Папиллома вирусийн халдвар авсан хүнд эхний үед ямар нэгэн зовиур илэрдэггүй нь АЮУЛТАЙ

2022-12-22 Мэдээ мэдээлэл

 

-УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ НЬ ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУС ЮМ-

Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдар нь зонхилон тохиолддог 10 хорт хавдрын тавдугаарт ордог. Жилд дунджаар 400 орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байгаа статистик бий. Энэ онд гэхэд 312 тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улс 2012 оноос хойш хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг шинжилгээг хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор оношлогдож буй хавдрын 50 орчим хувь нь хожуу шатанд илэрсэн байна. Харин тус хавдар нь дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын гуравдугаарт, харин хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаар байранд тус тус ордог.

Манай улсын хувьд, зонхилон тохиолддог 10 хавдрын тавд умайн хүзүүний хорт хавдар тоон үзүүлэлтээр жагсаж буй нь хэд хэдэн шалтгаантайг холбогдох мэргэжилтнүүд судалдаг, хэлдэг, анхааруулдаг. Тухайлбал, HPV вирусийн халдварын талаар мэдээлэл хомс байгаагаас шалтгаалан охид бүсгүйчүүдийн дунд гадна бэлэг эрхтний урагцаг, умайн хүзүүний халдварын эмгэг элбэг тохиолдож байна.

Тэгвэл хүний хөхөнцөр вирусээр яаж хавдар үүсдэг, яагаад аюултай вэ?

Тодруулбал, уг вирусийн халдвар авсан эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн өөрчлөлт илэрч хавдар үүсдэг. Вирусийн халдвар авсан хүнд ямар нэгэн зовиур илэрдэггүй тул зөвхөн эсийн шинжилгээнээс өөр ямар ч үзлэгээр оношлогдох боломжгүй байдгаараа хамгийн аюултай.

Учир нь хүний хөхөнцөр вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуурын суурин давхаргад нэвтрэн орж, вирусийн бөөгнөрөл үүсгэснээр хэвийн эсүүд өөрчлөлтөд орж эсийн хувирал явагддаг. Ингэснээр хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоосон. Умайн хүзүүний хавдар үүсэхэд энэ вирус нөлөөлдөгөөс гадна охид бэлгийн харьцаанд эрт орох, олон удаа үр хөндүүлэх, 18 нас хүрээгүй байхдаа төрөх зэргээс хамаарч өвчилдөг болохыг мэргэжилтнүүд хэлж байна.

Түүнчлэн умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллома вирус нь тухайн хүн биедээ тээснээс хойш 15-20 жилийн дараа урьдал эмгэг илэрдэг учраас сүүлийн шатандаа оншлогдох нь элбэг тохиолддог аж.

Энэ өвчний бас нэгэн “АЮУЛ” нь эрэгтэй хүн энэ вирүсийн халдвараар өөрөө өвчилдөггүй бөгөөд дамжуулагч болж халдварлуулсны улмаас эмэгтэйчүүдийг үхэлд ч хүргэх эрсдэлд оруулдаг. 

Тиймээс тохиолдлын бэлгийн харьцаанд орсон л бол заавал шинжилгээ өгөх шаардлагатайг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Манай улсад хийгдэж байгаа хамгийн үр дүнтэй шинжилгээ бол пап тест ажээ. Энэхүү тестээр бэлгийн замын өвчтэй эсэх, хорт хавдар байгаа үгүй, вирус тээж байгаа эсэх, цэвэршилтийн өөрчлөлт хэр байгаа зэрэг үзүүлэлтүүд тодорхой болдог байна. Тиймээс жилд нэг удаа пап тестийг өгөх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Түүнчлэн умайн хүзүүний хорт хавдар нь 4 үе шаттай явагддаг. Ингэхдээ 1-2 дугаар шатанд нь илрүүлж чадвал мэс заслын болоод бусад аргуудаар энэ өвчнийг бүрэн  100 хувь эмчилж болно. Гэхдээ энэ тохиолдолд эмэгтэй дахин жирэмслэх боломжгүй болдог ч бэлгийн хэвийн харьцаатай байж болдог.

Учир нь мэс заслаар сав, умай, дайвар эрхтэнүүд болон булчирхайтай нь хамт авагддаг, тэгж байж бүрэн эмчилж хүнээ үхлээс авардаг. Гэхдээ ингэж хавдар болохоос өмнөх урьдал суурь өвчинтэй байгааг эмч тань хэлсэн л бол энэ өвчнийг хурдан хугацаанд эмчилж чадвал хавдрын шатанд хэзээ ч очихгүй. Харин 3-р шатандаа 70-80 хувь, 4 дөрөвдүгээр шатандаа найдваргүй буюу эмчилгээгүй болдог байна.

Эх сурвалж: Newsmedia.mn

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.