Цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, дүрс бичлэг нийтлэгдэж, хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол нэлээд бүртгэгдэж байна. Иймд цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол www.ekids.mn цахим хуудсаар дамжин Internet Watch Foundation/IWF/-т мэдээлж устгуулахыг Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зөвлөлөө
Сурагчдын дунд хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын гурав нь сошиал гадуурхалд өртсөн, зохисгүй үг хэллэг, зурагтай мессэж бусдаас авч дарамтад орж байсан хэмээн хариулж байжээ.
Цахим орчны гадуурхал яагаад үүсдэг вэ?
Цахим орчин хүмүүст нүүр нүүрээ хараад хэлж, хийж чадахгүй зүйлсийг хийх боломжийг олгодог. Цахим орчинд хэн нэгнийг гадуурхаж буй этгээд бусдад ямар хор хохирол учруулж байгаагаа мэддэггүй. Ихэнхдээ хүмүүс хүнд хэцүү зүйлтэй тулгарсан, хүнд нөхцөл байдалд орсон үедээ цахим орчинд бусдад сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, гадуурхах, дээрэлхэх үйлдлийг гаргадаг.
Би цахим гадуурхагч мөн үү?
Заримдаа чиний хийж байгаа зүйл буруу гэдэг нь илэрхий биш байсан ч чиний цахим орчинд хийж байгаа үйлдэл бусдыг санаатайгаар гомдоож, уурлуулж, ичээж байгаа бол чи онлайн гадуурхал үйлдэж байна гэсэн үг. Эелдэг бус бичвэрт лайк дарах, цуурхлыг тараах зэрэг нь хялбар боловч дээрэлхүүлж байгаа хүний хувьд түүн рүү бүлэглэн дайрч байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг талтай.
Тиймээс цахим орчинд аливаа зүй бус, бүдүүлэг зүйл лайг дарах, бусадтай хуваалцахаасаа өмнө хэрэв чамд тийм зүйл тохиолдсон бол ямар санагдах байсан бол гэдгийг эхлээд бодож, тунгааж байгаарай. Хүн бүр алдаа гаргадаг ч алдаанаасаа суралцдаг байх нь бухал. Өөрийн бичсэн бусдыг гомдоох, зүй зохисгүй аливаа бичвэр, жиргээ, сэтгэгдлийг шалгаж, нягтлаад устгаарай.
Хэнд хэлэх вэ?
Гадуурхуулж, дээрэлхүүлж байгаа нөхцөл байдалтайгаа ганцаараа тэмцэх хэрэггүй. Өөрийн итгэдэг, хайрладаг насанд хүрсэн хүнтэй тухайлбал эцэг эх, асран хамгаалагч юм уу багштайгаа ярилцаж, зөвлөгөө хүсээрэй. Ихэнх нийгмийн сүлжээний вэб сайт, онлайн тоглоом, гар утасны апп-уудад төвөг учруулж байгаа хүмүүсийн талаар мэдээлэх, дахин тэр хүнтэй харилцахгүй болгон хаах боломж байдаг. Мөн энэ талаар зөвлөгөө өгдөг цахим хуудаснаас мэдээлэл авах, дугааруудад холбогдон нэрээ хэлэхгүйгээ өөрт тохиолдоод байгаа асуудлын талаар мэргэжлийн хүнтэй ярилцах, зөвлөгөө авах боломжтой.
Хэрхэн нотлох вэ?
Цахим гадуурхалд өртсөн тохиолдолд хэн нэгний чамд гаргасан зан авир, үйлдэл, бичвэр, сэтгэгдэл зэрэг бүхий л мэдээллийг баримтжуулж, холбогдох хүмүүст мэдээлэл нь асуудлыг шийдвэрлэхэд нэн чухал байдаг. Тиймээс цахим гадуурхал болсон цаг хугацааг тэмдэглэн холбогдох имэйл, текст мессэж, дэлгэц дээрх мэдээллийг хадгалж, хэвлэж баталгаажуулж аваарай хэмээн ХХЗХ-ноос зөвлөв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.