Л.Энх-Амгалан: Хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг хүүхдийн хоолонд зарцуулах шийдэл ч байж болно

2023-10-27 Засгийн газар

 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хүүхдийн хоолны мөнгийг нэмэх талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Цэцэрлэгийн хүүхдийн үдийн хоолны зардал 2470 төгрөг. Үүнийг хамгийн багадаа 4000 төгрөг болгох шаардлагатай байна. Учир нь хүүхэд өдөрт авах ёстой илчлэгийн 80 хувийг цэцэрлэгээс авч байгаа. Цэцэрлэгийн хүүхдийн хоол, 1-5 ангийн үдийн хоолны зардал нь нийт 170 орчим тэрбум болдог. Үүн дээр нэмээд тогооч нарын цалин хувьсах зардлууд гэхээр 230 тэрбум төгрөг улсын төсөвт суудаг гэсэн үг. Үүнийг нэмнэ гэвэл ахиад 230 тэрбум хэрэгтэй болно.

Тэгэхээр, хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг хүүхдийн хоолонд зарцуулах шийдэл бас байж болно.

Ингэснээр 1-12 ангийн бүх хүүхдэд үдийн хоол өгөх боломжтой бөгөөд асуудлыг ийм байдлаар шийдэхгүй бол дан ганц төсөв дээр суулгаж болохгүй. Энэ их эрсдэлтэй. Гурван ээлжийн сургуулийн хөрөнгө оруулалт, цэцэрлэг сургуулийн хүртээмжийн асуудал байна. Жил бүр 20 мянган хүүхэд шинээр нэмэгддэг. Ойрын хугацаанд 150 орчим сургууль нэмж барих шаардлагатай учраас 230 тэрбумаар сургууль, цэцэрлэг барих уу, хүүхдийн хоолны зардлыг 50 хувь нэмэх үү гэх сонголттой нүүр тулж байна. Хэрэв эцэг, эхчүүд зөвшөөрвөл хүүхдийн 100 мянгын 50 мянгыг тухайн хүүхдийн ирцээр бүртгээд хооллолдог болно. Зун хичээл, сургууль амрахаар мэдээж төлбөр авахгүй. Ийм боломжуудыг нийгэм зөвшилцөлд хүрвэл 1-12 ангийн хүүхдүүд сургууль дээрээ хооллох боломжтой” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.