УУДАГ УЛААНД ЧИНЬ АЙДАГ ШАР БИЙ

2023-11-7 Хориггүй сэдэв

 

Нигерийн хиам, манай хэрчим

Африкийн Нигер улсад хунтынхан төрийн эргэлт гаргажээ. Ногоон тивд эзнийхээ эсрэг боссон энэ мэт явдал мундахгүй болохоор аль нэг хурандаа ерөнхийлөгчөө унагахгүй удвал дэлхийн чих дэлдийхээр болжээ. 20 гаруй жил харьцангуй тогтвортой байсан энэ улсын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга өөрийн эзнээ гэрийн хорионд оруулж, эрх мэдлийг нь атгасан талаар гаднын хэвлэлүүд шуугив. Баруун Африкийн улсууд цэрэг оруулж, Засгийн газрын эрхийг сэргээнэ гэлцэж байна. Харин манай нийгмийн сүлжээний идэвхтнүүд босогч генералын ухааны царааг гайхацгаав. Мань генерал Францын төрийн өмчит “Арева” компанийг нутгаасаа хөөж, тус улсад дахин уран нийлүүлэхгүй хэмээсэн нь манай “эх орончдыг” хөөрөлд оруулжээ. Нийлүүлэлт нь хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа ураны үнэ Нигерийн явдлаас хойш улам өсөв. Франц улс найдвартай, тогтвортой түнш, ардчилал хөгжсөн, хүн ам нь боловсорсон хэмээн Монголд тал өгөх боллоо. Ингэж Баруун Африкийн төрийн эргэлт бидэнд хамаатай болж, манай хиамчид шуугих сэдэвтэй болжээ.

Дашрамд: Нигер улс нь ураны нөөцөөр баялаг, дэлхийн ураны хэрэглээний таван хувийг хангадаг. Авилга, албан тушаалын гэмт хэрэг, нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан байдал, байгалийн баялаг, нийгмийн сүлжээний идэвхи гэх олон дүр зургаар тэд бидэнтэй төстэй. Тэнд соошлийн дуулианаар төрийн ажил явна. 200 сая гаруй хүнтэй улсад баялгийг эзэмшсэн цөөхөн гэр бүл доллараар тэрбумтан болж, “Forbs” сэтгүүлийн нүүрэнд малийж байхад, үй олон үгээгүйчүүд өнөө хэдийгээ нийгмийн сүлжээнд “бүүлдэж” байх жишээтэй.

Мардайтай манайхан буюу “уран”-аар баяжигдсан кино

1980-аад Дорнод аймагт Эрдэс хэмээх уурхай түшиглэсэн жижигхэн хотыг зөвлөлтүүд байгуулж, Мардайн уурхайгаас уран олборлож байв. Хүйтэн дайны үеийн цөмийн зэвсэгтэй их гүрэн түүхий эдээ өөрийн хараат орноос хүч түрэн авч байсан гэж ойлгож болно. Мардайн уурхайгаас 600.000 тонн орчим ураны хүдрийг Чита мужийн металлургийн үйлдвэрт тушаасан. Үүнээс их ч байж мэднэ. Энэ их ураныг авах гэж газрын хөрсийг эргүүлчихээд байхад Дорнодын хүн, мал генийн өөрчлөлт, мутацид ороогүй, тэр талаар өгүүлсэн элдэв миф-домог, цуу яриа байдаггүй нь хачирхалтай. Орос цэргийн чанд хамгаалалт доор зөвхөн зөвлөлтүүд ажилладаг байсан Мардайн нууцлаг уурхайн талаар эзэн биегүй цуу яриа их байв. Мэдээлэл хомс газар цуу яриа л үнэн баримтыг орлодог. Цаазын ялтай, амины гарзгүй хоригдлууд ирж ажилладаг, өнөө хэд нь бослого гаргаж, эцэст танк, их буугаар дарсан гэх подкаст бичлэг youtube-д хамгийн их хандалттай байгаа. Айдас дагуулсан нуцлаг сэдэв, үзэгчдийн эрэлтийг тооцоолсон хэсэг уран бүтээлчид киночид “Мардай” нэртэй кино хийсэн ашиг орлогоороо тэргүүлсэн. Урантай ойртсон бүхний ирээдүй баларч байгаа тухай энэхүү кинонд өгүүлнэ. Харамсалтай нь, уран сайхны кинонд гарч буй үйл явдлыг үнэн түүх гэж үнэмшдэг бүтэн үеийнхэн бидний дунд бий. Миний хийгээд надаас дээш насныхан суртал нэвтрүүлгийг уран сайхны киногоор хэрхэн хийдгийг бодитоор мэдэрч, үзэж өссөн. “Хүргэн хүү”, “Аман хуур” зэрэг тухайн цаг үеийнхээ шилдэг кинонууд өөр өөр сэдвээр пропаганда хийж байсан хэрэг бөгөөд үүргээ хангалттай гүйцэтгэсэн. “Цогт тайж”, “Сүхбаатар”, “Мандухай цэцэн хатан” зэрэг түүхэн кинонууд түүхэн үнэн багатай, уран сайхнаар баяжуулсан бүтээлүүд гэхээр маргах хүн хангалттай олон бий.

