1. Агаар, орчны талаар анхаарахаас аргагүй шалтгаанууд:
Дэлхийн гадаргаас ялгарч агаарт тархаж буй байгалаас болон хүний үйл ажиллагаанаас үүсэлтэй, тэрчлэн анхдагч болон хоёрдогч бохирдуулагч бодисууд, (хүлэмжийн хий болон агаар бохирдуулагч нүүрс хүчлийн хий (CO), нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), хүхэрлэг хий-хүхрийн давхар (SO2) болон гурван давхар исэл (SO3), хүхрийн хүчил (H2SO4), аммиак (NH3), аммоний сулфать (NH4)2SO4), метан хий (CH4), азотын исэл (N2O), азотын давхар исэл (NO2), Озон (O3) дэгдэмхий органик нэгдлүүд (ДОН), ердийн болон нарийн ширхэглэгт тоосонцор тэрчлэн бусад бохирдуулагчдын агууламж бүхий дэгдэмхий бодисуудын агаар орчинд тархах цар хэмжээ тасралтгүй нэмэгдэхийн хэрээр ялангуяа хот суурин газруудын орчим дахь агаар, агаарын орчны бохирдол төдий хэмжээгээр зузаарч, улмаар огторгуйн давхрагуудын орчихуйн үйл явцад хүчтэй нөлөөлөн, уур амьсгал аажмаар өөрчлөгдөх, уур амьсгалын дулаарал эрчимжих гол хүчин зүйл болдог (профессор О.Алтансүхийн лекц 2024 он) ажээ.
Энэ нь тодорхой нутаг дэвсгэр, цаашилбал улс орны хил хязгаараар зааглах боломжгүй даяарын шинжтэй үзэгдэл. Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын улмаас оршихуйн хүчин зүйлүүдэд үзүүлж буй таагүй нөлөөллийн тухайд олон улсын эрдэмтэд, судлаачид шинжлэх ухааны зүтгэлтнүүд хэдийнээс санаа зовниж, түүний үүтгэл шалтгаан, явц байдал, үр нөлөө хийгээд хэрхэн саармагжуулж, тогтоон барьж болох боломж байгаа талаар судалгаа шинжилгээ, тандалт туршилт, загварчилал тооцоолол, гаргалгаа, шийдлүүдийг гаргаж, улс орнуудын болон олон улсын байгууллага, нийгэмлэгүүдийн шийдвэр гаргах түвшинд уламжлан, тодорхой ахицтай алхмууд хийлгэх, хэрэгжилт болон ажиглалт тандалтыг хослуулах зэргээр хамтран ажиллаж ирсэн байна.
Монгол орны өнөөгийн нөхцөл дэх энэ асуудалтай холбоотой судалгааны зарим голлох тоон үзүүлэлтүүдийг дурьдвал сүүлийн 80 жилийн туршид агаарын дундаж хэм 2.4-өөр нэмэгдсэн (дулаарсан), жилд унах хур тундасны дундаж хэмжээ 2.5 хувиар багассан, газар нутгийн 76.9 хувьд цөлжилт ямар нэг хэмжээгээр нүүрлэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин өссөн бол эдгээрийг саармагжуулахад голлох үүрэг бүхий ой модны нөөц нийт нутаг дэвсгэрийн 8.1 хувийг эзлэж, гадрагын усны хэмжээ нийт усны нөөцийнхөө 98 хувийг бүрдүүлж байна гэсэн тоон үзүүлэлтийг тухайн чиглэлийн судлаачдын дийлэнх нь хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс дэлхий нийтэд энэ талаар баримтлаж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хүрээнд (Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах, өөрчлөлтөнд дасан зохицоход чиглэгдсэн зорилтуудыг дэлхий нийтээр дэвшүүлэн хэрэгжүүлэх (НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц-1992 он, Токиогийн хэлэлцээр, 2016 оны Парисын хэлэлцээр, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөө, Урт хугацааны стратеги) Монгол улсын бодлогын баримт бичгүүдэд тухайн асуудлыг тусгаж, Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үндэсний хөтөлбөр, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний болон аймгууд дахь дэд хөтөлбөрүүдийг баталсан байна.
Дээр өгүүлсэнчлэн агаарын хэмийн дулааны түвшин нэмэгдэж, уур амьсгал өөрчлөгдсөнөөр байгаль, хүрээлэн буй орчин, хүн, мал, амьтан, бусад амьдрагсдын оршихуйн нөхцөлд халгаатай, зарим тохиолдолд аюул гамшигт нөхцөл шалтнаанууд бий болж, гамшигт үзэгдлийн давтамж хурдсах, агаар орчны болон байгалийн бохирдлын улмаас хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллүүд ихсэж, элдвийн өвчин дэлгэрэх, өвчлөлт нэмэгдэх гэхчлэн эрсдлүүд нэрвэх нь бодит үзэгдэл болсоор байна. Нийтлэг хандлагыг ажиглаваас агаарын хэмийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлтийг буй болгож, нөхцөлдүүлж байгаа гол шалтгаан болох хүлэмжийн хийн ялгаралт, тархалт болон агаар орчны бохирдлын асуудлыг хоёр тусад нь ялган авч үзэж, тус тусад нь хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үүсгэгч, ялгаруулагч, бохирдуулагч эх үүсвэрүүдийг нь мөн тус тусад нь хэмжиж, бүртгэж, тооцон, үр дүн, үүсэх нөлөөллийг тодорхойлж байгаа боловч эдгээр нь нэг суурьтай, нэгдмэл үр урхагтай зүйлүүд болох нь ойлгомжтой.
