УИХ дахь АН-ын өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хурлаараа хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Д.Ганбат нар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, олон хүмүүсийн санал бодлыг сонссон. Үүний үндсэн дээр уриалга гаргах нь зүйтэй гэж санал нэгдлээ. Ардчилал эмзэг, сорилтын байдалд орлоо. Ардчиллын анхдагчид, түүчээлэгчид бүгдээрээ тойрогт очиж өрсөлдөхийг уриалж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл гээд 2025, 2026, 2027 оны төсөөллүүдийг гаргадаг. Сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлуудыг харахаар Төсвийн хуультай зөрчилдвөл энэ хуулийг хэрэгсэхгүй үзэж болно гээд нэг хууль баталчихсан байх жишээтэй. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн сахилга батыг баримталсангүй. Тэр тусваа Төсвийн тухай хуулийг баримтлахгүй ажиллачихаад одоо цар тахал, газар, ногоон автобус гэх мэт сонсголыг хийхгүйгээр УИХ завсарлах гэж байна. Бараг 20 их наядын цар тахлын төсвийн сонсголыг хийсэнгүй. Сүүлийн үед УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй хуулиудыг олноор хэлэлцэж, баталлаа. Эрх баригчид яагаад цар тахал, газар, ногоон автобусны сонсгол хийж, асуудлыг хэлэлцэхгүй байна вэ. Үндэсний баялгийн сангийн анхдагч хууль болох Ирээдүйн өв санг Ардчилсан намаас санаачлан баталж байсан. Ардчилсан нам үргэлж байгалийн баялаг иргэдэд хамаатай байх бодлогыг баримталж ирсэн. Сонгууль л болж байвал Монголын маргааш, улсын төсөв энэ бүгд хамаагүй болсон байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат “Отгон чуулганаар олон хуулийг яаралтай горимоор түргэн, түүхий баталлаа. Өнгөрсөн нэг, дөрөвдүгээр сард цалин, тэтгэвэр нэмсэн. Тооцоо судалгаагүй хуулиудаар монгол төгрөг цаас болж байна. Хэд хэдэн хуулийг сайжруулж, батлах ёстой. Ард түмэн их хэрсүү болж, ямар үйлдвэр барьж, иргэдийн амьдралыг дээшлүүлэв гэдгийг асууж байна. Гэтэл эрх баригчид биднийг дахин сонгоод өгөөч ээ гэж гуйж явна. Нөгөө л үлгэрээ яриад явж байна. Бид уул уурхайн баялгийг ард түмний мэдэлд байхыг дэмжиж байгаа. Гэхдээ өнөөдрийн хуулиуд амьдрал дээр хэрэгжихэд хэцүү байна. Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн нэг жил байхгүй боллоо. Ирэх хоёр, гурван жилийн төсвийн хүрээний мэдэгдэл нь нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэдэг. Эрчим хүч, бензин шатахууны асуудал тодорхойгүй байна. Үлдсэн хугацаанд эрх баригчид улс орноо, ард түмнээ бодож, амлалтаа биелүүлж, хариуцлагатай ажиллаач ээ. Иргэд та бүхнийг хүлээж авахгүй байна шүү дээ” гэв.
УИХ-ын гишүүн Н.Ганибал “Мал аж ахуйн салбарыг сүйрүүлэх гэсэн эрх баригчдын бодлогыг ард түмэнд ойлгуулах шаардлага гарч байна. МАН-аас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг сонгуультай холбогдуулан танилцуулж, хэдэн арван тэрбумаар нь хурал цуглаан хийж, төрийн албан хаагчдыг хөдөө орон нутагт явуулж, нийгмийн сэтгэл зүйд буруу ойлголт төрүүлж байгаад гүнээ харамсаж байна. Сүүлийн 30 гаруй жилд хоршооны асуудал яригддаг байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг ямар ч тооцоололгүй, нөхцөл байдлыг бодитоор дүгнэлгүйгээр шууд нийтээр хоршоожуулах аян хэзээ ч явж байгаагүй. Загвар хоршоо гэж яриад байгаа нь өнөөдрийн нөхцөлд ямар ч ашиггүй. Хэрэв малчдын амьдралыг сайжруулъя гэж бодож байгаа бол малаас гарч буй түүхий эд, бүтээгдэхүүний үнийг бүрэн чөлөөлөх ёстой. Мал махыг үнэ цэнтэй болгож чадвал дараагийн удаад хоршоо байгуулах тухай ярьж болно. Мөн зээлийг тэглэж, малжуулах төслөө хэрэгжүүлж, үнийг чөлөөлөх учиртай. Малыг малчдад өгснөөр тоо толгой нь өссөн. Үүний дараагийн ажил болох үнийг чөлөөлөөгүйн улмаас мал аж ахуйн салбар зогсонги байдалд орж, ашиггүй салбар болж эхэлсэн. Хоршоо бол үүний гарц биш. Гарц нь үнийг чөлөөлж, үнэ цэнтэй мал аж ахуйг бий болгох шаардлагатай. Өнөөдөр хоршиж хамтраад ингэж ашигтай ажиллана гээд тооцооллоо гаргасан нэг ч малчин байхгүй. Гэтэл зээл ав гээд байгаа юм. Зээл аваад өрөнд орох зүйлийг Монгол төр малчдадаа түлхээд байна” гэлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.