ЦЕГ: Ослын улмаас 2 машин шатаж, 4 хүн нас барсан

15 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

Орон нутгийн замд зорчих иргэд тээврийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс мөн хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барьж байгаагаас зам тээврийн осол их гарч байна. Зам тээврийн ослын улмаас өчигдөр дөрвөн иргэн амиа алдаж, хоёр тээврийн хэрэгсэл шатсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 12-13-нд шилжих шөнө 02:00 цагийн үед “Булган аймаг Рашаант сумын нэгдүгээр багийн нутагт байрлах “Хаан бууз” цайны газраас Өвөрхангай аймаг чиглэлд гурван км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км авто замд мөргөлдсөн байна.

Зам тээврийн ослын улмаас улмаас жолооч, гурван зорчигчийн амь нас хохирч, хоёр тээврийн хэрэгсэл шатсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг Булган аймгийн цагдаагийн газар явуулж байгаа гэлээ.

Иймд жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихдоо гэрлээ шилжүүлж хэвших зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хариуцлагатай байхыг анхааруулж байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж тээврийн хэрэгслийн байрлан явах зохицуулалтыг тусгасан байдаг.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.