Энэ нийтлэлийн хүрээнд тодорхой жишээн дээр суурилан, агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн бодит нөхцөл байдал, зарим нийтлэг асуудлыг хөндөхийг чухалчилав.
Жишээ болгож баруун бүс нутгийн Ховд аймгийн тухайн чиглэлийн дэд хөтөлбөрийг сонгож авав. Ховд аймгийн “Агаар орчны бохирдлыг бууруулах” дэд хөтөлбөр 2018 онд батлагдаж 2022 он хүртэл хэрэгжжээ. 2022 оноос хойш хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлээгүй, учир нь дахин боловсруулж батлуулаагүй орхисон байна. 2018 онд хөтөлбөрийг боловсруулж батлуулах болсон нөхцөл шалтгаан хийгээд тулгамдаж байсан зарим асуудлаас цохлон дурьдвал “хөрс, ус, агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давсан, зөвхөн аймгийн төвийг авч үзэхэд айл өрхүүдийн 63 хувь нь хүйтэн сэрүүний улиралд түлшиндээ түүхий нүүрс хэрэглэдэг (жилд 13385.61 тонн), төвлөрсөн уурын зуухнаас 434 мг/м3 хорт бодис (хүхэрлэг хий, азотын болон нүүрстөрөгчийн давхар исэл, тоосонцор, дэгдэмхий бодис, тортог) агаар орчинд тархдаг, аймгийн хэмжээн дэх 15700 гаруй тээврийн хэрэгслийн 80 гаруй хувь нь 10-аас дээш жил эдлэгдсэн хорт утаа их гаргадаг, агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ агаарын чанарын стандартын хүлцэх хэмжээнээс 10 орчим хувиар (хамгийн их утга нь 0.011 мг/м3 хэмжээтэй ажиглагдсан), агаар дахь тоосонцорын түвшин хүлцэх хэмжээнээс 2.4-5.8 дахин давсан, азотын давхар ислийн агууламж мөн хүлцэх хэмжээнээс давсан, эдгээрийн нөлөөллөөс болж хүүхдийн амьсгалыг замын өвчлөл 2016 оныхтой харьцуулахад (2018 онд) 3 дахин, насанд хүрэгчдийнх 1.8 дахин нэмэгсэн (Ховд аймгийн Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр-2018 он) зэрэг нэн таагүй асуудлууд тулгарсан байжээ.
Тиймээс Агаар орчны бохирдлыг бууруулах аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж батлуулахдаа “дэд бүтцийн оновчтой бодлого явуулж, суурин газрын агаар орчныг сайжруулах, хүлэмжийн хийг багасгах, агаар бохирдуулагч эх үүсвэрийн үр уршгийг хязгаарлаж, багасгах, бохирдуулагч хаягдлыг цөөрүүлэх, авто тээврийн хэрэгслийн агаар бохирдуулах нөлөөг бууруулах, эдгээрийг төлөвлөж хэрэгжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, зөв дадал төлөвшүүлэх, судалгаа, хяналт шинжилгээг өргөжүүлэх зорилтууд дэвшүүлсэн байна.
Хөтөлбөрийг боловсруулах, батлах явцад уг ажлыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачлан, төсөв хөрөнгийг хөөцөлдөн шийдүүлж, хэрэгжиж боломжийг хангасан тухай мэдээлэгдэж, иймэрхүү утгатай танилцуулгууд явагдаж байсан. Гэтэл сүүлд судлаваас энэ нь дээр үгүүлэгдсэн олон улсын хэлэлцээр, конвенцийн шийдэл, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Азийн хөгжлийн банк болон олон улсын төсөл хөтөлбөрийн голдуу санхүүжилтээр (2.2 тэрбум төгрөг), төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилт төлөвлөгөөний дагуу, хариуцсан салбар, байгууллагынхаа шугамаар хийгдсэн ажил аж.
Гол нь хөтөлбөр төлөвлөгөө хэрэгжсэнээр ямар үр нөлөө бий болов?
Ямар чухал санаа сэдэл, сайн жишиг, туршлага, сургамжууд үлдээв гэдэгт анхаарал хандуулах учиртай. Үр нөлөө нь мэдээжийн хэрэг агаар орчны бохирдол бодитой буурсан эсэхээр, бохирдлын улмаас бий болоод байсан хүрээлэн байгаа орчны доройтол, хүн амын өвчлөл багасах арилах нөхцөл бүрдсэн эсэхээр хэмжигдэнэ. Сайн жишиг, туршлага, сургамжуудын тухайд гэвэл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн арга барил, зохион байгуулалт, үр нөлөөнд хүргэх “шат, гишгүүр”-ийн тухай яригдах ёстой гэж бодно. Гэвч ажигласнаар хөтөлбөрийн хэрэгжилтийн бүрэн хэмжээний тайланд энэ талаар ямар нэг үзүүлэлт, барьцтай мэдээлэл тусгагдсангүй. Өөрөөр хэлбэл, голлох үр дүнг тооцоогүй байна. Хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах, хяналт тавих, сургамжаас суралцах тухайд гэвэл осолгүй цаасан дээр тайлан төдийтэй үлдсэн нь “сайшаалтай”. Үр дүнг олж харах боломжгүйгээс гадна, хяналтгүй, хөтөлбөрийн хэрэгжилтийг хараат бусаар хянаж, шинжилгээ үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй болов уу гэж ойлгож байсан аймгийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс нь зөвхөн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг баталгаажуулах үүрэг хүлээж, уг тайланд ямар нэгэн хараат бус хяналт шинжилгээ хийгдээгүй нь ойлгомжгүй байгаа юм. Тиймээс уг тайланд буюу “Агаар орчны бохирдлыг бууруулах Ховд аймгийн дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн байдалд өөрсдийн түвшинд ажиглалт хийхийг хичээв.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд таван зорилтын хүрээнд нийтдээ 34 багц ажлыг төлөвлөжээ. Одоо тэгвэл зорилт тус бүрийн биелэлтэнд голлох нөлөөтэй үндсэн чухал ажлуудын бодит хэрэгжилтийг сонирхоцгооё.
