Манай улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хүнсний тухай хуулийн 3.1.2-т “хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байх тухай тодорхойлжээ.
Тэгвэл бид өнөөдөр хэр эрүүл, чанартай, шим тэжээлтэй хүнс хэрэглэж чадаж байгаа вэ?
Тэр тусмаа хоёр том хөрштэй Монгол Улсад хүнсээ өөрөөсөө хангах нь тусгаар тогтнолын нэг баталгаа болно. Тэр утгаараа бид энэ оныг сайхан мэдээтэй угтлаа. Тодруулбал, энэ жил 175.0 мянган тонн төмс, 185.0 мянган тонн хүнсний ногоо хураан авч, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85 хувийг бүрэн хангаад байна. Энэхүү үзүүлэлт нь Монгол Улс түүхэндээ анх удаа хүнсний ногоо хураалтаараа түүхэн дээд амжилт тогтоосон явдал болов. Мөн улсын үрийн шинэчлэлийн үр дүнд улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 32.0 мянган тонноор нэмэгдэж, нэгж га талбайгаас авах улсын дундаж ургац 15 цн-т хүрээд байна. Энэ нь сүүлийн таван жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм.
Гэхдээ бас сайны хажуугаар саар гэгчээр дахиад цааш нь хөвөрдөх асуудал хүнсний салбарт түмэнтээ байна. Наанадаж л 67 сая малтай улс орон гэхэд сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 100 бус талаас илүүтэй хувийг дөнгөн данган дотоодоосоо хангана гэдэг харамсмаар үзүүлэлт. Бас үнэтэй мах иргэдийн “толгойны өвчин” болоод буй нь бодит үнэн.
Салбарын яамны албан ёсны сайтад тавигдсан статистик мэдээг харвал Монгол Улс сүүн бүтээгдэхүүний 69.3 хувь, гурилан бүтээгдэхүүний 65.9 хувь, хүнсний ногооны 56 хувь, өндөгний 56.2 хувийг дотооддоо үйлдвэрлэжээ. Харин загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, шувууны мах 96.6 хувь, төрөл бүрийн будаа 100 хувь, жимс жимсгэнэ 96.7 хувь, ургамлын тос 98 хувь, элсэн чихэр 100 хувийн импортын хамааралтай байна.
Уг нь өргөн дэлгэр нутагтай, хүнээсээ хэд дахин олон сая малтай, 3 сая иргэнтэй Монгол Улс дотоодынхоо нөөц бололцоог бүрэн ашиглаж чадвал энэ хүнд хэцүү цагт “айлаас гуйх биш авдраа уудлаад амьдарчихаж” болмоор л санагдана…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.