Усан бар жилд олон үйл явдал тохиолоо. Онцолж энэхүү нийтлэлд авлигын эсрэг үйл ажиллагааны талаар өгүүлнэ.
2021 оны зунаас Засгийн газар авлигын эсрэг ажлын хэсэг байгуулснаа зарласан. Энэ хөтөлбөр бодит ажил хэрэг болж, бар жилийн туршид үргэлжлэв. Өмнө нь ийм дорвитой хөдөлж байсан Засгийн газар байсангүй. Улмаар бар жилд ирэх туулай жилийг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” хэмээх авлигатай тэмцэх шинэтгэлийн хөтөлбөр дэвшүүллээ. Авлигын эсрэг дан гагц АТГ тэмцэх нь хангалтгүйг өнгөрсөн 15 жилийн хугацаанд монголчууд сайтар мэдэж авлаа. Хууль эрх зүйн орчинг сайжруулах, тогтолцоог өөрчлөх чиглэлд яах ч аргагүй төр, засгийн түвшинд шийдвэр гаргагчдын бодит оролцоо, хамтын дэмжлэг хэрэгтэйг сайтар ойлгож авлаа. Авлигатай тэмцэх нь улс төрийн хүсэл зоригийн томоохон илэрхийлэл байдгийг олон улсын судлаачид удаа дараа хэлж мэдэгдсээр байгаа. Дутуу дундуур хуультай мөртлөө авлигатай тэмцэхийг АТГ-аас шаардах нь шүүр өгөөгүй атлаа хогоо шүүрд гэхтэй адил өрөөсгөл ойлголт. Шүдгүй арслангийн үлгэр гэсэн үг.
Харин энэ засгийн өнгөнд авлигатай тэмцэх ажлыг тогтолцооных нь түвшинд авч үзэж эхэлж байна. Энэ бол тун сайшаалтай хэрэг. Улс төрийн хүсэл зоригоо илэрхийлж байгаа нь өөрөө олзуурхан тэмдэглэх явдал. Нэгэнт улс орны өөдлөн дэвжихийн ганц гацаа нь авлига учраас, гацаанаас гаргах гол гогцоо нь авлигыг бууруулах учраас, авлигаас ангижиръя гэвэл нийгмийн тогтолцоог бүхэлд нь засаж өөрчлөх ёстой учраас, үүний тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчинг төгс болгох шаардлагатай учраасулстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл зориг магнайд нь туг мэт намирах учиртай юм.
Хэдийгээр эрх зүйн орчин дутуу дулимаг ч гэсэн АТГ яг одоо үйлчилж буй хуулийн орчинд амжилттай, үр дүнтэй ажиллаж байгааг энэхүү нийтлэлд цохон тэмдэглэхийг хүслээ. Энэ удаад зөвхөн мөрдөн шалгах ажлын зарим тоон үзүүлэлтийг дурдъя. Бар жилийн баярламаар олон мэдээний нэг нь яах аргагүй энэ мөн.
2019 оны гахай жилээс АТГ-ын мөрдөн шалгах ажил эрчимжиж, 2020 оны хулгана жилд үр дүн өмнөхөөс ахиж, 2021 оны үхэр жилд улам нэмэгдсэн бөгөөд 2022 оны бар жилд үсрэлттэй өссөн байна.
Дээр дурдсан дөрвөн оныг нийт дүнгээр нь авч үзвэл, АТГ-ын мөрдөн шалгах ажлын үр дүнд авлигаас учирсан 2 их наяд 443 тэрбум төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлсэн байна. Энэ бол зөвхөн мөрдөн шалгах ажлын явцад нөхөн төлүүлсэн дүн.
Үүний дараа битүүмжлэн хамгаалсан хөрөнгийн хэмжээ бас яригдах ёстой. Битүүмжлэн хамгаалсан хөрөнгө гэдэгт авлигын гэмт хэргийн улмаас хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгийг хамруулдаг бөгөөд шүүхийн шийдвэрээр хохирол нөхөн төлүүлэх нөхцөлий хангаж буй нэг хэлбэр юм. Сүүлийн дөрвөн жилд 1 их наяд 647 тэрбум төгрөгийн хөрөнгө, бэлэн мөнгийг АТГ битүүмжлэн хамгаалсан байна. Эдгээрийн хэчнээн нь улсад буцаагдаж төлөгдсөнийг уншигч Та шүүхийн шийдвэрийн сангаас үзэхэд нээлттэй.
Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажлын үр дүнг илэрхийлэх бас нэг тоо нь учирсан хохирлын хэмжээ байдаг. Жил тутам хохирлын хэмжээ нэмэгдсээр байгаа. Энэ нь нэг талаас авлигын гэмт хэрэг өссөөр байгааг харуулж буй ч нөгөө талаас харвал үйлдэгдсэн авлигын гэмт хэргийн илрүүлэлт сайн байгаагийн илрэл юм. Өөрөөр хэлбэл, ийм их хэмжээний авлигын гэмт хэргийг АТГ илрүүлж чадсан гэсэн үг.
2019-2022 онд авлигын гэмт хэргийн улмаас нийт 30 их наяд 2 тэрбум төгрөгийн хохирол улс нийгэмд учирчээ. Тэгэхээр 30.2 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хохирол бүхий авлигын гэмт хэргийг АТГ-ын мөрдөгчид илрүүлсэн байна.
Ер нь бол жил жилээр өссөн тоонуудыг энэ маягаар дурдаад хэлэхэд амархан. Дээр дурдсан их наядаар яригдах тоонууд дотор гадаад дахь оффшор бүсээс авчирсан болон хахуульд өгөхөөр зэхэж байсан мөнгийг хурааж авсан ажил багтана. Тоонуудын цаана хэчнээн их хөдөлмөр, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа, хил дамнасан яриа хэлэлцээ, мөрдөгчийн тактик, ур чадвар, өндөр гүйцэтгэл байгааг энд бүгдийг бичих аргагүй.
Илрүүлэлт сайн байхын зэрэгцээ шийдвэрлэлт мөн өссөөр байгааг дурдах ёстой. АТГ сүүлийн дөрвөн жилд 5458 гэмт хэрэг шалгаж шийдвэрлэсэн. Нэг жилд 1400 орчим авлигын хэрэг тогтмол шалгагдаж байна гэсэн үг.
Түүнчлэн авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн тоо жил тутам өссөөр байгаа. 2019 онд 894 байсан бол улам бүр өссөөр 2022 онд 1841 болж эрс нэмэгджээ. Сүүлийн дөрвөн жилд нийтдээ гэмт хэргийн шинжтэй 5351 гомдол АТГ-т хаяглагдан ирсэн байна. Гомдол, мэдээллийн тоо ийнхүү өссөөр байгаагийн цаана буруу зөрүү бүхнийг энэ байгууллага шийдвэрлэж чадна гэх олон нийтийн итгэл баттай оршин буйн илрэл юм.
Ийнхүү туулай жилийн босгон дээр өнгөрсөн оныг эргэцүүлж, уншигч Танд хэдэн тоо танилцуулав. Бар жилийн баярламаар мэдээний нэгээр АТГ-ын мөрдөн шалгах ажлын зарим тоон үзүүлэлтийг онцоллоо. Засгийн газраас дэвшүүлсэн “Таван Ш” хөтөлбөрийн үр дүнд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг баталж, орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг илрүүлж, гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг эргүүлэн авчирч, оффшор бүсэд нуусан эд хөрөнгийг улсад буцааж, төрийн өмчит компанийн засаглалыг нээлттэй болгоход төр, засаг, хууль сахиулах байгууллага болон иргэд олон нийтийн оролцоо нэн чухал.
Авлига нь улс орны хэмжээнд нийтээр тулгарсан бодит аюул тул үүнтэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Бар жилийн баярламаар мэдээг өртөөлж туулай жилдээ илүү их үр дүнг баталгаажуулан бэхжүүлэхийн төлөө хамтаараа хичээцгээе.
Т.МӨНХТУНГАЛАГ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.