Тэтгэврийн нэмэгдэлд зориулж улсын төсөвт 150 тэрбум төгрөг тусгах болжээ

2017-06-14 Мэдээ, мэдээлэл

Тэтгэврийн нэмэгдэлд зориулж 2018 оны улсын төсөвт 150 тэрбум төгрөг нэмж тусгахаар төлөвлөж байгааг өнөөдөр ХНХ-ийн сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийж, танилцууллаа.

Энэ сарын 12-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдсан байна. Хурлын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс тэтгэвэр нэмэх чиглэлийг ХНХЯ-нд өгчээ. Ингэхдээ тэтгэвэр олголтыг тэнцвэржүүлэх бодлого баримтлах юм. Өөрөөр хэлбэл, бага тэтгэвэр авч байгаа иргэдэд их, өндөр тэтгэвэр авч байгаа иргэдэд бага хувиар нэмэхийг үүрэг болгосон байна. Энэ хүрээнд ХНХЯ, Сангийн яам, МҮЭХ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг судалгааны ажлаа эхлүүлсэн байна. Одоогоор тэтгэврийг 150 тэрбум төгрөгөөр нэмэх боломжтой гэсэн тооцоолол гарсныг сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Цалин нэмэх асуудал чухлаар тавигдаж байгаа. 2014 оноос хойш цалин нэмэгдээгүй. Үүнийг дагаад үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа тэлж чадахгүй байна. Тиймээс цалин нэмэх зайлшгүй шаардлага байгаа. Үүнд анхаарах хэд хэдэн чухал асуудал бий. Монгол Улс 186 мянга 100 төрийн албан хаагч 3.1 сая иргэнд үйлчилж байна. Тэгэхээр 3.1 сая иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэхэд хэдэн төрийн албан хаагч байвал зохистой вэ гэдэгт тооцоолол хийнэ. Монгол Улсын хүн ам 2.9 сая байхад төрийн албан хаагчийн тоо 150 мянга байсан. Гэтэл хүн амын тоо ердөө 3 хувиар өсч байхад төрийн алба хаагчид 22 хувиар нэмэгдсэн байна. Энэ бол хэт бодлогогүй явж ирсний уршиг. 186 мянган төрийн албан хаагчийн цалин улсын төсвийн урсгал зардлын 25 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм. Тиймээс төр юу хийх вэ, ямар ажлыг ТББ, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх вэ гэдгийг тооцож байж шаардлагатай төрийн албан хаагчдийн тоог гаргана. Үүнтэйгээ уялдуулан цалин нэмэх асуудлыг ярих болно” гэв.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.