Дашрамд: Кино, гэрэл зургийн хальс боловсруулахад ураныг ашигладаг. Хар хар цагаан гэрэл зургийг улаан хүрэн өнгөтэй болгоход ураныг ашигладаг бөгөөд энэхүү аргыг уранотип гэдэг байжээ.

Ижил гараатай ч эрс өөр бариатай

Францууд монголын говьд хайгуул хийж Дулаан-Уулын ураны ордыг илрүүлснээс хойш 26 жил өнгөрчээ. Мардайд ил уурхайгаар уран олборлоход гараагүй элдэв цацраг Дорноговьд хайгуул хийх төдийд илрээд сүйд болов. Улаанбадрахад хайртай, улаанбаатарт суурьшилтай “эх орончид” ургийн гажигтай төл малын зургийг нүүр номдоо оруулж, ураны аюулыг сэрэмжлүүлдэг байв. “Уйддаг юмуу, яадаг юм” гэгчээр, эцэст нь “уранд хордсон” гэх амьд ямаа авч ирж, хэвлэлийнхний нүдэн дээр Француудтай нь хамт “муулав”. Халуун үйл явдалд дуртай хэвлэлийнхэн амь тавин орилох ямааг өрцөлж алахыг үзэгчиддээ харуулаад зогсохгүй таван цул эрхтнийх нь зургийг нэг бүрчлэн татаж үзүүлэв. Нийгмийн сүлжээнд оруулсан мал болох тавилангүй солиу, гажуу төлийн зураг олонд түгэх тусам уран руу чиглэсэн Монгол төрийн бодлого биежэж өгөхгүй унаж байв. Энэ хугацаанд бидэнтэй ижил гараанаас эхэлсэн Казакстан улс ураны үүцээ дэлгэн хүчирхэгжин, дэлхийн ураны хэрэглээний 50 хувийг хангаж байна. Тэд зургаан хөлтэй ишиг, хоёр толгойтой хурга, сохор ботгоны сэгээр бие биенээ айлгасангүй, хөрөнгө оруулагчиддаа найр тавьсан. Өдгөө Францаас гадна Канад, Австраличууд тэндээс уран олборлож байна. Казакстан уул уурхайн орлогоороо эдийн засгаа солонгоруулж, хөгжилтэй хөл нийлүүлэн гайхшируулж байна. “Монгол, дараагийн Катар шүү” хэмээн хөрөнгө шидэж байсан гаднынхан бидэнд итгэл алдарч, хулжин оджээ. Улаанбадрахад улаан тоосон дунд хэдэн францууд ирсэн зочин бүрт танилцуулгаа тараан хотоос ирсэн хүнээс амттан горьддог хүүхэд шиг манай төрийн нэг чигт шийдвэрийг итгэл тээн хүлээж байна. Тэд өнгөрсөн хугацаанд Зөөвч- Овоо, Дулаан гэсэн шинэ орд илрүүлэн туршилтын жижигхэн үйлдвэр ажиллуулж, түүндээ урамшжээ. Худлыг өрдөж, хөгжлийг гацаасан улаанбаатарын “эх оронч”-д бүлээн цайтай бүтэн нойртой л хонодог байх даа.

Дашрамд: Уран нь байгаль дээрх бүх төрлийн чулуулаг, хөрсөнд агуулагддаг түгээмэл тархацтай. Ураны цацраг идэвх нь дэлхийн царцдасыг хөрөхөөс хамгаалж байдаг дулааны үндсэн үүрэг гүйцэтгэдэг.

