Барилгын салбарын цахим системийг нэгтгэхээр ажиллаж байна

2023-10-12 Мэдээ, мэдээлэл


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Барилга, хот байгуулалтын яамны “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн систем”-ийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын “Хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем”-тэй уялдуулах асуудлаар Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзав.

Барилгын салбарын харьяа агентлаг, нэгжүүдэд ашиглагдаж буй цахим системүүд өөр өөрийн салбар нэгж байгууллагад харьяалагдаж, хөгжүүлэлт хийгддэг, мэдээллийн урсгалыг нэг системээр авах боломжгүй, нэгдсэн бодлого, мэдээлэл солилцоо дутмаг байна. Салбарын байгууллага тус бүр албан хүсэлтээр хандаж иргэд мэдээлэл гаргуулан авч, харилцаж байгаа нь барилгын салбарын бодлогын хувьд нэгдсэн мэдээллийн нэг эх сурвалж байхгүй, иргэд олон нийтэд хүнд суртал, чирэгдэл үүсгэж, цаашид авлига гарах шалтгаан нөхцөл болж байна.

Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын ашиглаж буй цахим системүүд нь өөр өөрсдийн байгууллага дээрээ хөгжүүлэлт хийн, барилгын салбарын үйл ажиллагаанд ашиглаж байна. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яаманд барилгын салбарын нэгдсэн мэдээллийн сан, газартай холбоотой цахим системүүд, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т барилгын материалын сорилт шинжилгээ, зөвлөх үйлчилгээ, сургалт, судалгаа, зураг төсөл, магадлалын мэдээллүүд, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний мэдээлэл болон барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллүүд багтаж байна.

Эдгээр сан, системүүдээс мэдээллийг нэгдсэн нэг эх сурвалжаар авах боломжгүй, албан байгууллагууд албан бичиг, танил талаар хандах, шийдвэр гаргахад мэдээлэл дутуу дутмаг байдаг, салбарт байгаа мэдээллүүд хоорондоо зөрдөг учраас авлига, ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэл үүссэн ажээ. Тиймээс дээрх гурван байгууллагын хүрээнд цахим системийг нэгтгэн, нэг эх сурвалжаас мэдээлэл авах, барилгын салбарт гарч болох эрсдэлийг арилгах чиглэлээр ажиллаж байна.

Геопортал цахим системийн сангуудад дээрх байгууллагуудын мэдээллийг нэгтгэн оруулснаар үндэсний дата үүсэж, иргэдийн хяналт тавих нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: АТГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.