Үндэсний брэндийг дэмжих асуудлыг дурандахуй

2017-06-19 Made in Mongolia

« JP Morgan » компанийн шинжээч­дийн дүгнэж байгаагаар алдарт Apple компаниас шинээр зах зээлд гаргаж буй iPhone 5 худалдаанд гарснаар АНУ-ын ДНБ жилийн дүнгээр 12.8 тэрбумаар нэмэгдэнэ хэмээн тааж байсан нь биелэлээ олжээ. Харин Өмнөд Солонгосын хувьд, ДНБ-ний өсөлт нь өмнөх улиралынхаас 1.8 хувиар нэмэгдсэн гэж тус улсын  Төв банк мэдэгдсэн байна. Эдгээр гадаад улс орнуудын эдийн засгийн өсөлтөнд үндэсний брэндийн маш том нөлөө байгаа нь мэдээж.

 

 

Одоо гадаадын туршлагуудыг түр орхиод Монгол Улсынхаа үндэсний брэндийн өнөөгийн байдлыг нэг тольдоод үзье.

Үндэсний брэнд гэж юу вэ?

Улс орнууд өөрийн хүч чадал, нөлөөгөөр өрсөлдөх бус экспорт, гадаадын хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалын салбар дахь маркетингийн шинэ талбарт өөрийн үндэсний брэндийг бий болгохыг эрмэлзэж байна. Саяхныг хүртэл улс орнууд компаниар тодорхойлдог байв. Жишээлбэл Японыг «Sony», АНУ-ыг « Apple » гэх мэт. Харин энэ уламжлалт байдал одоо алдагдаж эхэллээ. Өнөөдөр дэлхийн шилдэг 100 эдийн засгийн 46 нь бие даасан компаниуд байгаа бөгөөд зарим корпорацийн брэндүүд нь улс орноосоо илүү нэр хүндтэй болжээ.

Өнөөдөр улс орнуудын өрсөлдөөн нь гадаадын хөрөнгө оруулалт, аялал жуулчлал болон бараа, үйлчилгээний экспорт гэсэн худалдааны гурван салбарт явагдаж байгаа нь тухайн улсын нэр хүнд, имидж, нэрийн хуудсын амжилт, уналтыг нь тодорхой харуулах юм.

Алийг нь дэлхийн брэнд болгож болох вэ?

Уул уурхай, түүхий нүүрс, ашигт малтмал, стратегийн ач холбогдол бүхий 15 орд газар бол сурталчилгаа, бодлого шаардахгүй угаасаа брэнд болчихсон. Ноос, ноолууран бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, монгол малын мах, ардын урлаг, хөөмий, уртын дуу бол дэлхийд байхгүй брэнд билээ. «Ээ санадаг санаа » Бидний эцсийн бүтээгдэхүүн болгож, гаднынханд “чулуу болгож” өгч чадахгүй байгаа олон бүтээгдэхүүний дунд нэг ирээдүйтэй бүтээгдэхүүн байгаа бөгөөд та сонсоод битий гайхаарай. Энэ бол чацаргана. Ирээдүйд нүүрснээс илүү моодонд орж, Монголын брэнд болох бололцоо өндөртэй, гадныханд эрэлттэй энэ байгалийн жимсийг “чулуу” болгоход юу дутаад байгааг монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал хөндсөн юм. Өнгөрсөн онд ердөө л 655.2 тонн чацаргана хураан авсан ч түүнийхээ 5000 гаруй тонныг түүхийгээр экспортолж, тонн тутмыг 4500-5000 ам.доллараар худалдаалжээ. Чацарганы тариалалтын талбайг 2016 он гэхэд одоо байгаагаас нь 20 мянган га-гаар тэлэх, ургацыг 35 мянган тоннд хүргэхээр “Чацаргана” хөтөлбөрийнхөн төлөвлөж байгаа аж. Чацарганагүй атлаа чацарганаар “өвчилсөн” Унгар, Шинэ Зеланд тэргүүтэй орнууд БНХАУ, ОХУ, Их Британи, Итали зэрэг орноос ердөө нэг тонн түүхий чацарганыг 4000-7000 ам.доллараар худалдан авдаг байна. Чацарганы тос үүнээс ч маш өндөр үнэтэй бөгөөд манай улсаас чацарганы нэг тонн тутмыг нь 5000 ам.доллараар импортолсон бол япончууд 100 миллграмм чацарганы тосыг 120 ам.доллараар худалдаалдаг байна.

Монгол чацаргана гадаад зах зээлд ямар алт шиг үнэтэй эд болохыг эрхэм уншагч та эндээс анзаарч байгаа биз ээ. Япон улс чацарганын орцтой гоо сайхны бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэх туршилт хийж эхэлсэн бөгөөд гол түүхий эдээ Монголоос татах нь мэдээж. Иймд ирээдүйд тарих гэж буй 35 мянган тонн чацарганаа түүхийгээр нь экспортлохгүй байх нь чухал юм. Үүний тулд дэвшилтэт технологитой үйлдвэрүүд шаардлагатайг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж буй. Ядаж л чацарганы тос гаргаж авдаг үйлдвэр байгуулахад төрийн дэмжлэг ихээхэн хэрэг болж буйг хүмүүс ярьж байна. Гэхдээ энэ салбарт хэрэгтэй техник технологийг нэвтрүүлж, чацарганы тос үйлдвэрлэхэд дор хаяж найман жил шаардлагатай аж. Байгаа баялгаа үнэд хүргэж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь тухайн салбарт хэрэгтэй дэвшилтэт технологи, боловсруулах арга механизм хэрэгтэй гэдгийг уншагч та хэнээр ч хэлүүлэхгүй ойлгож байгаа биз ээ.

