Манай иргэд БНСУ-д цахим залиланд өртөж, хохирох тохиолдол нэмэгджээ

2023-04-21 Мэдээ, мэдээлэл


БНСУ-д цахим залилангийн гэмт хэрэг буурахгүй байгаагаас энэ төрлийн гэмт хэрэгт манай улсын иргэд өртөх явдал нэмэгдсээр байна. Тухайлбал бага цагаар ажиллах, өндөр цалин амласан, цагийн ажилтан авна гэх зар мэдээллийн дагуу манай улсын оюутан залуус дараах байдлаар залиланд өртөөд байна.

Үүнд:

Гэмт хэргийн замаар олсон бэлэн мөнгийг бусдад дамжуулах
Бусдын өмнөөс бэлэн мөнгөний гүйлгээ хийх
Хууль бус техник, тоног төхөөрөмж суурилуулах
Төхөөрөмжийг төлбөр авах нөхцөлтэйгөөр гэртээ байрлуулах
Хуурамч утасны дугаар холбож өгөх
Хэн нэгний нэрийн өмнөөс хуурамч мессеж явуулах зэргээр энэ төрлийн гэмт хэрэгт санаатай болон санамсаргүй байдлаар холбогдож гэмт хэргийн хохирогч болох, улмаар хууль хяналтын байгууллагад саатуулагдах, шүүхээс ял шийтгэл авах зэрэг явдал нэмэгдэж байна.

Иймд иргэд интернэт зарын дагуу олсон цагийн ажил хийх тохиолдолд ажил олгогчийг сайтар судалж, нягтлах, бэлэн мөнгө, сэжигтэй эд зүйлсийг дамжуулах болон тээвэрлэхээс болгоомжлох нь зүйтэй. Мөн хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байх зэргээр цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс анхаарууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.