Ховд аймгийн Булган, Үенч суманд бүртгэгдсэн малын гоц халдварт шүлхий өвчний тархалттай холбоотойгоор одоогийн байдлаар 318 малыг устгалд оруулжээ. Аймгийн Мал эмнэлгийн газрын мэдээлснээр зургаадугаар сарын 7-ны байдлаар өвчилсөн болон өвчний шинж тэмдэг илэрсэн малын тоо 411-д хүрсэн байна.
Тодруулбал, Булган, Үенч сумын нийт найман голомтод 39 өрхийн малд өвчний шинж тэмдэг илэрсэн байна.
Өвчний голомтыг хумих, халдварын тархалтыг зогсоох зорилгоор нийт 318 малыг устгалд оруулсны 61 нь Булган суманд, 257 нь Үенч суманд хамаарч байгаа аж.
Албаныхны мэдээлснээр Үенч суманд шинээр өвчлөл бүртгэгдээгүй байна. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын гишүүд газар дээр нь ажиллаж, Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сумдын эрсдэлтэй бүсэд хамгаалалтын дэглэм тогтоожээ. Одоогоор Мөст сумын Бодончийн хавцал, Их Улаан даваа, Мараатын хөтөл, Мөнххайрхан сумын Хужиртын шураг модны хөтөл, Сайхны хөтөл зэрэг газарт хамгаалалтын бүс байгуулан хяналт тавьж байгаа юм. Малын гоц халдварт шүлхий өвчний САТ-1 хэвшил нь хурдан тархах эрсдэлтэй тул халдварын голомтод устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлж байна. Иймд иргэд өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн малыг нэн даруй холбогдох байгууллагад мэдэгдэж, устгал болон хариу арга хэмжээнд хамтран оролцохыг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
2026-06-4
2026-06-4
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.