Нэгдүгээр зорилт: “Аймгийн дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлж, суурин газрын агаар орчныг сайжруулах”: Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн төвд 250 кв хүчин чадалтай, 04 шугамтай эрчим хүчний 2 дэд станцыг улсын төсвөөс 795 сая төгрөгний өртөгтэйгээр бариулж ашиглаланд оруулсан, гэр хорооллын айлуудад 1800 ухаалаг тоолуур суурилуулж тус бүрийг 90 мянган төгрөгөөр борлуулсан, Япон улсын хөрөнгө оруулалтаар Мянгад сумын нутагт баригдсан нарны цахилгаан станц 2022 онд ашиглалтанд орсон, Аймгийн төвийн нэгдүгээр цэцэрлэгт газрын гүний дулааныг ашиглах халаалтын систем, нарны коллектор суурилуулж ашиглалтанд оруулснаар нам даралтын зуух галлаж, жил тутам 280 тонн түүхий нүүрс түлдэг байсныг бүрэн зогсоосон, мөн аймгийн төвийн Буянт, Бугат багуудад газрын гүний дулаан ашиглах суурь судалгаанууд хийж, ТЭЗҮ боловсруулсан” хэмээн тайлагнажээ.
Хяналтгүй хөтөлбөр, хуудуутай тайлагналт:
Эдгээрийн хэрэгжилтийг нягтлаж үзвэл эрчим хүчний дэд станц барьсан ажил нь тухайн салбарынхаа бодлого зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажил боловч энэ хөтөлбөрийн нэгдүгээр зорилттой мөн нийцсэн тул тайланд ашиглажээ. Ховд аймгийн төв Жаргалант сумын гэр хорооллын айл өрхүүдээс 1800-г нь буюу 20 орчим хувийг ухаалаг тоолууртай болгосон нь дэвшилтэй ч үүний үр дүнд агаарын бохирдлыг бууруулах ямар нэг алхам хийгдээгүй, харин ухаалаг тоолуурыг ашиглан шөнийн тарифын хөнгөлөлтөнд айл өрхийг хамруулж, тэдгээр айл өрхүүд цахилгаан халаалттай болж, малтмал түлш шатаадаг зуухаа хэрэглээнээс халсан тохиолдолд үр дүн гарах юм. Нарны цахилгаан станц ашиглалтанд орсон нь Ховд аймгийн эрчим хүчний хэрэглээний 10 орчим хувийг гаргаж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ нь чухал дэвшил. Төсөв зардлыг нь анзаарах юм бол Япон улсын хөрөнгө оруулалтаар гэсэн байна. Аймгийн төвийн нэгдүгээр цэцэрлэгийн газрын гүний дулааны байгууламжтай газар дээр нь очиж танилцахад “ашиглалтанд орох хугацаа нь 5 дугаар сард өнгөрсөн ч, ашиглалтанд хүлээж аваагүй байгаа. Учир нь суурилуулснаас хойш олон удаа доголдсон, хэвийн ажиллагаа нь хангагдахгүй байна. Өвлийн ид ачааллын 3 сараас бусад үед ашиглах боломжтой ч байнга доголдож байгаа учир тогтмол ашиглаж чадахгүй, зуухаа галлаж хуучин системээрээ халаах нь зонхилж байна” хэмээн цэцэрлэгийн удирдлага болон ажилтнууд учирлав. Цэцэрлэгийн ажилтнуудыг тухайн системийг ажиллуулах мэдлэгтэй болгохын тулд байгууламжийг хийж суурилуулсан компаниас сургалтанд хамруулна гэсэн боловч одоогоор хэрэгжээгүй байна гэж байв. Буянт, Бугат багт хийгдэх газрын гүний дулаан ашиглах байгууламжийн судалгаа хийгдээгүй, ТЭЗҮ боловсрогдоогүй болж таарав.
Уг ажлыг хариуцах ёстой аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс энэ талаар огт мэдэхгүй байсан бөгөөд тийм судалгаа, ТЭЗҮ байхгүй болж таарсан юм. Цаашилбал “Ногоон хувийн орон сууц” загвар төслийг хэрэгжүүлж, ХААН, Хас банкны салбаруудаар дамжуулан 5-10 айл, өрхөд “ногоон зээл” олгогдсон” гэсэн нь худал зүйл байв.
