Мансууруулах бодис хадгалж, түгээсэн байж болзошгүй иргэнийг шалгаж байна

4 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Цагдаагийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сарын 1–2-ны өдрүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нийслэлийн нэгэн дүүргийн … дугаар хороо, … тоотод оршин суух иргэн С-ийн биед болон орон байранд үзлэг хийж, метамфетамины агууламжтай, олон нийтэд “мөс” хэмээн нэрлэгддэг бодис илрүүлэн хураан авчээ. Тодруулбал, тухайн иргэний биед 0.4 грамм, орон байраас нь 5 грамм уг бодис, түүнийг хэрэглэхэд ашигладаг хэрэглүүр, цахилгаан жин, зиплок түгжээтэй уут бүхий шингэн эм хадгалах сав зэрэг эд зүйлс илэрч, эд мөрийн баримтаар тус тус хураан авсан бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Улсын хэмжээнд 2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой нийт 307 гэмт хэрэг бүртгэгдэж, 256 иргэн яллагдагчаар татагджээ.

Дээр дурдсан метамфетамин нь хүний сэтгэл зүй, зан авирт богино хугацаанд хүчтэй нөлөөлж, хэрэглэгчийг хяналтаа алдах, түрэмгий авир гаргах, улмаар өөрийгөө болон бусдыг хорлох эрсдэлд хүргэдэг онцлогтой.

Анхандаа “түр зуурын сонирхол”, “ганц удаагийн хэрэглээ” мэт санагддаг ч цаашлаад донтох, эрүүл мэндээ алдах, нийгмээс тусгаарлагдах зам руу хөтөлдөг. Иймээс мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг зөвхөн хууль зөрчсөн нэг этгээдэд хариуцлага тооцох асуудлаар хязгаарлах боломжгүй бөгөөд энэ нь нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм. Сүүлийн жилүүдэд хууль сахиулах байгууллагууд илрүүлэлт, шалгалтыг эрчимжүүлж байгаа ч зөвхөн баривчилгаа, шийтгэлээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй. Тиймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх асуудлыг “хэн нэгний сонголтын асуудал” гэж үл тоох бус, төр, иргэн, гэр бүл хамтдаа анхаарч, бодитой арга хэмжээ авах шаардлага улам бүр тулгарч байна.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.