Айдаг шар уудаг улаанд бий

Нэгэн цөмийн физикч “шар нунтагийг талхан дээр тавиад идсэн ч болно” хэмээсэн нь хөөрхий, бидэндээ байгалын уран хөнөөлтэй эсэхийг хамгийн энгийнээр ойлгуулах гэсэн хэрэг. Бусдын мэдлэггүйг далимдуулан гаднын хөрөнгө оруулагчдыг үргээдэг, цацрагийн аюулаар айлгаж хандалт олдог хэдхэн хүний үг, үйлдлээр төрийн ажил гацаад байхаар нь аргаа барсандаа хэлсэн нь тэр. Байгаль дээр байгаа уранд мал, ургамал, амьтанд нөлөөлөх аюул байдаггүй. Бид өдөр тутамдаа булцуут ургамал болох лууван, төмс, манжин зэрэг ургамлаар дамжуулан бага хэмжээний уранаар хооллож байдаг. Та “нүдний хараанд сайн” хэмээн луувангийн шүүс уугаад байвал өдөр тутам уудаг тэрхүү улаан усанд айдаг шар чинь агуулагдсан байгаа гээд бодчих. Бид л ураныг шар өнгөтэй нунтаг бодисоор төсөөлж байдаг болохоос уран агуулсан хүдрийн баяжмал нь шар нунтаг болтлоо хэд хэдэн үйлдвэрийн дамжлагаар орно. Тэрхүү шар нунтаг нь цааш дахин боловсруулалтад орж түүний тал хүрэхгүй хувь нь жинхэнээсээ уран болно. Харин тэрхүү уран нь зөвхөн альфа цацраг ялгаруулах бөгөөд энэхүү цацраг нь ургамал, мал, амьтанд хөнөөл учруулахгүйгээр барахгүй, ердийн бичгийн цаасаар цацрагийг нь хааж болдог. Мэдээж хэрэг, өөр бусад эрдэс, химийн элемэнтээр баяжуулбал уран нь хөнөөлтэйгээр барахгүй, дэлхийн дайны галыг зогсоох хүчин зүйл болж, өдгөө ОХУ, БНСАУ зэрэг зарим улс тэрхүү хөнөөлөөр нь сүрдүүлэг хийж байна. Монголчуудыг ураны цацрагаар айлгаж байдаг нөхдийн цаана орос ах нар нь санхүүжүүлдэг гэх яриа ч байдаг. Ураныг геологи уул уурхай, эмнэлэг, гааль, хөдөө аж ахуй, барилга бүтээн байгуулалт, эрчим хүч гэх мэт олон салбарт цөмийн технологи хэрэгжүүлэх гол түүхий эд болдог. Улаанбадрахад ураныг газар доор уусган олборлох төслийг эхлүүлэхээр горьдон хүлээж буй уурхайчид нь ураныг баяжуулахгүй, зөвхөн байгалийн бүтэцээр нь олборлож, түүнийгээ экспортлох зорилготой байгаа.

Дашрамд: Хүн өдөрт 1,5 микро грамм ураныг хоол хүнсээр дамжуулан иддэг.

Нигертэй ихэрлэж болно, Казахстанд ихэрхэж ч болно

Бид Нигер улстай адил Францын төрийн өмчит “Орано” компаниас нүүр буруулж, уран олборлолтоос татгалзаж болно. Мега буюу хэт том төсөл хөдөлгөж, Казакстаны ордуудтай арсалдаж, ураны зах зээлд хүчирхэг өрсөлдөгч болох сонголт ч бий. Бие даасан, хараат биш улс учир алийг нь сонгохоо бид өөрсдөө мэднэ. Монголын баялгийг эзнээс нь асуухгүйгээр олборлож, бидэнтэй хуваалцахгүйгээр ашигладаг байсан үе түүх болжээ. Нийгмийн сүлжээнд ухаантай царайлж, цэцэрхэж, үзсэн уран сайхны кинондоо үнэмшиж, үнэнийг хэлсэн эрдэмтэд, зарим нийтлэлчид, хэрсүү нэгнээ ад үзэж ураныг орхиж болно. Тэгвэл дэлхий биднээс зугатаж, хөгжил холдоно. Сиамын ихэрийн хувь тавилан биднийг дайрна. Эсвэл дэлхийн хамгийн том ордуудын нэгийг хөдөлгөж, Францын бий болгож чадсан хариуцлагатай уул уурхайг Монгол оронд нутагшуулна. Эдийн засгийн үр өгөөж нь ураны уурхайгаар тогтохгүй. Шинэ хөрөнгө оруулагчдыг татна. Бидэнд итгэх итгэлийг бий болгоно. Нийгмийн сүлжээнд идэвхтэй байх нь муу зүйл ч бас биш. Хараахан хийгдээгүй байгаа хөрөнгө оруулалтын гэрээнд өөрсдийн саналаа хэлж, Монгол хүний саруул ухаанаар хувь нэмэр оруулж болно.

Дашрамд: Биенийхээ нэг хэсгээр эсвэл дундаа нэг эрхтэнтэй ихрүүдийг Сиамын ихэр гэдэг. 220 гаруй жилийн өмнө төрсөн ихрүүдийн талаар сонссон Тайландын эзэн хаан “чөтгөрийн үр сад” хэмээн хөнөөхийг тушаасан ч золоор амьд үлджээ. Ихрүүд өсч том болж, циркийн үзүүлбэр үзүүлэн ихэд алдаршсан ч нэг нь хатгаа өвчнөөр нас барахад цоо эрүүл байсан нөгөөх нь гурван цагийн дараа бие баржээ. Монголд ийм төрөлт тохиолдсон ч Улаанбадрах сумд төрөөгүй болохоор эрүүл мэндийн салбарынхнаас өөр хэний ч анхаарлыг гойд татаагүй аж.

С.ГАНБОЛД

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.