Дээрх банкуудын удирдлага болон ажил хариуцсан хүмүүсээс тодруулахад аль, аль нь “банкин дээр ийм хөтөлбөр хэрэгжиж байгаа боловч, Ховд аймагт өнөөг хүртэл нэг ч айл өрхөд зээл олгогдоогүй. Нэг, хоёрын зэрэг хүсэлт ирсэн ч орон нутагт олгоход банкнаас тавьж буй нөхцөл болзол нь хангагдах боломжгүй байдгаас шийдэгдээгүй, буцаагдсан” гэсэн мэдээлэл өгөв. “Гэр хорооллын айл өрхүүдийг хямд өртгөөр орон сууцжуулах” гэсэн заалтын хэрэгжилтийг тайлагнахдаа нэр бүхий компани “Жаргалант сумын тахилт багт 12 айлын орон сууц барьж, 1 м/кв-ыг зах зээлийн үнээс хямд 850 мянган төгрөгөөр борлуулсан” гэжээ. Тухайн газарт очиж үзвэл 12 биш 6 айлын боломжийн тохилог орон сууц барьж, гаднах орчны тохижолтыг аятай нөхцлөөр шийдсэн боловч 1 м/кв-ыг нь 850.000 төгрөг биш 1.5 сая төгрөгөөр худалдаж авснаа оршин суугчид ярьсан. Орон нутагт орон сууцны хамгийн доод ханш м/кв нь 200 сая гарчихаад байхад 850 мянгаар борлуулсан байх боломжгүй л дээ. Гэсэн ч тэгж худал тайлагнах ямар шаардлага байв! Мөнхүү “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн хүрээнд 30 айлд цахилгаан халаагуур олгож, 300 ширхэг улиас, бургасны суулгацыг БОАЖЯ-ны 30.0 сая төгрөгний санхүүжилтээр айл өрхүүдэд үнэгүй олгосон, үр дүнг нь хянаж мониторинг хийж байгаа гэжээ. Судлаж үзвээс үүнд хяналт мониторинг хийгдсэн зүйл байсангүй. Тухайн ажлыг (мониторинг) хариуцаж хийж байгаа гэсэн албаны хүн нь хяналт мониторинг хийгдээгүй, ямар нэг тайлан материал байхгүй гэдгээ улайсан бөгөөд энэ заалтын хүрээнд хийгдсэн ажил нь санхүүгийн зөрчлийн улмаас АТГ-т шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл өгөв.
Хоёрдугаар зорилт: Хүлэмжийн хийг багасгаж, нийтийн эрүүл мэндийг хамгаалан, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх:
Энэ зорилтын хүрээнд “2022 онд хавар, намрын бүх нийтээрээ мод тарих хөдөлгөөнөөр нийт 175136 ширхэг мод, үүнээс аймгийн төвд 25463 мод, бут сөөг таригдсан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт-Ногоон төгөл” модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн 3,5 га талбайг ойжуулсан, эдгээрт хяналт монитронг хийж байгаа” гэсэн ч таригдсан модны ургалт, цаашдын үр дүнгийн тухайд хяналт тавигдаагүй, тодорхой мэдээлэл байхгүй болохыг аймгийн БОАЖГ-ын тухайн ажлыг хариуцсан мэргэжилтнээс сонсов.
“Агаар орчны бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн судалгаа шинжилгээг Эрүүл мэндийн газар тогтмол гүйцэтгэж, мэдээллийн сан үүсгэсэн, агаарын бохирдлын нөлөөллийн талаар тандалт судалгааг 4 удаа зохион байгуулж, иргэдэд тогтмол сургалт хийж, мэдээлэл өгсөн” гэж тайлагрнасныг нягтлаж үзвэл аймгийн Эрүүл мэндийн газар дээр үүнтэй холбоотой ямар ч мэдээллийн сан, тоо баримт, судалгаа, тайлан, ядаж танилцуулга байсангүй. Үүнийг тодруулахаар аймгйн Эрүүл мэндийн газрын тухайн асуудалтай холбогдох чиг үүрэг бүхий 4 мэргэжилтэн, хэлтсийн даргатай дэс дараалан уулзаж асуусан боловч тэд бүгдээр энэ талаар ямар нэг мэдээлэл бидэнд байхгүй гэж хариулсан юм.
Гуравдугаар зорилт: Байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож, бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах:
“Агаарын тухай хуулийн хүрээнд 2022 онд Наран, Рашаант, Бичигт багуудад агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоох саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч саналыг дэмжээгүй. 2022 онд агаарын чанарын сайжруулах бүсийг дэглэмийг тогтоох журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан ч Ховд аймаг уг журамд хамрагдаагүй. 2022 онд агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтоохоор холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, агаарын бүсийн хэмжилт судалгааг УЦУОШТөвтэй хамтран хийж гүйцэтгээд, Ховд аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн ч мөн шийдэгдээгүй” гэж тайлагнажээ. 2020 онд “Тарвагатайн бэлчир” ХХК нь Жаргалант суманд гэрийн зуухны стандартыг сайжруулж, кермик доторлогоотой дулаан сайн баригч 500 ширхэг зуух хийж айл өрхүүдэд олгосон. Эдгээрийн тоо бүртгэлийг гаргаж монитронг судалгааг хийж байна” гэж тайлагнасан.
Гэвч мониторинг судалгаа хийгдсэн баримт материал тайлан байхгүй. Аймгийн БОАЖГ-ын тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн тийм ямар нэг баримт байхгүйг хүлээн зөвшөөрсөн.
Харин энэ ажлын гүйцэтгэлтэй холбоотой гомдол АТГ-т очсон бөгөөд шалгагдаж байгаа гэж мэдээлэл өгсөн юм. Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Номин шигтгээ констракшн” ХХК 2022 онд 3000 тн шахмал түлш үйлдвэрлэж иргэдэд зарж борлуулсан. Гэвч уг бүтээгдэхүүний чанар, үр нөлөөний талаар судалгаа мониторинг хийгдээгүй. Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн барьж байгуулж буй шахмал түлшний үйлдвэрийг 2023 онд ашиглалтанд оруулна гэж тайлагнасан. Гэвч 2024 оны 6 дугаар сар гэхэд уг үйлдвэр ашиглалтанд ороогүй, тоног төхөөрөмж нь суурилагдаагүй, ажиллах боломжгүй хэвээр байна. Тайланд мөн “Агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд Хөшөөт хөгжлийн сангаас айл өрхүүдэд 1 тн түүхий нүүрсийг 90,000 төгрөгний хөнгөлөлттэй үнээр борлуулж байна” гэж бичигдсэн байна. Тэгтэл агаарын чанарыг сайжруулах бүсийг бий болгоогүй, аймгийн Засаг дарга нь хүлээж аваагүй гэдгийг дээр үгүүлсэн. Тэрчлэн түүхий нүүрс борлуулах нь энэхүү агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн зорилттой нийцэхгүй зүйл билээ.
