Өнөөдөр /2023.03.03/ Төрийн ордонд Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн болж байна.
Зөвлөгөөний нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараах үг хэллээ.
Тэрбээр “Эх орноо эрүүл хүнсээр хангах, цаашид хүнс экспортлогч орон болох их үйлсэд хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж буй эрхэм хүндэт Та бүхэнд гүн талархал илэрхийлж, “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Цар тахал, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхий даяар тээвэр логистикийн саатал үүсэж, улс орнуудын хүнсний хангамж, аюулгүй байдал эрсдэлд орж, томоохон сорилт, бэрхшээл учраад байна.
НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 350 сая хүнээр нэмэгдсэн. Мөн цар тахлын өмнө дэлхийн 53 орны 135 сая хүний хүнсний аюулгүй байдал ноцтой алдагдсан байсан бол өнөөдөр 82 орны 345 сая хүн болж 2.5 дахин нэмэгджээ.
Түүнчлэн дэлхий дахинд өлсгөлөнд нэрвэгдээд буй нийт хүн амын тоо цар тахлын өмнө 678 сая байсан бол 2021 онд 150 саяар нэмэгдэж 828 сая хүн болжээ.
НҮБ-ын судалгаагаар 2020 байдлаар дэлхийн 3.1 тэрбум хүн эрүүл, шим тэжээлтэй хүнс худалдан авч чадахгүй байна.
Цаашид нөхцөл байдал улам дордож, хүн амын эрүүл мэнд, ажлын бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, ядуурал улам бүр нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулж байна.
Эзэн богд Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хийсэн хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цаг дор бусдын боол болсон хэмээн бод” хэмээн айлдсан байдаг.
Иймд эрчим хүч, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн зэрэг стратегийн ач холбогдол бүхий бараа, үйлчилгээгээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон” болж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бататган бэхжүүлэхэд төр, засаг, хүн бүр хичээн зүтгэж, хамтран ажиллах учиртай.
Энэ бол Монгол төрийн үүрэг төдийгүй монгол хүн бүрийн үүрэг хариуцлага, эх орныхоо хөгжил, дэвшилд оруулж буй бодит хувь нэмэр, гавьяа зүтгэл.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн улс орон даяар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн эхлүүлж, ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Ирэх таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр шийдвэрлэж, Засгийн газарт тодорхой үүрэг, даалгавар өгсөн.
Энэ хөдөлгөөний хэрэгжилтэд зориулан 2023 оны төсөвт суулгасан 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй төсвийн дэмжлэг юм.
Төрийн тэргүүн ойрын хугацаанд мал аж ахуйн салбарын нөхцөл байдал, малын өвчингүй эрүүл бүс бий болгоход шаардлагатай бодлого, үйл ажиллагааг нарийвчлан тодорхойлох, үр дүн гаргах чиглэлээр мал аж ахуйн үйлдвэр, малчид, баялаг бүтээгчидтэйгээ уулзана.
Ялангуяа, нүүдлийн мал аж ахуйн салбарыг эрчимжсэн мал аж ахуйн салбартай зохистой хослуулан хөгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй үр дүнтэй тэмцэх, хөрсөө хамгаалах, цаашлаад монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд онцгой чухал юм.
Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрсөө хамгаална гэдэг бол хүнсээ хамгаална, мөн тусгаар тогтнолоо хамгаална гэсэн үг. Хүнс эрүүл байвал хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн хүчирхэг байна” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.