Монголбанк хариуцан хэрэгжүүлж байсан ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх ажил ирэх долдугаар сарын 1-нд ажил хэрэг болох нь ээ. Тодруулбал, ипотекийн зээлийг Барилга хот байгуулалтын яаманд шилжүүлэхээр холбогдох ажлын хэсэг ажиллаж буй аж.
Олон улсын валютын сангаас “Монголбанк үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн ажлаа л хийх ёстой. Ипотекийн зээлийг Засгийн газартаа шилжүүлэх ёстой” гэдэг зөвлөмжийг 2018 оноос эхлэн өгч ирсэн. Гэвч төв банкнаас 2013 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн ипотекийн зээлийн санхүүжилтийг найдвартай үргэлжлүүлэх суурийг бий болгох зорилгоор Засгийн газарт шилжүүлэх ажил хойшлогдсоор өнөөг хүргэсэн юм. Харин өнгөрсөн онд УИХ-аас баталсан тогтоолын дагуу энэ оны долдугаар сарын 1-нд багтаан дээрх санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлэх чиглэлийн дагуу энэхүү ажил хийгдэж буй юм.
Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Монголбанкнаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг гарч ажилласнаар ипотекийн санхүүжилтийг Барилга хот байгуулалтын яамны нэгжид шилжүүлэхээр санал нэгджээ.
Олон улсын валютын сангийн хувьд ипотекийн зээлийн санхүүжилтийг Сангийн яаманд шилжүүлэх ёстой гэдэг зөвлөмж өгсөн байдаг. Харин ажлын хэсгийн хувьд Барилга хот байгуулалтын яаманд шилжүүлэх шийдвэрт хүрчээ.
Сануулахад, энэ оны таван сарын байдлаар төв банкнаас ипотекийн зургаан хувийн зээлд зориулж, 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Уг зээлийг 2500 орчим иргэн авсан юм байна.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс жилдээ 450 орчим тэрбум төгрөг орж ирдэг бөгөөд банкуудын эх үүсвэрийг нэмэгдүүлбэл жилдээ 600 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулах боломж бүрджээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.