Дөрөвдүгээр зорилт: Орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, эрүүл амьдрах зөв дадлыг төлөвшүүлэх, орчны чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлэн судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх:
2021-2022 онуудад гэр хорооллын 300 айл өрхүүдийг бохир, цэвэр усны шугамд холбох ажлыг Шим ус ОНӨҮГ-т даалгаж холбогдох байгууллагуудыг хамтран ажиллах чиглэл өгч ажилласан. “Вестрэн холденг” ХХК гэр хорооллын хөтөлбөр хэрэгжих хугацаанд 107 өрхийг цэвэр бохирын шугамд холбосон. Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос шийдвэр гарган, Цэвэр агаар сан (Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт)-аас санхүүжүүлж, гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр, бохир усны шугамд холбох, салбар шугам татах ажлыг 2018 оноос гүйцэтгэж эхэлсэн ба УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын хамаарал бүхий “Вестрэн холдинг” ХХК уг ажлыг гүйцэтгэгчээр ажилласан, яваандаа “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн нэгж байгуулж, уг төслийн нэгж нь Ховд аймгийн ГХБХБ-ын газрын ажлын нэгж байдлаар төсвөөс санхүүжин, “Вестрэн холдинг” ХХК-ны харъяанд ажиллах болсон. Шугамын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчээр “Шим ус” ОНӨААТҮГ ажиллаж байгаа. Энэ ажилд 2022 он хүртэл 700 гаруй сая төгрөг, зарцуулсан бол 2023 онд мөн 300 сая төгрөг батлагдсан байна. Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас харьцангуй бодитой үр дүн гарсан ажил гэж хэлж болно. Гэхдээ шугамд холбогдсон гэж байгаа айл өрхүүдээс хэд нь дотоод холболт, сантехникийн асуудлаа шийдэж, холболтыг бүрэн ашиглаж чадаж, байгаа, яг шугамаас цэвэр ус ашиглаж, ариун цэврийн боловсон байгууламжтай болж, нүхэн жорлонг халж чадсан эсэх тухайд нарийн судалгаа байхгүй. Тэрчлэн уг төслийн ажилд ямар нэг хөндлөнгийн хяналт шинжилгээ хийгдээгүй байна. Ялангуяа бүтэц, зохион байгуулалт, сонгон шалгаруулалт, гэрээ, санхүүжилт түүний зарцуулалтын тухайд хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийлгэх шаардлагатай, эрх мэдэл бүхий улс төрийн өндөр албан тушаалтны ашиг сонирхол шургалсан байх магадлал анзаарагдаж байна.
Агаар орчныг цэвэршүүлэхэд хяналтын эрүүл тогтолцоо үгүйлэгдэж байна
2022 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн ХОАОНӨГ/202212034 тоот гэрээний дагуу “Монтех дистрюбишн” ХХК-аас тоосонцорын DUST TRAK-т багажийг хүлээн авч агаарын бохирдлыг хэмжиж, тооллого судалгаанд ашиглах болсон. Тоосонцорын агууламжийг 1 цаг тутамд тодорхойлох PM-10, PM-2.5 автомат багажаар хангагдаж, гаднын нөхцөлд 24 цагийн хэмжилт хийх боломжтой болсон. Ховд аймгийн агаарын бохирдлыг хянах зорилгоор дулааны улиралд тоосонцорын DUST TRAK-т багаж 5 дугаар сараас 9 сар хүртэл өдөр бүр 08, 20 цагуудад өдөрт 2 удаа, хүйтний улиралд буюу 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл өдөр бүр 08, 14, 20 цагуудад өдөрт 3 удаа ажиглалт хийж азотын давхар исэл (NO2), хүхэрлэг хийг (SO2), тодорхойлж, нүүрс төрөгч (CO) тоос, тоосонцор, цацраг зэрэг үзүүлэлтүүдийг хэмждэг болсон. Гэвч ердөө ганцхан цэгээс эргэн тойрныхоо 500 метрийн радиуст хэмжилт хийдэг.
Тэгэхээр хотын агаар орчны төлөв байдлыг зонхид нь хэмжиж тодорхойлох боломжгүйн дээр, өдөр тутам дээр дурьдагдсан цагуудад төхөөрөмжин дээр гарсан тоог тэмдэглэн, төв лаборатори руу дамжуулах л үүрэгтэй. Төв лабораторид мэдээллийг тодорхой хүрээнд боловсруулдаг боловч тухайн орон нутгийн агаар орчны бохирдлын өсөлт бууралт, харьцуулсан үзүүлэлтүүдийг нэгтгэж, төрөлжүүлж гаргадаггүй. Тэгэхээр бодит үр дүнг нарийвчлан тооцох талаасаа бараг боломжгүй байдаг байна. Гэхдээ Хяналт шинжилгээний хэлтсийн гаргасан хэрэгжилтийн тайлан дээр “сүүлийн жилүүдэд Ховд аймгийн төв болон түүний орчим дахь агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс тогтмол доогуур байгаа” гэсэн байгаа юм. Хүлцэх хэмжээнээс даваагүйг яаж тогтоосон тухай тайлбар авах гээд хариуцсан мэргэжлийн нөхдөөс шалгаахад тайланд ингэж бичигдсэнийг ер мэдэхгүй байх жишээтэй.
