Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчимд газ дэлбэрч, олон иргэн амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон. Тэгвэл өнөөдөр дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны оршин суугчдын төлөөлөл уг асуудалд төр засгаас дорвитой арга хэмжээ авахыг шаардаж мэдээлэл хийлээ.
Тус байрны оршин суугч Г.Дүүрэнжаргал “Түүнчлэн Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан барилгын дүгнэлттэй оршин суугчид тавдугаар сарын 1-ний өдөр бүрэн эрхээр нь танилцсан. Уг дүнэлттэй танилцахад Улсын онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 4-нд хийсэн хэвлэлийн бага хурал хийх үеэрээ өгсөн мэдээллээс зөрүүтэй байна. Мөн хэт нэг талыг барьсан, сөрөг агуулгатай дүгнэлт хийснээс гадна дүгнэлтийн тоон дүн зөрүүтэй байгаа нь хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл тараасан үйлдэл болсон гэж үзэж байна. Барилгатай холбоотой улсын комиссын дүгнэлт дөрөвдүгээр сарын 1-ний өдөр гарах байсан ч гурав хоногийн дараа буюу 4-ний өдөр ОБЕГ-ын хэвлэлийн бага хурлаар олон нийтэд ил болсон. Уг дүгнэлтийн талаар хохирч үлдсэн иргэдэд урьдчилан мэдэгдэхгүйгээр хэвлэлийн хурлаар танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд УОК-ын шийдвэрийг хурдан хэрэгжүүлэхийн тулд хоёр ч удаа төрийн ордоны гадаа тайван жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлсэн. Барилгатай холбоотой дүгнэлтийг оршин суугчид гарсан цагаас нь бүтэн сарын дараа буюу тавдугаар сарын 1-нд гар дээрээ хүлээж авсан. Барилгын дүгнэлттэй танилцахад хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн мэдээллээс зөрүүтэй, зөрчилтэй зүйл олон гарсан.
Нийт барилгын 86 хувь нь шатсан гэж мэдээлэл өгч байсан. Энэ дүгнэлтээс харахад энэ барилгат цаашид хүн амьдрах боломжгүй гэж ойлгогдоно. Гэтэл бидэнд ирсэн дүгнэлт дээр нийт барилгын найм орчим хувь нь галд өртсөн, 83 хувь нь галд огт өртөөгүй гэсэн дүгнэлттэй байна. Нийт 63 өрхөөс нэг л айл галд бүрэн өртсөн. Бусад айлуудын 1-2 өрөө нь галд бага зэрэг өртсөн гэсэн дүгнэлттэй байна.
Анх барилга баригдах үед хууль зөрчиж, зөвшөөрөл аваад барьсан техникийн давхарын айлууд бий. Тухайн дөрвөн айлын хоёр нь галд өртсөн. Тиймээс бидний хувьд нийт барилгын 8 хувь нь галд өртөж эрсдэлтэй болсон бол тэнд нь засвар хийгээд орох боломж юу байгаа талаар судалж байна.
Өөрөөр хэлбэл, нийт барилгын 86 хувь биш 8 хувьд нь эрсдэлд өртсөн гэдгийг төр засгийн удирдлагуудад дуулгахыг хүсч байна.
Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан дүгнэлт дээр бетоны чанар аюулгүй байдлыг хангасан байна, Барилгын бүтэц хийцэд дэлбэрэлтээс үүдэн ямар нэгэн гажилт, хазайлт үүсээгүй. Барилгын норм дүрмийг хангаж байна гэсэн дүгнэлт ирсэн. Газ ачиж явсан автомашин дэлбэрсний улмаас 207 дугаар байрны 63 өрхийн 218 оршин суугчид гамшигт өртсөн. Үүнд өндөр настан 17, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр, бага дунд насны 83 хүүхэд, хэвтрийн өвчтөн нэг, жирэмсэн эх гурав, хөдөлмөрийн насны иргэн 112 буюу нийт 218 иргэн идэр есийн хүйтэнд орон гэргүй болж үлдсэн. Өнөөдрийг хүртэл бидний ирээдүй шийдэгдээгүй байгаад санаа зовж, өнөөдөр 107 дахь өдөртэйгөө золгож байна.
Бид Улсын онцгой комиссын дүгнэлттэй нэг бүрчлэн уншиж танилцсан. Энэ байрны бодит дүгнэлт дээр гуравхан айл бүрэн галд өртсөн гэсэн байсан. Тэр дундаа барилгын үндсэн хийцлэлд байгаа нэг айл галд өртсөн. Тэр айлууд нь 13 дугаар давхрын өргөтгөлийн хэсгийн айлууд байсан. Барилгыг хүчитгэх арга хэмжээг авах шаардлагатай гэдгийг Барилга, хот байгуулалтын яамны дүгнэлтэд бичсэн байсан” гэв.
Эргэн сануулахад, галын улмаас Онцгой байдлын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд ба хөнгөн гэмтсэн байна. Мөн 35 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан юм. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг холбогдох байгууллагуудаас гарсан. Тиймээс учирсан охирлыг барагдуулах, шинээр орон сууц барих, осолд өртсөн айлуудын түрээсийн төлбөрийг төлөх, буруутай этгээдээс нэхэмжлэх зэрэг асуудлыг нийслэлийн удирдлагад шилжүүлж байгаа гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн. Мөн газ дэлбэрсэн асуудалтай холбоотой Засгийн газраас таван тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд зарцуулалтаас үлдсэн 2.9 тэрбумыг нийслэлд шилжүүлсэн аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.