Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2022-12-15 Парламент

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.12.15) чуулганы нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэлж, найман асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан санал хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үг хэлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Улсын Их Хурал баталсан хуулийнхаа талд байж, гагцхүү хууль засагладаг нийгмийн төлөө, олон жил бугшсан алдаа, завхарлыг засахын төлөө шийдвэртэй үйл ажиллагаа явуулах ёстой

Яг одоо гадаа -30 хэмийн хүйтэн байна. Жавар тачигнасан энэ хүйтэнд Сүхбаатарын талбайд шударга ёс, тэгш эрх, хариуцлага шаардсан иргэд өдөр, шөнөгүй тэмцэж, жагсаж байна. Тэд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд, ард иргэдийнхээ боломжийг хулгайлагчдад хариуцлага тооцохыг шаардаж байна. Монголын ард түмнийг төрд төлөөж буй Та бид энэ өдрүүдэд бодит үнэнтэй нүүр тулж байна. Ард түмний итгэл гэдэг бол нэхэл хатуутай, ард түмэн нүдтэй. Шударга ёс гэдэг нэг л хариулттай. Хариуцлага, сахилга бат, ёс зүй Улсын Их Хурлын танхимаас, Улсын Их Хурлын гишүүд Та биднээс эхлэх учиртай гэдгийг олонтаа сануулж хэлж байлаа. Одоо бид хүлээлт үүсгээд, мэдэгдэл хийгээд байх биш, бодитой ажлуудыг хийх хэрэгтэй байна. Жагсагчид, иргэдийн санаанд нийцсэн хариултыг өгөх хэрэгтэй. Арга саам хайж, арга хэмжээ авч байгаа нэрээр өдөр хоногийг өнгөрүүлж болохгүй. Шуурхай ажиллаж, шаардлагатай хуулиуддаа өөрчлөлт оруулья. Гэмт этгээдүүдийг илчилж, тэдэнд хариуцлага тооцохын төлөө хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө гишүүд ажиллая. Ард түмнээсээ, эх орныхоо баялгаас хулгайлах үүд хаалгыг хаая. Ард түмнээсээ сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд ард түмнийхээ талд байя.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Энэ заалтыг улс төр, бизнесийн зарим нөхөд, бүлэглэл уландаа гишгэн, улсаа тонож байсан баримтууд ар араасаа хөвөрч ард түмний эгдүүцэл, дургүйцэл, зэвүүцлийг улам төрүүлж байна. Хулгай, булхай нь илрэх болохоороо гэмт бүлэг этгээд эрх зүйт төрийн тулах багана болсон парламентын засаглалыг үгүй хийх, ардчиллыг үгүй хийх суртал ухуулга хийж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэхээр оролдож байна. Шударга ёсны тэмцэл хийж буй Засгийн газрыг огцруулах санаархалаа ил, далд илэрхийлж байна. Бүр Монголын төр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг буруутгаж, олны анхаарал, үүссэн асуудлыг сарниулахыг оролдож байна. Ийм ч учраас, мөн өнөөдрийн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын олон гишүүн энэ асуудлыг хөндсөнтэй холбоотойгоор, Ардчилсан намын гишүүдийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тавьсан шаардлагын дагуу тус зөвлөлөөс мэдээлэл ирүүлснийг танилцуулья.

Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэмээн хуульд заасан. Засгийн газраас ил болгосон төсөл, гэрээг нууцын зэрэглэлтэй байгуулахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэсэн, эдгээрийг нууцлахыг тус зөвлөлийн тэргүүн, гишүүдээс чиглэл болгосон гэх агуулгатай мэдээлэл тараасан нь бодит байдалд нийцэхгүй. Зарим тохиолдолд олон нийтийг төөрөгдөлд хүргэж мэдэхээр байна. Иймд зөвлөмжийг ил болгохыг хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар Та бүхэнд мэдээлэл өгөх нь зүйтэй хэмээн үзлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн үүсээд буй нөхцөл байдал, нийгмийн уур амьсгал, олон нийтийн  шаардлагыг харгалзан, Засгийн газраас хэд хэдэн төсөл, гэрээг нууцын зэрэглэлээс гаргасантай холбогдуулан эдгээр байгуулахад үндэс болгосон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, шийдвэр бий эсэхийг шалгах, байгаа тохиолдолд тэдгээрийг мөн нууцын зэрэглэлээс гаргаж, ил болгох асуудлыг судлан шийдвэрлэхийг үүрэг болгосон бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба энэ асуудлыг хариуцан ажиллаж байна.

