анхаарал татаж байна.
Урьд нь төрийн өмчит компаниудын захирлуудын цалин хэд вэ гэдэг асуултад тодорхой хариулт авах бараг боломжгүй байсан. “Байгууллагын дотоод мэдээлэл”, “хувийн мэдээлэл” гэх шалтгаанаар мэдээллийг нууцалдаг жишиг тогтсон байлаа. Харин эдгээр байгууллагуудын үйл ажиллагаа татвар төлөгчдийн мөнгө, төрийн өмч дээр тулгуурлаж байгаа учраас олон нийт мэдээлэл авах эрхтэй гэсэн байр суурь улам хүчтэй болж байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр төрийн өмчит, өмчийн оролцоотой 102 хуулийн этгээдэд нийт 46327 ажилтантай бөгөөд 2,548,011,6 /2,5 их наяд/ сая төгрөг байна. Үүнээс дээд шатны албан тушаалтан 349 бөгөөд тэдний цалин 34,530.1 /35,5 тэрбум/ сая төгрөг байгаа юм.
Төрийн өмчит компаниудын удирдлагууд өндөр цалин хөлстэй нь дээрх шалгалтаар ил болж буй ч хариуцлага гэдэг зүйл орхигдсон нь мөн л илчлэгдэж байна. Учир нь төрийн өмчит, өмчийн оролцоотой 102 хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны жилийн орлогыг 12 сард харьцуулан шинжилгээ хийхэд 40 хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны нэг сарын орлого 10 сая төгрөгөөс дээш байна. Эсрэгээрээ эдгээр 10 компаниас 7 нь санхүүгийн зөрчилтэй дүгнэлт гарсан бол гурав нь санхүүгийн тайлан ямар нэг өөрчлөлтгүй гэж гарчээ. Тиймээс төрийн албаныхны цалин ямар үндэслэлээр тогтоогдсон, ямар шалгуур үзүүлэлтээр үнэлэгдэж байгаа, үр дүнтэйгээ хэрхэн уялдаж байгаа нь ил тод байх ёстой. Тэгээд ч ил тод байдал нь өөрөө хардлага, эргэлзээг багасгаж, төрийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлдэг.
Өөрөөр хэлбэл, нэгэнт нэг байгууллагын мэдээлэл нийтэд ил болсон бол бусад төрийн өмчит компаниудад ч адилхан зарчим үйлчлэх ёстой. Эрчим хүч, уул уурхай, төмөр зам, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг төрийн өмчит бүх аж ахуйн нэгжийн удирдлагуудын цалин, урамшуулал, гүйцэтгэлийн үнэлгээ жил бүр нээлттэй тайлагнадаг тогтолцоог бий болгох шаардлага байгааг олон нийт онцолж байна.
Энэ нь хувь хүнийг онилох асуудал биш. Харин төрийн өмчийг хэрхэн удирдаж байгаа, төсөв болон төрийн өмчийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаарх иргэдийн мэдэх эрхийн асуудал юм.
Ил тод байдал бол хэн нэгнийг буруутгах хэрэгсэл биш, харин хариуцлагатай засаглалыг бий болгох хамгийн чухал үндэс. Тиймээс өнөөдөр эхэлсэн энэ жишиг зөвхөн нэг байгууллагаар хязгаарлагдах бус, төрийн өмчит бүх компанид ижил зарчмаар хэрэгжих нь шударга бөгөөд зөв алхам болох юм.
Төрийн өмч бол ард түмний өмч. Тиймээс түүнийг удирдаж буй албан тушаалтнуудын цалин, урамшуулал ч олон нийтэд ил тод байх нь зүй ёсны шаардлага билээ.
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
4 цагийн өмнө
2026-06-23
2026-06-22
2026-06-22
2026-06-19
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.