Х.Нямбаатар: Зуух шинэчлэх ажлыг олон хүн эсэргүүцэж байгаа. Гэхдээ энэ ажлыг зогсоохгүй

5 цагийн өмнө slider

-Яндангүй автомашинуудыг эхний удаа сануулаад, дараагийн удаа журамлана-

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн утаа болон бусад асуудлаар өнөөдөр /2024.12.18/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлж байгаа 60 мянган айл байна. Мөн 84400 айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай. Сүүлийн үед гарсан угааржилтын шалтгаан эдгээр шаардлага хангаагүй зуухаас болсон. Сайжруулсан түлшний чанарын тухай тоо баримт хэлэхгүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй танилцах байх. Агаарын бохирдолтой тэмцэхэд иргэд, эдгээр зуухтай айлууд хамтарч ажиллах хэрэгтэй байна.

Өнгөрсөн жил зуух шинэчлэх талаар ажил төлөвлөгдөж байсан ч нийгмийн сүлжээний эсэргүүцлээс болоод больсон. Энэ жил мөн нийгмийн сүлжээнд олон хүн эсэргүүцэж байна. Гэхдээ үүнээс болж зуух шинэчлэх ажлыг зогсоохгүй. Төсөв батлагдсан байгаа. Түүнчлэн хотын удирдлагын багаас яндангүй бүсийг зарлана. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн хөрөнгөөр дотор тоноглолтой нь хийнэ” гэлээ.

Хурлын үеэр сэтгүүлчид түүнээс зарим асуултад хариулт авсан юм.

-Татвар төлөгчдийн мөнгөөр хэсэг бүлэг айлын зуух солих y, төрийн хийх ёстой ажил мөн үү?

-84 мянган зуух салаад унах гэж байна. Хэрвээ тэгвэл илүү л олон хүн үхнэ шүү дээ. Өөрөө хариуцаж байгаа ажлаа би өөрөө мэдээд хийе. Эсвэл олон нийтийн санал асуулга аваад больё.

-Агаарын бохирдол үүсгэж байгаа олон эх үүсвэр бий. Үүний нэг нь автомашин. Түгжрэл ч замбараагаа алдаж байна?

-Улаанбаатар хотор 804 мянган автомашин бүртгэлтэй байна. Ухаалаг камерын системд бүртгэгдэж байгаа автомашины тоо 300-400 мянгаар тоологдож байгаа. Захын дүүргүүд ухаалаг камерын системд нэгдээгүй. Тэгэхээр энэ тоо цаашид нэмэгдэх байх. Эдгээр машины агаарт үзүүлж байгаа хамгийн хүнд элемент нь азотын давхар исэл. Яндангүй автомашинуудыг эхний удаа сануулаад, дараагийн удаа журамлана. Жинхэнэ яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулах албадлагын арга хэмжээ авч эхэлсэн. Өнгөрсөн жил 40 мянган яндан гадагшаа зарагдсан байна.

-Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх алба өнөөдрийн байдлаар утааны эсрэг ямар ажил амжуулаад байна?

-60 мянган айлд гэр байшингаа дулаал гэх зөвлөмж өгөөд байна. Энэ ажлын тайлан ирэх хавар гарна. Агаарын бохирдлыг өдөөж байгаа, гэр, байшингаа дулаалаагүй 60 мянган айл бий. Түүнчлэн 84 мянга 400 шулуун яндантай, байшинтай айлуудын зуухыг нэн яаралтай шинэчлэх нэн шаардлагатай байна. Пийшингээ шинэчилж чадаагүйн улмаас хүмүүс амь насаа алдаж байна. Тиймээс зуух, яндан солих ажлыг олон нийт эсэргүүцсэн ч зогсоохгүй.

-Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог дахин байгууллаа. Энэ талаар?

-Нийслэлд агаарын бохирдол үүсгэж байгаа хэд хэдэн хүчин зүйл байгаа. Нийт агаарын бохирдлын 56 орчим хувь нь гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа. 29 орчим хувь нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслээс гарч байгаа. Үлдсэн 16 хувь нь уурын зуухнаас ялгарч байгаа химийн хортой бодис гэдгийг олон улсын судалгаанд дурдсан байна. Цаашид агаарын бохирдол үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг хэрхэн буулгах талаар урт болон дунд хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллах чиг үүрэг бүхий Үндэсний хороог өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас байгууллаа. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Байгаль орчны сайд С.Одонтуяа ахална. Миний бие нарийн бичгийн даргаар ажиллах шийдвэр гарсан.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хамгийн их үүсгэж байгаа гэр хороололд 198 мянган ширхэг яндан байна гэх тооллогыг 2024 оны долоодугаар сард нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий байгууллагууд хийсэн. Эдгээр яндангууд жилд 520-540 мянган тонн сайжруулсан түлш түлж байна.

Түүнчлэн сайжруулсан түлшний шилжилтийн дараагийн төлөвлөгөөг гаргасан. Эхний ээлжид яндангүй бүсийг зарлана. Энэ бүсэд 20 мянган айл байх бөгөөд, LPG буюу газаар халаалтаа шийдэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг энэ сар шинийн баяраас өмнө байгуулахаар ажиллаж байна. Жил хэртэй ажилласан. Зураг төсөл, ТЭЗҮ бэлэн болсон. Барилгын ажил ирэх гуравдугаар сард эхэлж, 2025 оны 10 дугаар сар гэхэд 20 мянган айлыг LPG хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ, тухайн айл өрхийн дотоод тоноглолыг хийх ёстой. Дотоод тоноглолын хөрөнгийн хотоос гаргах хэрэгтэй гэдэг байр суурийг айлын тал хэлж байгаа.

Дахиад нефтийн дайвар бүтээгдэхүүн болох газын үйлдвэр байгуулна. Ингээд 80 мянган айлыг уг шугам сүлжээнд холбох боломжтой дундын станцыг байгуулахаар гаднын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна. 

LPG хэрэглээнд шилжихэд хамгийн гол хүндрэлтэй асуудал нь хэрэглэгчийн төлөх төлбөр. Энэ дэлхийн ихэнх улс орны хувьд хүндрэл үүсгэж байгаа. Аль нэг улсаас хараат болох, тэсэрч, дэлбэрэх эрсдэл бүхий систем угсрах, хэрэглэгч дааж давшгүй өр, төлбөрт унахаас урьдчилан сэргийлэх чухал. Шилжилт хийж болно. Гэхдээ Засгийн газар сайжруулсан түлшний үйлдвэрт өгч байгаа татааснаас буурахгүй хэмжээгээр нийслэлд улсын төсвөөс мөнгө хуваарилж өгөх ёстой. Тэр мөнгөөр бид халаалтын улирлын долоон сард хэрэглэгчдэд татаас олгох замаар хэрэглээний шилжилт хийнэ. Ингэснээр ахуйн хэрэглээнд ч олон дэвшил гарна. Айл өрхүүд халуун усны хэрэглээтэй болно. Эрчим хүчний хэрэглээ багасана. Газын шилжилт хийх тусгай зориулалтын компани байгуулсан. Тус компани ТЭЗҮ боловсруулна. Мөн ОХУ болон БНХАУ-ын энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай бүтээгдэхүүний гэрээ хийнэ. 198 мянган айлыг бүтэн шилжүүлэхэд хугацаа орох учир эхний хоёр жилд 100 мянган айлын шилжилт хийхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн Ерөнхийлөгч сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн хувь хэмжээг багасгах, найрлагыг өөрчлөх судалгааны ажил эхлүүлээд байгаа.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.