ТОСК-ын нэрийг барьж “орон сууцанд оруулж өгнө” хэмээн иргэдийг залилах тохиолдол гарч байна

2 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Сүүлийн үед “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэрийг ашиглан орон сууцанд хамруулна, байр захиалгаар олгоно, бүртгэлд оруулна гэх мэт худал мэдээлэл тарааж, иргэдийг залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байгааг тус байгууллагаас анхаарууллаа.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь хууль тогтоомж, холбогдох журмын хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр хамрагдах боломжгүй гэдгийг онцолсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-ын 1.4-т төрийн өмчийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл болон сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд сул орон сууц гарсан тохиолдол бүрд журмын дагуу сонгон шалгаруулалт явуулахаар заасан байдаг.

Иймээс одоогийн байдлаар иргэдийн бүртгэл эхэлсэн ямар нэгэн төсөл, хөтөлбөр байхгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.

Харин хэрэгжиж буй төслүүдийн хувьд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд хэрэгжиж буй “Ногоон нуур-1008” төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа бөгөөд одоогоор барилга байгууламжийг хүлээн авах, хүлээлгэн өгөх шатандаа явж байна.

Мөн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй “Солонго-1”, “Солонго-2” төслүүд одоогоор ашиглалтад ороогүй байгаа аж.

Эдгээр төслийн орон сууц ашиглалтад бүрэн орж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлэх юм байна.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.