Үндэсний брэндийн “супэр ген” тээж буй өөр нэгэн бид нарт танил болсон бүтээгдэхүүн бол мэдээж нөгөө л ноос ноолуур билээ. Ноолуур нь Монгол Улсын албан ёсны экспортод зэс, алтны дараа гуравдугаарт орох бүтээгдэхүүн бөгөөд 2.6 сая хүн амын гуравны нэгийн орлогын эх үүсвэр болдог байна. Албан мэдээнээс үзвэл 2005 онд 1.03 сая ширхэг бүтээгдэхүүн, 2006 онд 1.13 сая ширхэг бүтээгдэхүүн, 2007 онд 1.15 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Монголын ноос ноолуурын салбарт 50 гаруй аж ахуй нэгж тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс Гоёо, Буян, Говь, Ээрмэл компаниуд анхан шатны боловсруулалтаас эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг. Монгол ноос, ноолууран бүтээг¬дэхүүн чанараараа дэлхийн зах зээлд хоёрт жагсдаг мөн дэлхийн цэвэр ноолуурын 30 хувийг гаргаж байгаа. Үлдсэн нь Хятад улсад оногдож, Энэтхэг, Пакистан зэрэг улсад жаахан хувь ногддог. Урд хөрш маань хамгийн гол нь дэлхийн ноолуурын ихэнх хувийг яаж бэлтгэн, үйлдвэрлэж гаргаж чадаж байна вэ? Монгол улс ноос, ноолуурыг самнасан, самнаагүй, бохир гэсэн гурван хэлбэрээр экспортолж байна. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын техник технологийн болон менежментийн чадварыг сайжруулж, эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гарахуйц чанарын төвшинд хүргэх явдал юм.

Энэ хүрээнд Монголчууд нэгд, ноолуур, хоёрт, ноолуурын үйлдвэрлэл, гуравт, ноолууран бүтээгдэхүүнээрээ дэлхийд яаж өрсөлдөх, хөрш хятадуудыг хэрхэн гүйцэх вэ, дотоодын бэлтгэн нийлүүлэгч, боловсруулагчдаа яаж дэмжиж хамтран ажиллах зэргээс үйл ажиллагаа эхэлнэ. Ингэж чадваас ноос, ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөж, үндэсний брэнд бий болгох цаг ойрхон байна. “Буян” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан: “… нэг килограмм самнаад угаасан ноолуур 80’000 – 120’000 ам.доллар байна, үүгээрээ ноолууран бүтээгдэхүүн хийвэл ойролцоогоор 300 000 ам. доллар болох юм. Гэвч ноолуурын салбарт маш олон хүн уйгагүй ажиллаж хөдөлмөрлөж мөн зах зээл дээр маш сайн ажиллаж байж л амжилтанд хүрнэ. Харин нүүрс бол өөр хэрэг, чанар загвар гэж байхгүй болохоор “ ухлаа бол ачлаа”. Хэрэв бид нар ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод зарж чадвал жилдээ 2 миллиард орчим ам.долларын ашиг авах болно. Би энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөр бид нарт хамгийн их ашиг орлого оруулах салбар бол ноолуур мөн” Үүгээр бид өөрт байгаа баялгийг гаднын орнуудад хямд үнээр экспортлох бус дотооддоо ч баялаг бүтээх боломжтой болох юм.

Монголчуудад өөрсдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ дэлхийн брэнд болгох хүсэл их ч гадаад зах зээлд гарч чадахгүй байгаа болон гарч болох арга замуудыг тодорхой болгох асуудал өдгөө тулгамдаад байна. Нэг үгээр хэлбэл, чацаргана, ноос ноолуур, мах зэрэг дэлхийн зах зээлд нэр хүнд олоход ойрхон байгаа монгол брэндүүдийн « супер генийг » хэлд болон хөлд оруулах цаг нэгэнт болжээ. Aшигт малтмал, түүхий эд, ноос ноолуурын нөөц ихтэй Монгол Улсын гадаад эдийн засаг, худалдааны орчин нөхцөл тааламжтай болж, манай улс бүс нутгийн болон дэлхийн зах зээлтэй хялбар холбогдож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхий дахинд таниулах боломж ойрхон байна.

Энэхүү тааламжтай нөхцөл нь Монгол Улсад хөгжлийн замд гарах сайхан бололцоо олгож байна гэсэн гэгээлэг зүйлс бидний чихэнд дуулдагдаж буй боловч одоо байгаа олон сул талуудаа тунгаан бодох шаардлагатай юм. Улс орон аж үйлдэрлэлээ хөгжүүлж байж л хөгждөг. Хятад улс сүүлийн 20 жил ихэнх мөнгөө яаж аж үйлдвэржүүлэх вэ гэдэг тал дээр л ажилласан. Ийм байдлаар л Хятад улс асар хурдтай хөгжиж, дэлхийд номер нэг экспортлогч орон болж чадсан билээ. Үндэсний баялаг бол хураасан алт мөнгө биш харин чөлөөт арилжаа, хүний өөрийгөө бодсон хувийн сэдэл болох тухай 230-аад жилийн өмнө Адам Смит сургасан. Үүнийг хорвоогийн түүх баталж байна. Байгалийн асар их баялагтай орнууд улам ядуурч өлбөрч байхад, дайны дараа нүцгэн хоцорсон, ямар ч баялаггүй Герман, Солонгос, Япон улс өнөөдөр аж үйлдвэржсэн түүгээрээ эдийн засгаа өөд нь татаж хамгийн их баялгийг бүтээжээ. Баялгийг олдоггүй, баялгийг бүтээдэг ажгуу. Баялаг газраас ухдаг алтнаас биш чөлөөт солилцоо, тархинаас гардаг сэдэлд байдаг гэж нэгэн агуу сэтгэгч хэлсэн байдаг болой.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.