Өнөөгийн байдлаар agaar.mn цахим сайтын “агаарын чанарын хяналт шинжилгээ” цэс рүү орж үзэхэд зөвхөн Улаанбаатар хотын сонгогдсон дүүргүүдийн агаар орчны бохирдлын индексийг хэмжилтийн үр дүнгээр харуулдаг. Бусад орон нутагт буй хэмжилтийн цэгүүдийн мэдээлэл байдаггүй. Энэчлэн “Улаанбаатар хотын дүүргүүд дэх тодорхой цэгүүдэд байршуулсан агаар орчны бохирдол хэмжих станцууд нь давтамжын хувьд нэлээн “солгом”, хол давтамжтай хэмжиж буйгаас гадна, станцын хэмжилтийн дүнг харах, нээлттэй танилцах боломжгүй байдаг, станцын хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээний стандартын хувьд учир дутагдалтай зүйлүүд ажиглагдсан” хэмээн хэмжилтийн үр дүнгийн ил тод байдалд мониторинг шинжилгээ хийсэн “Public lab Mongolia” ТББ-ын үүсгэн байгуулагч, хөтөлбөрийн зохицуулагч Л.Бямбацэцэг үгүүлж байсан. Түүнчлэн манай улсад мөрдөгдөж байгаа агаар дахь түгээмэл бохирдуулагчийн хүлцэх агууламжийн түвшин нь дэлхийн дундажаас ихээхэн доогуур байдаг бөгөөд одоо ч үүнийгээ мөрдсөөр байгаа. Тухайлбал “Breathe Mongolia-Clean air coalition” судалгааны байгууллагын судалснаар (гүйцэтгэх захирал Ц.Азжаргал) манай улсад мөрддөг агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцорын хүлцэх агууламжийн стандарт хэмжээ 25 мкг/м3 (2007-2016 оны байдлаар, одоо өөрчлөгдөөгүй) байхад НҮБ-аас мөрддөг стандарт хэмжээ 2005 онд 10 мкг/м3 байснаа 2021 онд 5 мкг/м3 болгож бууруулсан, АНУ-д бол 20 мкг/м3 байсныг 15 мкг/м3 болгож бууруулсан, бүдүүн ширхэглэгт тоосонцорын хүлцэх агууламжийн манай улсад мөрддөг стандарт хэмжээ 50 мкг/м3 бол НҮБ-аас мөрддөг хэмжээ нь 2005 онд 20 мкг/м3 байснаа 2021 онд 15 мкг/м3 болгож бууруулсан байх жишээтэй. Бас олон станцуудын өгөгдлийг нэгтгэсэн, дундаж үзүүлэлтээр агаарын бохирдлын хэмжээг харуулж байгаа нь учир дутагдалтай. Зүй нь бол станц тус бүрийн өгөгдлийг тусгайд нь тэмдэглэх болон тухай бүрийг нь орж үзэх боломжтой байхаар зохицуулбал үр дүнтэй. Эдгээр мэдээллээс үзэхэд орон нутгийн хэмжилтийн станцуудын хувьд тухайн станцынхаа хэмжиж буй радиуст гарсан агаар бохирдуулагчийн агаарт тархсан хэмжээнд үндэслэн “агаарын чанар хүлцэх хэмжээнд байгаа” гэсэн мэдээ, тайланг холбогдох газруудад хүргүүлж буй нь учир дутагдалтай байх магадлалтай.
Ховд аймгийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл тооллогыг БОАЖ-ын яамны сайдын тушаалаар батлагдсан загварын дагуу аймгийн УЦУОШГ-аас хариуцан жил бүр гаргаж ирсэн. Энэхүү тооллогын дүнг нягтлаж, 2019-2020 оны гол бохирдуулагч эх үүсвэрүүдийн тоо хэмжээ, агууламжийг 2022 оныхтой харьцуулж үзсэн бөгөөд 2019-2020 оныхыг суурь түвшин, 2022 оныхыг хүрсэн түвшин гэж авч үзэв. Тэгвэл 2022 оны байдлаар зөвхөн аймгийн төвийн хүрээн дэх гэр хорооллын айл өрхүүдийн өвлийн цагт нүүрсээр галладаг ердийн зуухны тоо суурь түвшнийхээс 1277-оор, хэрэглэсэн түүхий нүүрсний хэмжээ 4038.6 тонноор, байшингийн зуухны тоо 629-өөр, хэрэглэсэн түүхий нүүрсний хэмжээ 2160.1 тонноор, 15-аас 100 кВт хүртэл хүчин чадалтай усан халаалтын зуухны тоо суурь түвшнээс 19-өөр, хэрэглэсэн түүхий нүүрсний хэмжээ 1181 тонноор, 100-аас 4200 кВт хүртэл хүчин чадалтай усан халаалтын зуухны тоо суурь түвшнээс 4-өөр хэрэглэсэн түүхий нүүрсний хэмжээ 591 тонноор, 4200 кВт-аас дээш хүчин чадалтай зуухны тоо хэвээрээ ч (2 ш), хэрэглэсэн түүхий нүүрсний хэмжээ 6800 тонноор өссөн байна.
Аймгийн хэмжээн дэх авто тээврийн хэрэгслийн тоо 2021 оныхоос 2022 онд 4789-өөр, үүнээс 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан тээврийн хэрэгсэл 2529-өөр, хөдөлгүүрийн багтаамжийн хувьд 4501см3-аас дээш багтаамжтай буюу их хэмжээний түлш шатааж, утаа гаргадаг тээврийн хэрэгслийн тоо 1371-ээр, дизел түлшээр ажилладаг зүтгүүрийн тоо 270-аар тус тус нэмэгдсэн. Бохирдуулагч эх үүсвэрийн тоо ийнхүү бүх нэр төрөл дээрээ үлэмж хэмжээгээр өсөж үржсэн байхад агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэхгүй, хүлцэх хэмжээнээс бага байгаа гэсэн таамаг шахуу дүгнэлтээр тайлангийн хуудас бөглөж аргацааж байна гэж үзэх үндэслэлтэй. Учир нь дээр бичсэнчлэн аймгийн төвд 500 метрийн радиусыг багтааж, ердөө нэг цэгт хэмжилт хийдэг жижиг станцтай бөгөөд хэмжилтийн дүнг нэгтгэж, боловсруулалт, анализ хийгддэггүй, станцын хэвийн ажиллагаа тийм ч найдвартай бус гэх мэтчилэн асуудал байгаа гэдгийг зарим эх сурвалжууд үгүүлж буй.
