-Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд 15-22 хоногийн нүүрсний нөөцтэй байна-
Энэ өвөл нийслэлчүүд гал алдахгүй, халуун паартай өвөлжиж чадах эсэх талаар Шадар сайд С.Амарсайхан парламентын танхимд мэдээлэл хийлээ.
Одоогоор дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 65 зуух, 45 турбогенератор ажиллаж, системийн горим, ажиллагаа хэвийн байгаа аж.
Өвөлжилтийн бэлтгэл хангах их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлтэй холбоотой бэлтгэн нийлүүлэгчид үүссэн өр, төлбөрийг барагдуулахад 58.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин нүүрсний аюулгүй нөөц бүрдүүлэх, эрчим хүчний компаниудаас нүүрсний уурхайд төлөх хугацаа хэтэрсэн өр төлбөр болон нүүрс олборлолтын бодит өртгөөс бага тогтоосон үнийн зөрүүгээс 9, 10 дугаар сард үүсэх алдагдлыг арилгахад нийт 32.0 тэрбум төгрөг төлсөн байна. Мөн импортын эрчим хүчний тарифын зөрүүгээс үүсэх алдагдал, өр төлбөрийг барагдуулахад 16.5 тэрбум төгрөг, зарим компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өглөгийг барагдуулахад 3.9 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 2025 оноос төсвөөс татаасгүй ажиллах зорилтыг хангах бэлтгэл ажлын хүрээнд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон “Алтай Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-иудын богино хугацаат өр, төлбөрийг арилгаж, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхтэй холбоотойгоор 4.5 тэрбум төгрөг, компани бүрийн үйл ажиллагааны онцлогоос хамаараад бусад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд 14.0 тэрбум төгрөг тус тус хуваарилан шийдвэрлэжээ.
Ийнхүү дээрх тушаал, шийдвэрийн дагуу өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал, хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг болгон 2024 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар нийт 27 төрийн өмчит үйлдвэр, компаниудад 125.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлээд байгааг Шадар сайд мэдээлэлдээ онцолж байлаа.
Өвлийн их ачааллын горим ажиллагааны үед дулааны цахилгаан станцууд ямар нэгэн бэлтгэл тоноглолгүйгээр, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа бөгөөд үндсэн тоноглолын болзошгүй бөгөөд гэнэтийн зогсолт, тасралт саатлын үед тухайн нэгж тоноглолын хүчин чадлаар хэрэглэгчдийг хязгаарлах төлөвтэй байгааг мэдээлэлдээ тодотгохын зэрэгцээ эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн хэмжээнд өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажил дунджаар 94 хувийн гүйцэтгэлтэй байна хэмээв.
Харин “Тавантолгой түлш” ХХК нь 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 93.0 мянган тонн шахмал түлшний нөөцийг бүрдүүлж, өнөөдрийн байдлаар нийслэлийн 7 дүүргийн 38 агуулахад болон үйлдвэрийн нөөцийн талбайд 82,408 тонн шахмал түлшний нөөцтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, үндсэн түүхий эд болох миддлинг 198.2 мянган тонн, барьцалдуулагч 9.4 мянган тонн, шуудай 20.0 сая ширхэг нөөцтэй үйлдвэрлэл хэвийн явагдаж байна гээд салбарын хэмжээнд хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээнд 2024 онд нийт 62 ажил төлөвлөснөөс бүрэн дууссан 57 ажил, хэрэгжих шатанд 5 ажил, дунджаар 97.5 хувийн гүйцэтгэлтэй байна гэлээ.
Мөн хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/02 дугаартай “Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврын хүрээнд 44821 ажилд 42.3 тэрбум төгрөгийг зарцуулаад буйг мэдээлэлд дурдахын зэрэгцээ салбарын өвөлжилтийн бэлтгэл 93 хувийн биелэлттэй байна гэсэн мэдээлэл өгсөн.
Орон нутгийн орон сууц, нийтийн аж ахуйн 34 байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажилд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 19.6 тэрбум төгрөг зарцуулан төлөвлөгөөний биелэлт 90 хувьтай байна. Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн 66 байгууллага байгаагаас 4 орон нутгийн өмчит, хувийн орон сууцны ашиглалтын 62 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 22.7 тэрбум төгрөг зарцуулан 43638 нэр төрлийн ажилд биелэлт хангагдан Улаанбаатар хотын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 96 хувийн гүйцэтгэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэлдээ дурдлаа.
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87385
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.