Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс (ХӨСҮТ) өнөөдөр /2025.03.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус төвөөс улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж, бага насны хүүхдүүд илүү өртөх эрсдэлтэй байгааг онцгойлон анхаарууллаа.
Одоогийн байдлаар тус өвчний нөхцөл байдлыг тодруулбал, батлагдсан найман тохиолдол бүртгэгдээд байна. Насны ангилал нь таван сартайгаас 38 нас хүртэл байгаа аж. Энэхүү батлагдсан найман тохиолдлын тав нь Вьетнам болон бусад улсад аялсан өгүүлэмжтэй буй юм.
ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний найман тохиолдол лабораториор батлагдсан байна. Эдгээр найман тохиолдлыг насны ангиллаар авч үзвэл 5 сартайгаас 38 насны хүмүүс халдвараар өвчилж, батлагдсан байна. Эдгээр тохиолдлуудыг тандалт, судалгаагаар авч үзэхэд вакцинд хамрагдаагүй хүмүүс дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Иймд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцины бүрэн тундаа хамрагдах шаардлагатай. Мөн улаанбурхан өвчний тархалтад бага насныхан өртөх эрсдэл өндөр байгаа тул эмнэлэг болон олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг зөвлөе. Дархлаажуулалтын тухайд 21 аймаг, есөн дүүрэгт 600 гаруй нэгж ажиллаж байгаа. Тиймээс товлолт хугацаандаа вакциндаа хамрагдаагүй тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төв болон бусад нэгжүүдэд хандаж вакциндаа хамрагдахыг уриалж байна” гэв.
ХӨСҮТ-ийн Яаралтай хүлээн авах тасгийн эмч Б.Батсүх “Улаанбурхан өвчин бол өндөр халууралт, арьсаар толбон гүвдрүүт тууралт гарах, амьсгалын замын үрэвслийн шинжээр илэрдэг халдварт өвчин. Энэ өвчний сэжигтэй тохиолдлын үед илрэх эхний шинж тэмдэг бол өндөр халуурах юм. Үүний дараагаар арьсаар толбот гүвдрүүд тууралт гардаг. Мөн үүн дээр нэмээд ханиалгах, нүд нуухтах, хоолой өвдөх шинж тэмдэг илэрдэг. Иймд эдгээр шинж тэмдэг илэрсэн бол ХӨСҮТ-д хандаж хэвтэн эмчлүүлэх шаардлагатай” гэлээ.
2025-03-7
2025-03-7
2025-02-27
2025-02-27
2025-02-27
87588
31201
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.