Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт гадаад улсын иргэн Ч.Ю, Ю.Ш нар нь санаатай нэгдэж гадаад улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай нэр бүхий компанийн 74 хувийн хувьцааг хуурамч баримт бичиг ашиглан нэр дээрээ шилжүүлэн авч, бусдад 694,4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ЧД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Дээрх иргэдийн хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 48,905 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 1,751 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 987 хэрэг шинээр нээж, 518 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Тухайлбал, В.М, Г.М нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн болон бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийн албан татварын ногдлыг бууруулан тооцож, бүртгэл үүсгэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Мөн М.Д, Т.Б, О.С нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа судалгааны мэдээлэл цуглуулах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллахдаа ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн байна.
Улмаар нэр бүхий компанийг шалгаруулж, 130 сая төгрөгийг төсөвт өртөг бүхий гэрээ байгуулан бусдад давуу байдал бий болгосон, хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Ц.П нь Эрүүл мэндийн сайдын 2025 оны аравдугаар сарын 27-ны өдрийн А/408 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтаагүй, НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын IV жагсаалтад багтсан нэр бүхий эмийг хууль бусаар худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1 /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импорлох-ханган нийлүүлэх, худалдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,
– А.Ж нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг “өвс” гэх нэршилтэй олсны ургамлыг түүж бэлтгэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
– Э.Н нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг синтетик каннабинойдийн бүлэгт багтах бодисын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар, Н.Х, Э.М, О.Ц нар нь дээрх төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн гэж Прокурорын байгууллагаас мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 217, Өмчлөх эрхийн эсрэг 125, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 108, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 14, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 7, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 6, Авлигын эсрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг хоёр, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг нэг хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлджээ.
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
2026-02-26
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.