Ардчилсан намын даргад нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр /2023.01.18/ оройн 20.00 цагт дөрвөн гишүүнд гардуулав. Энэ үеэр нэр дэвшигчид үг хэлсэн юм.
АН-ын даргад нэр дэвшигч С.Баярцогт “Манай нам өнгөрсөн хоёр сонгуулиар нэлээд том ялагдал хүлээсэн. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд дэлхий нийтийн эдийн засгийн байдал хүндэрсэн. Цар тахал, дайны нөхцөл байдал үүсч, Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Мөн авлига хээл хахууль гаарч, иргэдийн амжиргаа буурсан. Энэ үед Ардчилсан нам шинэлэг, зоригтой шийддвэрүүдийг гаргаж, шударга ёсыг тогтоосон нийгмийг байгуулах ёстой.
Тиймээс намаараа нэгдэж, шинэ даргаа сонгох гэж байна. Миний хувьд иргэн болон намын гишүүнийхээ үүргийн дагуу нэр дэвшиж буй. Нэгдүгээрт, намын хагарлаа нийлүүлж, зөвшилцөл яриа хэлэлцээрийг нээлттэй хийнэ. Мөн шинэ залуу үеийнхнийг татан оролцуулж, төр засгий хэмжээнд оролцуулна. Бид шинэ орчинд дасч, бусдаас суралцаж ажиллана. Эвтэй байхдаа хүчтэй. Монголчууд шударга байхдаа хүчтэй” гэлээ.
АН-ын даргад нэр дэвшигч С.Одонтуяа “Ардчилсан намын дарга хулгайтай тэмцэх ёстой. Өнөөдөр залуус өөр нийгэм, өөр улс төрийн намыг хүсч байна. Тиймээс бид шинэчлэл хийх хэрэгтэй байна. Түүхэндээ ч тийм байсан. Улс эх орныхоо төлөө онцгой чухал алхмыг хийх цаг болжээ. Энэ бүхнийг Ардчилсан нам л хийх ёстой. Эхнээсээ нам доторх асуудлаа цэгцлэх хэрэгтэй байна. Улсын дээд шүүхээс биднийг нэгдэж, хурлаа хийгээд ир гэдэг хариуг хэлж буй. Би маш өөдрөг байна. Маргаашийн хурал үр дүнтэй, амжилттай болно гэж бодож байна” гэв.
АН-ын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр “Ардчилсан намын эв нэгдлийг хангах учиртай хуралдаан болно. Энэ хурлаас сонгогдсон дарга гишүүдтэйгээ, ард түмэнтэйгээ ярилцаж, сонсч, ойлгож чаддаг байх ёстой. Бидний эвлэрлийн цэг бол ард түмний эрх чөлөө, Монголынхоо ардчиллыг хамгаалахын тулд хүчтэй сөрөг хүчин болж ажиллах шаардлагатай. Төр, нийгмийн ажил гурван үеийн холбоосоор явна. Миний хувьд, өнгөрсөн хугацаанд гурван удаа парламентад орж ажилласан учраас дээд үеийн зовлон жаргалыг хамгийн сайн мэдэх дунд үеийн төлөөлөл. Залуучуудын байгууллагыг удирдан ажиллаж байсан учраас дараагийн үеэ бэлдэх туршлага надад байгаа. Бид их хурлынхаа зардлыг ямар нэг байдлаар шийднэ. Бид намаа нэгтгэх том зорилготой. Бараг 80-90 хувийн ҮБХ-ны гишүүд цуглаж, үгээ хэлнэ. Миний харж байгаагаар Монголын ардчиллыг нухчин дарах зорилготой гадны хүч үйлчилж байна. Бид үүний эсрэг сөрж босох ёстой” гэлээ.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
Өчигдөр
2024-11-20
2024-11-20
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.