Монгол, Орос, Хятадын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын дээд хэмжээний чуулга уулзалт 13 дахь жилдээ өнөөдөр болж байна. Гурван орны Худалдаа Аж Үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрш орнуудын худалдаа, эдийн засгийн тулгамдаж буй бэрхшээлүүдийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хамтын хүчээр шийдвэрлэдгээрээ онцгой ач холбогдолтой юм.
Энэ удаагийн уулзалтаар уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, хүнс хөдөө аж ахуй үйлдвэрлэл, хил гааль, татварын асуудлаар салбар хуралдаанууд зохион байгуулж гурван улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалт татах салбар чиглэлүүдэд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг харилцан танилцуулах үйл ажиллагаа болох юм. Гурван талт уулзалтын талаар МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгтэй ярилцсанаа хүргэе.
– Гурван улсын худалдаа, эдийн засгийн 13 дахь нэгдсэн чуулга уулзалтын түүхээс хуваалцана уу?
-Энэ сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын 13 дахь удаагийн худалдаа, эдийн засгийн нэгдсэн чуулга уулзалт зохион байгуулагдана. Гурван улсын худалдаа эдийн засгийн чуулган бол хамтын ажиллагааг эрчимжүүлэх,хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Худалдаа аж үйлдвэрүүдийн Танхимуудын үүрэг, бизнес эрхлэгчдээ дэмжих, тулгарч буй саад тотгорыг арилгах тал дээр Төр засагтай хэрхэн хамтарч ажиллах, асуудлуудыг улс хоорондын Засгийн Газрын хэмжээнд шийдвэрлэх зэрэг бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хэлэлцдэг чухал арга хэмжээ юм. Анх энэхүү уулзалтыг МҮХАҮТ-аас санаачилж, хоёр хөрш орныхоо Худалдаа аж үйлдвэрийн танхимтай жил бүр Танхимуудын дээд хэмжээний уулзалт хийж “Худалдаа, эдийн засгийн гурван талт” уулзалт нэрийн дор бизнес эрхлэгчдийг холбодог хамтын ажиллагааны тавцан болсон юм.
-Энэ удаагийн “Худалдаа, эдийн засгийн гурван талт” уулзалтын онцлог, яг ямар асуудлууд хэлэлцэх вэ?
-Уулзалтаар уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэл гэсэн бизнесийн чиглэлүүдийг онцгой анхаарна. Энэ жилийн тухайд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын манай оронд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, дурдсан салбар чиглэлүүдэд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг харилцан танилцуулах зорилготой. Төслүүдийг танилцуулснаар хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Манай орны хувьд олон давуу талтай. Учир нь бид Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд Япон улсын стандартад нийцсэн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний тарифын болон тарифын бус хөнгөлөлт эдлэн олон улсын зах зээлд гаргах нөхцөлөөр хангагдсан. Мөн Европын холбооноос Монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг GSP+ хөнгөлөлттэй нөхцөлөөр Европын Холбооны гишүүн орнуудад экспортлох боломжтой зэрэг хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах боломж, нөхцөлүүдээ хөрш орны бизнес эрхлэгчдэд танилцуулна. Уулзалтын үеэр бизнес эрхлэгчдэд төсөл саналаа танилцуулах боломжоор хангаж ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулна.