Ийнхүү тайланд бичигдсэн зүйлсийг бодит байдалтай харгуулан нягтлаж үзэхэд хэд хэдэн асуудал гарч ирж байна.
Нэгдүгээрт: төлөвлөгөөний заалт тус бүрийн биелэлтийг бодит бусаар тайлагнасан нь цөөнгүй байгааг уншигч та бүхэн эндээс анзаарсан байх.
Хоёрдугаарт: хөтөлбөр төлөвлөгөөний хэрэгжилтэнд тавих явцын хяналт нэн сул байсныг бас анзаарч байгаа болов уу. Хөндлөнгийн хяналт мониторинг огт хийгддэггүй, “хяналт хийгдсэн, хийгдэж байгаа” гэх мэтээр тайланд бичсэн ажлуудын мөрөөр орж нягтлаж үзэхэд бүгд дэгс байх жишээтэй. ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн жил бүрийн болон эцсийн тайланг хянаж өөрсдийн зүгээс оноо өгсөн ч, хүн хүчний хүрэлцээ муутай (гуравхан орон тоотой) зэрэг аргагүй нөхцөл байдлын улмаас явцын болон цогц хяналт шинжилгээг дорвитой явуулах боломж хомс бололтой. Гэвч хөндлөнгийн хяналтыг хараат бус мэргэшсэн байгууллагууд, нэн ялагуяа иргэний нийгмийн хийгээд төрийн бус байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт зарлах замаар гэрээлэн гүйцэтгүүлж, хөтөлбөрийг арай үр өгөөжтэй болгоход анхаарах боломж нээлттэй байсан гэж бодно.
Гуравт: Хөтөлбөрийн үр өгөөж гэхээр тоймтой зүйл тайлангаас үндсэндээ харагдахгүй байна. Тухайлбал хөтөлбөрийн 7.1.1-д заасан “… агаар бохирдуулагч суурин эх үүсвэрүүдийн агаарт гарах бохирдлыг 2019-2022 онуудад шат дараатай бууруулах, 7.1.2-т заасан “хөдөлгөөнт эх үүсвэрийн агаарт гарах бохирдлын хэмжээг 1,5 дахин бууруулах”, 7.1.3-т заасан “2022 оны түвшинд бүрэн, утаагүй түлшээр хангаж, гэр хорооллоос гарах бохирдлыг өнөөгийн түвшнээс 2 дахин бууруулах”, 7.1.4-т заасан “хотын агаарын бохирдлыг 2022 оны түвшинд 40-өөс багагүй хувиар багасгана” гэсэн шалгуур зорилтуудыг хэрхэн хангасныг хэмжих, дүгнэх боломжгүй байна.
Учир нь агаар орчны бохирдлын үзүүлэлтүүдийг аймаг, орон нутгийн түвшинд тодорхойлон үзүүлэх технологийн боломж манай улсад бий болоогүй байгааг дээр дурьдсан. Тэгтэл ийм боломжийг бий болгоход хувь нэмэр оруулах, тодорхой алхам хийхэд чиглэгдсэн гэхээр төлөвлөлт, заалт төдийлөн харагдахгүй байна. Хэмжигдэх, тогтоогдох, дүгнэх боломжгүй ихээхэн том хүлээлт үүсгэсэн зорилтуудыг төлөвлөгөөнд тусгасан нь цөөнгүй бөгөөд уг зорилт нь илтэд огт биелэгдээгүй байхад тайланд бодит бус оноо тавьж, хөтөлбөрийн үр дүнг хяналт шинжилгээний хэлтсийн хянаснаар бол нийт дундажаар нь 76 оноогоор дүгнэсэн нь мөнхүү бодит бус гэж үзэхээр байгаа юм. Жишээлбэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 7.1.2-т буй “Бүрэн шаталт явагдах технологи бүхий эдийн засагт хэмнэлттэй, утаа бага гаргадаг стандартын шаардлага хангасан зуух, шүүлтүүрүүдийг Жаргалант сумын гэр хорооллын 5130 өрхүүдэд тавьж, 2022 оны түвшинд бүрэн, утаагүй түлшээр хангаж, гэр хорооллоос гарах бохирдлыг өнөөгийн түвшингөөс 2 дахин бууруулна”. 7.1.3-т буй Ховд хотын агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэрүүдийг шинээр байгуулах асуудлыг бодлогоор зохицуулах, шинээр нам даралтын зуухнуудыг суурилуулахгүй байх, удирдлага, зохион байгуулалтын болон эдийн засгийн хөшүүргийг нэвтрүүлснээр хотын агаарын бохирдлыг 2022 оны түвшинд 40-өөс багагүй хувиар багасгана” гэх мэтүүдийг авч үзэж болно.
