Насанд хүрээгүй охиныг хятад иргэнд зуучилсан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ

2024-01-2 Мэдээ, мэдээлэл

 

Насанд хүрээгүй охидод хүч хэрэглэж, хүчирхийлсэн хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэв.

Цагдаагийн байгууллагаас дараах гурван хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар оны өмнө прокурорт хүргүүлсэн байна.

Эрүүгийн цагдаагийн албанаас:

-Нэр бүхий иргэд 2023 оны гуравдугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй эмэгтэй хүнийг бусдад зуучлан, бусдын зуучилсан эмэгтэй 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдэлд БНХАУ-ын нэг иргэн болон зуучилсан Монгол Улсын иргэн “Х”, “Э” нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

-Нэр бүхий иргэд насанд хүрээгүй хоёр эмэгтэйг хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар 2023 оны нэгдүгээр сараас хойш Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлсэн гэх үйлдэлд иргэн “Н”, “Т” нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн.

-Нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй дөрвөн эмэгтэйн эмзэг байдлыг далимдуулан 2022 оны аравдугаар сараас мөн оны арваннэгдүгээр сарын хооронд бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хэрэгт “Н” нарын зургаан хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.2 хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцаж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.