Д.Тогтохсүрэн: Хоёр сонгууль дараалан нэр дэвшээгүй бол идэвхгүй хэлбэрт шилжүүлнэ

2023-04-17 Нам хөдөлгөөний амьдрал


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.17/ хуралдаж,Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Хуулийн төслийг дараах 4 онцлогтой байхаар боловсруулсан байна.

Нэгдүгээрт, Улс төрийн намуудын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд томоохон өөрчлөлтийг оруулж байна. Төрийн үйл хэрэгт оролцож байгаа учраас улс төрийн намуудын хариуцлагыг сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, УИХ-ын сонгуульд хоёр дараалан оролцоогүй тохиолдолд идэвхгүй байдалд шилжүүлэх, улмаар хариуцлага тооцож, тараах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай талаар хуулийн төсөлд тусгасан

Хоёрдугаарт, Улс төрийн намууд нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой

Гуравдугаарт , Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох, тайлангаа гаргаж, аудитын байгууллагаар дүгнүүлдэг тогтолцоог бий болгох талаар хуульд тусгасан

Дөрөвдүгээрт, Улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг СЕХ-нд хариуцуулж байна

Хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар хэлэлцээд, хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг хангах чиг үүрэгтэйн хувьд уг хуулийн төслийг санаачилсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд парламентад суудалтай болон суудалгүй намууд хуулийн төсөлд хамтран ажилласан.

УИХ-ын хоёр сонгууль дараалан нэр дэвшээгүй, амжилт олоогүй намыг хоёр жилийн хугацаанд идэвхгүй хэлбэрт шилжүүлнэ. Мөн санхүүгийн тайлангаа гаргаагүй, дөрвөн жилд нэг удаа намын их хурлаа хийгээгүй бол идэвхгүй болгоно. Тэр хугацаанд идэвхгүй байдлаа сэргээж чадаагүй тохиолдолд тухайн намыг татан буулгах асуудлыг авч хэлэлцэх юм.

Анх үүсгэн байгуулагдаж байгаа намын бүртгэлийг Улсын Дээд Шүүх хийнэ. Харин СЕХ намуудыг хариуцан материал бүрдүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг явуулна. Өөрөөр хэлбэл, намуудын өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавина гэсэн үг.

Төсвөөс улс төрийн намуудыг санхүүжүүлэх асуудлыг тодорхой зааж өгсөн. Сонгогчдын гурван хувийн санал аваагүй нам санхүүжилт авахгүй. Өөрөөр хэлбэл, хоёр сая сонгогч санал өглөө гэж бодоход 60,000-аас дээш хүний санал авсан намд санхүүжилтийн асуудал яригдана.

-Сонгогчдын авсан саналын тоогоор санхүүжилт олгох
-УИХ-д байгаа суудлаас хамаарч санхүүжилт олгохоор хуульд заасан” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.