Хачигт хазуулснаар толгой өвдөх, биеэр тууралт гарах, халуурах, үе мөч, булчин өвдөх, тунгалгийн булчирхай үрэвсэх, захын мэдрэл үрэвсэх зэрэг 10 гаруй шинж тэмдэг илэрдэг. Хачигт хазуулснаас хойш 1-30 хоногийн дотор дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн төвд хандахаас гадна Ixodes persulcatus хачгийн тархалт ихтэй хачигт энцефалитийн голомттой бүс нутагт амьдардаг бол тухайн өвчний вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай гэдгийг иргэдэд мэргэжлийн байгууллага зөвлөж байна.
Хачигт хазуулахгүй байх зөвлөгөө:
-Халдварын голомттой газраар явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байхыг зөвлөж байна.
Мөн хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд гурваас дөрвөн цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах. Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх. Биед шигдсэн хачгийн хошууг арьсанд үлдээхгүйн тулд ганхуулж, болгоомжтой сугалан авах. Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт зорчихдоо хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтад хамрагдах.
Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болох татгалзах, хүүхдээс хол байлгах. Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэхийг зөвлөж байна.
Монгол Улсад 2005 оноос хойш гурван төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, боррелиоз, риккетсиоз зэрэг халдварыг албан ёсоор оношлон бүртгэж эхэлсэн байдаг. Хачгаар дамжих халдвар нь хачгийн идэвхтэй үетэй давхцаж буюу 4-10 дугаар сард идэвхэждэг. Хачигт энцефалит өвчин вирусээр үүсгэгддэг. Эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, унах татах, саажих зэрэг шинж тэмдгээр илэрдэг.
Манай орны найман аймгийн 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн байдаг. Харин хачигт боррелиоз өвчин нь нянгаар, иксодын төрлийн хачгаар дамждаг. Төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм.
Толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөч өвдөх, бие дээр цагирган тууралт гарах зэрэг шинж илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин нь риккетсигээр үүсгэгддэг. Халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалгийн булчирхайн үрэвсэл, хачигт хазуулсан газарт үрэвсэх зэрэг шинж илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин 12 аймгийн 53 сум, нийслэлийн таван дүүрэгт байгалийн голомт тэмдэглэгдсэн байна. Эдгээрээс хачигт энцефалит нь хүндрэл, үлдэц ихтэй өвчин юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.