Ийнхүү агаар орчны бохирдлыг бууруулах, “агаар цэвэршүүлэх” талаар манай төрөөс явуулж буй бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн нэгээхэн жишээ болгож Ховд аймгийн агаар орчны бохирдол бууруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн бодит дүр зургийг анхааран судалсны үндсэн дээр бид юуны өмнө хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын болон үр дүнгийн хяналтыг хараат бус, хөндлөнгийн хянагчдаар гүйцэтгүүлэх эсвэл давхар хяналт шинжилгээ хийлгэх шаардлагатай байсныг чухалчилан хөндөхийг хүссэн бөгөөд манай төрийн байгууллагуудын хэрэгжүүлдэг бусад чиглэлийн бодлого хөтөлбөрүүдийн хувьд ч мөр ялгалгүй ийм шаардлага байгааг дашрамд сануулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь өмнө нь тодорхой хүрээнд ажиглаж судалсан асуудлуудынхаа хүрээнд бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн бодит байдал ямар байдгийг бид сайтар гадарлаж байгаа билээ. Энэ тухайд олон чиглэлээр, олон асуудлыг дурьдаж болох ч нийтлэлийн сэдвээсээ хазайхгүйн тулд тэдгээрийг орхиё.
Харин агаар орчны бохирдлыг бууруулах, агаар орчныг цэвэршүүлэх нэрийн дор батлан хэрэгжүүлсэн энэхүү хөтөлбөр цаашид үргэлжлэн хэрэгжих эсэх нь сонирхолтой. Мэдээж нэгэн аймаг төдийгүй, Монгол Улс, бусад олон улсууд, дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй энэ асуудлыг шийдэх алхам хийхийн төлөө бодлого, хөтөлбөр үргэлжлэн явагдахаас аргагүй байх. Агаарын тухай хуулинд “Засгийн газрын харъяанд ажиллах агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах Үндэсний хороо, БОАЖ-ын асуудал эрхлэсэн төрийн Захиргааны байгууллагаас стандарт, дүрэм, журам, аргачилал, зааврыг боловсруулж батлана”, мөн “эдгээр байгууллагууд орон нутаг дахь нутгийн удирдлага, захиргааны байгууллагатай хамтран хэрэгжилтийг хянаж, хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын зохион байгуулна” гэж заасны дагуу Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт “хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохицуулж, хяналт тавих үүргийг бүх шатны Засаг дарга Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран гүйцэтгэх, явцын хяналт шинжилгээг ОББҮХ, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагатай хамтран гүйцэтгэх, ОББҮХ, шат, шатны Засаг дарга нар дүгнэлт зөвлөмж бүхий тайланг Эрүүл мэндийн асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр тус тус заажээ. Харин Ховд аймгийн дэд хөтөлбөрийн тухайд бол “аймгийн ЗДТГ-ын хяналт-шинжилгээ, дотоод аудитын хэлтэс хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж үр дүнг тооцох, жил бүр аймгийн ИТХ-д тайлагнахаар заасан. Гэвч дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан дээр ямар нэгэн зөвлөмж өгөгдсөн зүйл байхгүй байгаа юм. Хяналт шинжилгээ хийгдсэн эсэх тэрчлэн өгөгдсөн зөвлөмж бий эсэх талаар хуулинд заагдсан “Орчны бохирдол бууруулах Үндэсний хороо”-ноос лавлах гэтэл одоо тийм бүтэц байхгүй, татан буугдсан. Татан буугдсан Үндэсний хорооны чиг үүрэг “хагас дутуу” шилжсэн гэгдэх БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газартай холбогдох гэж хэдэн өдөр болж байж (утсаа авдаггүй), арай нэг холбогдтол “орон нутгийн хөтөлбөрийг орон нутагтаа л хариуцана. Манайд ямар нэг мэдээлэл, тайлан байхгүй” гэсэн хариу өгөв.
Тиймээс цаашид энэ чиглэлийн ажлыг үргэлжлүүлэн өрнүүлэхдээ бидний хөндөж, дэвшүүлсэнчлэн, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, үр өгөөжтэй, хараат бус хяналтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг сайтар бодолцох нь нэн шаардлагатай хийгээд судлах, төлөвлөх, боловсруулах, батлах бүх шатандаа бодит оролцоог бий болгох, базаж хэлвэл арга барилаа эрүүл болгох амин чухал хүсэл зориг үгүйлэгдэж байна гэдгийг анхаарвал зохино.
Жич, зүүвэр, тодруулга: Бүтээлд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний сайн дурын илтгэлийн болон Breathe Mongolia – Clean Air Coalition байгууллагын судалгааны танилцуулгад орсон зарим хэсгийн зургийг ашиглав. Энэхүү бүтээлийг Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр (EJFP)-ийн нэг үр дүн болгон бэлтгэсэн болно. EJFP хөтөлбөрийг Breathe Mongolia – Clean Air Coalition болон Green Dot Climate төрийн бус байгууллагууд Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубтэй хамтран хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Internews-ийн Earth Journalism Network санхүүжүүлж байна. Энэхүү бүтээлийн агуулга ба илэрхийлсэн санаа бүхэлдээ сэтгүүлчийнх бөгөөд EJFP хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч байгууллагууд агуулга болон санааг хуваалцах албагүй.
This piece was produced as part of the journalist’s participation in the Environmental Journalism Fellowship Program (EJFP). EJFP is being implemented by the non-profits, Breathe Mongolia – Clean Air Coalition and Green Dot Climate in partnership with the Green Planet Club of environmental journalists at the Press Institute of Mongolia. The Program is funded by the implementers, the U.S. Embassy in Mongolia, and Internews’ Earth Journalism Network with the support of the Swedish International Development Cooperation Agency (Sida). Responsibility for the piece rests entirely with the journalist. EJFP’s implementers and funders do not necessarily share the expressed views and interpretations.
Г.ТӨРМӨНХ
Г.ЭНХЖАРГАЛ
10 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.