Эрчим хүчний үндэсний хорооноос өнөөдөр /2024.10.30/ эрчим хүчний реформ хийх асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд:
-Эрчим хүчний реформ зөвхөн цахилгааны үнэ тарифыг нэмэх тухай асуудал биш. Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 22-23 хувийг хоёр хөршөөсөө өндөр үнээр импортолдог. Үйлдвэр, метро барих гэхээр эрчим хүч байхгүй байгаа. Тиймээс бид дунд шатандаа эрчим хүчийг 100 хувь дотоодоосоо хангах, шаардлагатай үед хоёр хөршөөсөө авах байдлаар зорилт тавин ажиллаж байна. Харин богино хугацаандаа үнэ тарифыг нэмэх ажил хийнэ. Ингэхдээ ААН-үүд болоод иргэдэд дарамтгүй байхаар зохицуулалт хийнэ. Эрчим хүчний салбарт цогц шилжилт хийнэ. Эрчим хүчний реформ хийх асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн өнөөдрийн байдлаар УИХ-ын 100 гаруй гишүүн дэмжсэн байна. Өнөөдрөөс эрчим хүчний цогц шилжилт хийх ажлыг албан ёсоор эхлүүлж байна. Тиймээс нам харгалзахгүй нэгдмэл байя гэдгийг уриалмаар байна. Арваннэгдүгээр сарын 1-нд Эрчим хүчний зохицуулах хороо хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу үнэ, тариф нэмэх асуудалд мэдээлэл хийх байх. Үүн дээр бид хэд, хэдэн боломжит хувилбаруудыг санал болгосон. Цахилгааны үнэ нэмэгдвэл бүх юмны үнэ дагаад өснө гэж ярьж байна. Гэхдээ реформ амжилттай хэрэгжвэл эргээд цахилгааны үнэ буурна.
УИХ-ын гишүүн, эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.Энхцэцэг:
-Эрчим хүчний хууль 2001 онд батлагдсан. Дөрвөн зорилготой байсан. Нэгт, бүтцийн өөрчлөлт хийж, босоо бүтэцтэй байсан салбарыг хэвтээ болгож, дамжуулагч түгээгч зэрэг олон компанитай болгосон. Хоёрт, Эрчим хүчний зохицуулах хороо байгуулж, үнийг хараат бусаар тогтоодог болсон. Гуравт, хувийн хэвшлийн орцолоог нэмэгдүүлэх зорилт тавьсан ч үүнийгээ хийж чадаагүй. Дөрөвт, өрсөлдөөн бий болгоно гэсэн ч мөн чадаагүй. Сүүлийн хоёр зорилгоо амжуулж чадалгүй 24 жил болсон байна. Хуулийг шинэчилснээр өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хувийн хэвшлийн оролцоог сайжруулах болон “ногоон шилжилт”-ийн концепцыг тусгах зорилготой байна. Мөн цахилгаан станцуудын удирдлага төрөөс томилогддог байдлыг засна. 2032 онд эрчим хүчний салбар хэрэглэгчдээ дээдэлсэн, улс орныг түүчээлсэн салбар болно.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
-Эрчим хүчний реформ гэдэг нь үнэ тариф биш гэдгийг дахин онцолж хэлмээр байна. Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, авлига, алдагдлын асуудлыг шалгаж, тогтолцоог нь өөрчлөхийн тулд реформыг хийж байна. Дээрээс нь эрчим хүчний салбарт ажиллаж байгаа компаниудыг яаж үр дүнтэй ажиллуулах вэ гэдэгт мөн анхаарах нь зүйтэй. Одоогийн байдлаар үнэлгээ хийх 30 орчим компани байгаа. Эдгээр төрийн өмчит компаниудыг тогтолцоог өөрчлөхөөс биш зөвхөн удирдлагуудыг нь солихгүй.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт хосолсон хоёр том асуудал байна. Манай улс нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ хоёр хөрштэй харьцуулахад дөрөв дахин бага байна. Ойрын 5-10 жилийн хугацаанд хэрэглээний чадал улам өсөхөөр байгаа. Эрчим хүчний зардал 357 тэрбум төгрөг, 2024 онд 270 орчим тэрбум төгрөг, Эрчим хүчний уурхайн алдагдал 80 тэрбум төгрөг байна. Урт хугацааны алдагдал 1 их наяд 800 тэрбум төгрөг байхаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Хамтарсан Засгийн газраас байгуулагдсан Эрчим хүчний Үндэсний хороо реформыг хийхээр ажиллаж байна. Үнэ тарифын тухайд одоо зөвхөн өртөгт ойртуулах байдлаар л ажиллаж байна. Дараа нь төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал ярина. Тэгэхгүй бол одоо манай салбар орлогогүй учраас хэн ч сонирхож хөрөнгө оруулахгүй байна.
3 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30390
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.