-Дотоодын бизнес эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлоход ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Манай дотоодын үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт татаж технологио шинэчлэх, олон улсын стандартыг үйлдвэрлэл, үйлчилгээндээ нэвтрүүлэх шаардлага их байгаа. Монгол улс далайд гарцгүй учраас хоёр хөршөөр дамжуулж дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортолдог. Энэ явцад тарифын болон тарифын бус олон саад тотгор тулгарч байна. Иймд гурван талт уулзалтаар бизнес эрхлэгчдэд учирч байгаа бэрхшээлийг арилгах,худалдаа тээврийг хөнгөвчлөх асуудлаар гурван улсын төр засгийн хэмжээнд ямар шийдвэр гаргуулах, хэлэлцээр байгуулах шаардлагыг тодорхойлж, гурван орны засгийн газар, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад танхимуудын оролцоог идэвхжүүлэх асуудлуудаар санал бодлоо хуваалцаж тодорхой шийдвэрт хүрдэг. Уг арга хэмжээ гурван орны бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонсох, сайн туршлагыг харилцан солилцох, шинэ дэвшилтэт технологийг бизнесийн салбарт нэвтрүүлэх,Монгол улсад хөрөнгө оруулалтыг татах чухал ач холбогдолтой. Манай гурван улсын хувьд гурван улсын тэргүүнүүдийн удаа дараагийн уулзалтаар “Нэг бүс-Нэг зам”, “Талын зам”, “Торгоны зам” эдийн засгийн коридорыг хөгжүүлэхээр тохиролцсон. Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх нь хоёр оронтойгоо хийх хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцаанд онцгой дэвшил авчирна. Мөн хөршөөрөө дамжин дэлхийн зах зээлд гарах үйл явцыг хөнгөвчилнө.
Манай дотоодын үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалт татаж технологио шинэчлэх, олон улсын стандартыг үйлдвэрлэл, үйлчилгээндээ нэвтрүүлэх шаардлага их байгаа. Монгол улс далайд гарцгүй учраас хоёр хөршөөр дамжуулж дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортолдог. Энэ явцад тарифын болон тарифын бус олон саад тотгор тулгарч байна. Иймд гурван талт уулзалтаар бизнес эрхлэгчдэд учирч байгаа бэрхшээлийг арилгах, худалдаа болон гурван улсын төр засгийн хэмжээнд ямар шийдвэр гаргуулах гэх мэт асуудлуудаар санал бодлоо хуваалцаж тодорхой шийдвэрт хүрдэг.
-ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр ОХУ, БНХАУ-ын танхимуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ ?
-Монгол Улсын хэмжээнд 62000 гаруй аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 70 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл байна. Манай оронд хувийн хэвшил үүсэж хөгжөөд 26 жил болж байгаа ч дийлэнх аж ахуйн нэгжүүд өрхийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж ирсэн. ЖДҮ-ийг хөгжүүлж байгаа дэлхийн туршлагаас харахад ЖДҮ-ийг кластераар хөгжүүлэх, том компаниуд нь жижгээ дэмжиж, нэмүү өртгийн сүлжээ бий болгож, инновацийг нэвтрүүлэн амжилтад хүрч байна.Уул уурхай, ашигт малтмалын нөөц баялаг байхгүй боловч ЖДҮ дэмжиж хөгжсөн орнууд олон бий. Манай орон уул уурхайн,малын гаралтай болон газар тариалангийн түүхий эдийн асар их нөөц баялагтай бөгөөд түүнийгээ боловсруулж нэмүү өртөг бүтээхийн тулд манай бизнес эрхлэгчид үйлдвэрийн тоног төхөөрөмжөө импортоор авдаг. Манай төр засаг ч үүнд анхаарлаа хандуулан ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлсөн. Гаднын техник,технологийг оруулж ирэн олон улсын стандартад нийцсэн, өрсөлдөх чадвартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж экспортод гаргах нь манай бизнес эрхлэгчдийн зорилго билээ.Үүний тулд тэднийг мэдээллээр хангах, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг гаднын хөрөнгө оруулагчдад танилцуулж хөрөнгө оруулагчдыг татах, бизнесийг холбох ажлыг эрчимжүүлэх зорилгоор МҮХАҮТ-ын цахим хуудсыг монгол, англи, орос, хятад, япон хэл дээр ажиллуулж дээрх мэдээллүүдийг бусад орнуудын бизнес эрхлэгчдэд хүргэхээр ажиллаж байна.
Т.Ариун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.