Х.Нямбаатар: С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

2023-04-19 Засгийн газар


Засгийн газрын өнөөдрийн /2023.04.19/ хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаад 2021 оны долдугаар сарын 1-нд Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэн, төвлөрүүлж ажилласан. Ингэхдээ хоёр байгууллагын мөрдөгч, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан.

2022 оны тавдугаар сарын 16, зургадугаар сарын 30, арваннэгдүгээр сарын 8, мөн 2023 оны нэгдүгээр сарын 18-нд мөрдөгчөөс энэ хэрэгт яллагдагчаар татсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хамаарах тогтоолыг хэрэгсэхгүй болгох саналаа дөрвөн удаа Нийслэлийн прокурорын газарт явуулсан. Нийслэлийн прокурорын газраас тодорхой ажиллагаа хийгдэх талаар даалгаврууд бичигдэж ирж байсан. Хамгийн сүүлд буюу 2023 оны гуравдугаар сарын 23-нд Нийслэлийн прокурорын газарт Цагдаагийн ерөнхий газраас Т. Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн.

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн санлыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоллыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Ингэснээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүсийн тухайд нэгдүгээр, энэ удаан хугацаанд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагаанаас үүссэн хохирлыг иргэний хувиар нэхэмжлэх эрх зүйн үндэс бүрдэж байгаа.

Хоёрдугаарт, мөн энэ хэрэг дээр Гүйцэтгэх хуулийн хууль тогтоомж зөрчсөн гэдэг асуудал давхар шалгагдаж байгаа. Хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэх саналаа цагдаагийн байгууллагаас прокурорт тавихаар бэлтгэл ажил хангагдаж байна.

Үлдсэн хэрэг нь хэрэг бүртгэлийн хэрэг хэвээр үлдсэн. Тодруулбал, 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажил ажиллагаанд үлдсэн гэсэн үг. Ажлын хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Сүхболд ахалж ажиллана.

Энэ кейс олон улсын хүний эрхийн байгууллагуудын цаашид судалж, дахин ийм үйлдэл гаргахгүй байх маш том кейс болж байгаа.

Хүнийг хэлмэгдүүлж, хүчээр эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, мөрдөн шалгасан, ял оногдуулсан хэргийг үргэлжлүүлж шалгана. Улс төрийн зорилготой энэ хэргийг хэн үйлдэв гэдгийг цаашид мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг хэлье” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.