
Тэртээх 1986 оноос урлагт дурласан, дуу дуулах хүсэлтэй 16-хан настай бяцхан охин “Мөнгөн харандаа” хамтлагт ангийн охинтойгоо “Модерн Токинг”, “Битлз”-ийн дуунуудыг дуулдаг байж. Эндээс л түүний урлагийн замнал эхэлсэн байдаг. Тэрбээр өдгөө эстрад, рок попын тайзнаа тасралтгүй 40 жил дуулж, ард түмний хүндэтгэлийг хүлээсэн хайртай дуучин нь болжээ. Мэдээж монголын тайзнаа тасралтгүй 40 жил дуулна гэдэг амаргүй. Харин энэ бүхнийг чимээгүйхэн, даруухнаар, дуу хоолойгоороо баталсаар ирсэн эрхэм бол МУГЖ, поп дива, зууны манлай дуучин Б.Сарантуяа юм.
Тэрбээр Улаанбаатар хотод 1970 оны дөрөвдүгээр сарын 20-нд монгол аав, якут ээжийн хоёр дахь охин болж мэндэлсэн. Улмаар Нийслэлийн орос хэлний тусгай 23-р дунд сургуульд 1-р ангид элсэн орсон ч дунд сургуулиа тухайн үеийн Зөвлөлтийн хүүхдүүд суралцдаг байсан 9-р сургуулийг дүүргэсэн бөгөөд унаган орос хэлтэй аж.

…Түүний дуунууд хайр дурлалын анхны догдлол, амьдралын хатуу хөтүү, баяр гуниг, дурсамжтай он жилүүдийг эргүүлэн авчирдаг. Нэг дуу нь нэг хүний түүх, нэг дуу нь нэг үеийн дурсамж болж чадсан уран бүтээлч ховор. Харин Б.Сарантуяа бол тэдний түүчээ. Хүний амьдралд тохиох тэр нэгэн мэдрэмжүүд түүний хоолойгоор дамжин эгшиглэдэг. Магадгүй тиймдээ ч Сараагийн дуунууд нэг үеийнхний дурсамж, нөгөө үеийнхний зүрхний хөг болж чадсан биз. 40 жилийн турш тайзнаа зогсоно гэдэг зөвхөн алга ташилт биш. Ард нь уйгагүй хөдөлмөр, ганцаардал, тайзны арын нулимс, бас бууж өгөөгүй тэвчээр юм. Тэр энэ бүхнийг ярьж, гайхуулж ирсэнгүй. Харин ч дуулсаар, тууштай, чимээгүй хөдөлмөрлөсөөр иржээ…
Эрхэм дуучны урлагийн замналыг тодруулбал, 1990 оны үед “Хөх тэнгэр” хамтлагт орсноор олны танил болох эхлэл нь тавигдсан гэдэг.
Тэрбээр анх 1992 онд “Зүүдний говь” хэмээх цомгоо өлгийдөж, 1994 онд анхны бие даасан “Сэтгэлийн хөг” тоглолтоо “Соёлын Төв өргөө”-нд хийж байв. Тухайн үед Монголын поп урсгалын төлөөлөгчдөөс анх удаа монгол ардын дуунуудыг поп урсгалд найруулан “Аргагүй амраг” цомог гаргаж, монгол этник урсгалыг бий болгосон түүхтэй.
Сараа нийтдээ эх орныхоо 21 аймаг, дэлхийн 15 улсад, 48 тоглолтыг 195 удаа тоглосон байна. Мөн 1994 оноос хойш нийт 15 цомог гаргаж, бие даасан 48 тоглолт хийжээ. Үүнээс төрсөн өдрөө тохиолдуулан есөн тоглолт хийсэн нь хамгийн сүүлийнх нь өөрийнхөө алдартай уран бүтээл болох “Сэхүүн салхи” дуугаараа тоглолтоо нэрлэсэн байдаг. Харин тэрбээр ирэх зун “Амьдрал намайг дуунд уяраажээ” тоглолтоо тайзнаа 40 жил “амьдарсан” түүхэн үедээ зориулан 40 дуугаараа ая өргөхөөр бэлтгэл ажилдаа орсон талаараа цахим хуудсандаа бичжээ.

Эцэст нь хэлэхэд, түмэн олон түүнийг өнөөдөр “тайзны домог”, “поп хатагтай” гэж нэрлэх болсон ч Б.Сарантуяа хэзээ ч өөрийгөө өндөрт тавьж, түүний том дуугарч байсныг харсангүй. Магадгүй тиймдээ л үзэгчид түүнд итгэдэг, түүний дууг сонсоод сэтгэл нь өөрийн эрхгүй уярдаг байх. 40 жил өнгөрсөн ч түүний хоолой хуучраагүй. Харин ч илүү гүн, илүү амьд, илүү үнэн болсон. Энэ бол цаг хугацаанд элэгддэггүй уран бүтээлчийн хамгийн том ялалт. Сараа бол зүгээр нэг дуучин биш. Тэр бол Монголын тайзнаа 40 жил амьдарч, дуулж, сонсогчдын зүрхэнд үлдсэн нэгэн түүх юм. Тэр өнөөдөр ч дуулсаар, эгшиглэсээр явна…
О.ГЭРЭЛ

3 цагийн өмнө
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.