ХҮН намын дарга Т.Доржхандаас сэтгүүлчид цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Хамтарсан Засгийн газар тарж ч мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна. Танай намын хувьд, энэ засагт орж ажиллах ямар үндэслэл, шалтгаантай байв?
-Би маш тодорхой байр сууриа илэрхийлье. Нэгдүгээрт, ХҮН намын даргын хувьд байр сууриа хэлье. Хамтарсан Засгийн газрыг байгуулах нь Монгол Улсын эрх ашиг юм байна гээд анхнаас нь зөв гэж ярьсан. Ийшээ явахгүй бол Монгол хөгжихгүй юм байна гэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж, улсын 21 аймгаар гурван удаа тойрсон. Нийт 160 сумын иргэдтэй уулзсан. Үр дүнд нь нийт монголчуудын 50 гаруй хувь нь дэмжиж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн байдаг. Та бүхэн эргэн санах хэрэгтэй. Өмнөх УИХ-ын 76 гишүүнээс нэг гишүүн нь ганцаараа бүх аймаг, орон нутгаар явж, иргэдтэй уулзсан. Гурван жил явсан ажил. Таван удаагийн оролдлогоос дөрөв нь бүтэлгүй болсон. Хамгийн сүүлд 2023 онд Ардчилсан намын удирдлага солигдож, хэлцэлд хүрч, улсаа хөгжүүлэхийн төлөө бие биедээ дэгээ тавьдаг бус хоёр нам хоорондоо хэрэлддэг тогтолцоог халъя гэсэн. Үүний үр дүн хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Ердөө л энэ.
-Улс төрийн хүрээнийхэн төдийгүй иргэд хамтарсан Засгийн газарт ХҮН нам ороход сөрөг хүчин байх ёстой гэж шүүмжилдэг. Энэ асуудалд байр сууриа илэрхийлвэл?
-Хэрвээ ХҮН нам Засгийн газартай хамтраагүй бол хүчтэй сөрөг хүчин байх байсан. Магадгүй орон нутагт олон суудал авах байсан нь үнэн. Энэ бол ХҮН намын эрх ашиг. Тэрнээс Монгол Улсын эрх ашиг биш.
Өнөөдөр магадгүй Т.Доржханд хамгийн өндөр ретингтэй улстөрч байх байсан нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жил маш хүчтэй сөрөг хүчин хийж байсан. Энэ удаа Т.Доржханд чимээгүй болсон гэж ярьж байна. Наймуулаа парламентад суудал авч, хүчтэй сөрөг хүчин болох байх гэсэн хүлээлт байсан нь үнэн. Гэхдээ Т.Доржханд, ХҮН намын өөрийн ретингээс биш Монгол Улсын эрх ашиг дээр хатуу байр сууриа нэгтгээд явж байна. Ингээд хамтарсан Засгийн газарт орсонд хувьдаа талархдаг. Энэ бол улс орны эрх ашиг юм. Дэлхий ертөнц огцом өөрчлөгдсөн. Дэлхийн 100 жилийн түүхэнд ийм тодорхойгүй байдал үүсч байгаагүй. Өнөөдөр 3.5 сая хүн амтай Монголд битгий хэл, 350 сая хүн амтай Арабын улсууд нэгдэн хүнд сорилтыг давж байна. Энэ үзэл санаа бол өнөөдрийн нөхцөл байдлыг илтгэж байна. Хамтарсан Засгийн газар үүсээд хамгийн олон суудал авсан улс төрийн хүчин нь улс орны эрх ашгаа урдаа тавьж, өөрийн улс төрийн ашиг сонирхлоо хойшоо тавьж байгаа нь дэлхий даяар болж байгаа үйл явдал дунд зөв сонголт хийсэн байна гэдэг дээр хатуу итгэл үнэмшилтэй байна.
-Хатуу итгэл үнэмшил гэдгээ тодруулбал?
-МАН-ынхан хариуцлагатай байцгаая. Та нар 100 жилийн түүхтэй гэж өөрсдөөрөө бахархаж, дүгнэдэг. Та нарын өмнө улс орны эрх ашиг байна уу, танай намын эрх ашиг байна уу. Дэлхий ертөнц үймээнтэй байгаа нөхцөл байдалд та нар эдийн засгийн хямралыг дангаараа гаталж чадах уу. Би чадахгүй гэж харж байна. Мөн МАН-ынхан парламентад 68 суудалтай. Бүгдээрээ бүх асуудал дээр ирээд кноп дарж чадах уу. Зургаан сар болоод л Засгийн газар нь солигдоод байх уу. Энэ хэнд хэрэгтэй вэ. Парламент чадамжгүй учраас Ерөнхийлөгчийн засаглал руу оръё гэдэг тоглоом руу орж байна. Монгол Улс ардчилсан, эрх чөлөөтэй улс байгаасай, иргэд нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг байгаасай, эдийн засаг нь эрх чөлөөтэй, парламент нь бэхжээсэй гэж энэ шийдвэрийг гаргасан.
-Өнөөдөр хамтарсан Засгийн газрын хувь заяаг шийдэх гэж байх шиг?
-МАН өнөөдөр Бага хурлаа хийх гэж байх шиг байна. 100 жилийн түүхтэй нам юм бол тулгатай байгаарай гэж хэлье. Гэрээн дээр хэн нэгэн гарын үсэг зурж, хамтарсан Засгийн газрыг огцруулна гэсэн тохиолдолд хүчингүй болно гэсэн зүйл заалт огт байхгүй. ХҮН нам болон АН-ын гишүүд жагсаал дээр очиж гарын үсэг зурсан. ХҮН намаас сонгогдсон Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцно гэдгээ хэлсэн байгаа. Хамтарч байгуулсан гэрээнд ийм зүйл заалт огт байхгүй. Манай намын хурал орой 17.30 цагт болж, гэрээгээ дүгнэнэ.
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87781
31867
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.