Дээр дурдагдсан, Засгийн газрын тогтоолоор ил болгосон төсөл, гэрээнүүдийг нууцлахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, шийдвэрээр өгсөн зүйл байхгүй. Төрийн болон албаны нууцын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах журам”-д заасны дагуу нууц баримт бичгийг ил болгох асуудлыг шийдвэрлэх тусгайлсан ажлын хэсэг байгуулан, холбогдох дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулан тагнуулын байгууллагын саналыг авсан байх шаардлагатай бөгөөд энэ байгууллагын саналыг үндэслэн төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болох асуудлыг зохицуулах, шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттай байна. Энэ учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс эдгээр шийдвэрийг ил болгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ил болгох асуудлыг шуурхай шийдвэрлэх болно. Түүнчлэн эрхэм гишүүд Та бүхэн холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу хүсэлтээ гаргаж, эдгээр зөвлөмжтэй танилцах асуудал нээлттэй эрхтэй болно.

Улсын Их Хурал баталсан хуулийнхаа талд байж, гагцхүү хууль засагладаг нийгмийн төлөө олон жил бугшсан алдаа, завхарлыг засахын төлөө шийдвэртэй үйл ажиллагаа явуулах ёстой. Танай, манай гэж маргаж суух цаг биш, нийт ард түмнээ төлөөлж ажиллах учиртай. Ард түмэн үнийн өсөлт, ипотекийн зээл, татварын дарамтад туйлдаж, сөхөрч байна хэмээн гомдоллож байна. Нэг хэсэг нь нийгмийн баялгийг бүтээж, улсад татвараа шударгаар төлж байхад нөгөө хэсэг нь үр өгөөж, өрмийг нь хүртэж, төр засгийг басамжилж сууж таарахгүй. Түмэн олны төрд итгэх итгэл буурч буйн бурууг МАН, АН, ХҮН төдийгүй бие даагч гишүүдээс бүрдсэн энэ парламент хүлээж, хулгай нүүрэлсэн нийгмийн хохирогчид болсон ард түмнийхээ нэхэл хатуу шаардлагыг бүрэн дүүрэн өгөхийн төлөө ажиллах шаардлагатай. Улсын Их Хурлын гишүүд манлайлан оролцох ёстой. Өргөсөн тангарагаа биелүүлэх үүрэгтэй.

Улсын Их Хурлын чуулганы танхимд “танай, манай” хэмээн талцаж, ард түмэнд таалагдах популизм хийхээсээ илүү улс орны эрх ашиг, ард түмний шаардлагад нийцэж ажиллая. Ийм учраас Улсын Их Хуралд өчигдөр (2022.12.14) өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг ажил хэрэгчээр, нэн яаралтай горимоор хэлэлцэж, авлига, албан тушаалын хэрэгт оноох ялын бодлогыг чангатгая. Ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх, өршөөл уучлал үзүүлэхгүй байх, хөрөнгийг нь хураах ял оногдуулдаг эрх зүйн өөрчлөлтийг хийе. Энэ бол ард түмний шаардлагын нэг хэсэг тул яаралтай хэлэлцэн шийдвэрлэе. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ сонсголыг ард иргэд, түүний дотор жагсагчдын төлөөллийг оролцуулан үр дүнтэй хийе. Бодит байдлыг үнэн зөвөөр шүүн тунгаахад бүгд идэвхтэй оролцохыг уриалж байна. Эрх мэдэл, албан тушаалын ард нуугдан хууль завшдаг гажуудал байна гэдэг шаардлага хэлж байна. Хүний эрх, шударга ёс, тэгш байдал, хариуцлагыг Монголын нийгмийн үнэт зүйл болгон тунхаглахын төлөө хичээн ажиллахыг Та бүхэнд хандан уриалж байна.

Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Нэн яаралтай горимоор хэлэлцэж буй тус төслийн талаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэс бүрдүүлдэг бол Тавантолгойн орд нь нүүрсний нийт экспортын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг Монголын нийт ард түмний баялаг юм. Уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгохоор Уул уурхайн биржийн хууль, Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн болгох багц хууль, Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газраас ойрын өдрүүдэд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тогтолцоо ард иргэдэд хатуу, авлигачдад зөөлөн байна гэж олон нийт шүүмжилж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдаад Засгийн газраас өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах авлигатай хийх тэмцлийг гүнзгийрүүлэх бодлогын хүрээнд Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэд хэдэн өөрчлөлтийг тусгасан гэлээ. Тухайлбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах зохицуулалтыг тусгасан байна. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж, авлигын замаар олсон хөрөнгө, орлогыг  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгох; Эрүүгийн хуулийн 22-р бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг эрхзүйн зохицуулалтыг хүчингүй болгох нь зүйтэй хэмээн үзжээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахаар тусгажээ. (Ерөнхий сайдын танилцуулга бүрэн эхээрээ)

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Байнгын хороо 2022 оны арван хоёрдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн. Хууль санаачлагч Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нийцүүлэн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж улсын орлого болгох, Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлгийн гэмт хэрэгт оногдуулах ялын  бодлогыг чангаруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг санал, дүгнэлтэд дурдав.

Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулан олон нийтийн саналыг авч байгааг Л.Мөнхбаатар гишүүн тэмдэглэлээ. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

 Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлт, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

 Эрүүгийн хуулийн “Авлигын гэмт хэрэг” хэмээх 12 зүйл бүхий 22 дугаар бүлэгт “22.13 дугаар зүйл.Хахууль авах” хэмээн зүйл нэмж байгаа талаар тодруулсан гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулт өгсөн. Эрүүгийн хуульд авлигын гэмт хэрэг нь нийтлэг зохицуулалттай байдаг бөгөөд эл зохицуулалт нь төрийн, нийтийн алба, аж ахуйн нэгж гээд бүгдийг хамардаг байна. Харин төслөөр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нийтийн албан хаагчдад оногдуулах ялын бодлогыг чангатгаж буйтай холбоотойгоор авлигын гэмт хэрэгт холбогдсон хувийн секторт хамаарах зохицуулалтыг хуульд тусгайлан зохицуулах шаардлага үүссэн тул дээрх зүйлийг нэмж байгаа гэдэг тайлбарыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өгөв. Эрүүгийн хуулийн “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэсэн 22.12 дугаар зүйл дэх “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “Энэ гэмт хэргийг төрийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн өөрчилж байгааг тайлбарласан.

 Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төрийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудыг томилдог эрх мэдэлтнүүдийн асуудал хөндөгдөхгүй байгааг шүүмжилсэн. Н.Алтанхуяг гишүүн, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалт үйлчлэх нь шударга бус хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Энэ байр суурьтай нь холбогдуулан ажлын хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Батзориг тайлбар хийхдээ “Авлигын гэмт хэрэгт оногдуулах ял бага байх юм бол энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх магадлал өсдөг, харин оногдуулах ялыг нь өндөр болгоод, илрүүлдэг арга замыг нь багасгачих тохиолдолд авлига, албан тушаалын гэмт хэрэг хүссэн хүсээгүй нь нэмэгддэг гэдгийг Нобелийн шагналт эдийн засагч тодорхойлсон байдаг” гэв. Мөн Н.Алтанхуяг гишүүн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт торгох ял байх нь зохистой эсэхийг тодруулахад “Тус бүлэгт 11-12 төрлийн гэмт хэргийн талаарх зохицуулалт бий. Нийгэмд учруулж байгаа хор аюулын шинж чанар нь харилцан адилгүй гэмт хэргүүд дээр хариуцлага оногдуулахдаа ялгамжтай хандах ёстой. Эрх мэдлээ урвуулах, авлига авах, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах гэх зэрэг гэмт хэрэгт торгуулийн ял оноохгүй болсон” гэдэг хариултыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өгсөн.

Түүнчлэн гишүүдийн лавласны дагуу улс төрд нөлөө бүхий этгээдүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулиар зөвхөн хорих ял оноох зохицуулалттай болж байгааг хариулсан. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураахтай холбоотой зохицуулалтын талаар Ж.Сүхбаатар гишүүн тодруулж асуулаа. Ажлын хэсгийн гишүүн, Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн хариулахдаа “Гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэргийн замаар олсон орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлдэг хуулийн зохицуулалт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-д байдаг. Төслийн хүрээнд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгох өөрчлөлтийг хийх юм. Мөн төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байгаа тохиолдолд прокурор одоо энэ хөрөнгийг хураах, хохирлыг нөхөн төлүүлэх иргэний нэхэмжлэл гаргахаар, нэхэмжлэлийг нь эрүүгийн хэрэгтэй нь хамтруулан шийдвэрлэх нэмэлт заалтууд төсөлд тусгагдсан” гэв. Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнээс торгох ялыг хассан талаарх тайлбарыг Х.Баделхан гишүүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хариулт өгсөн. Энэ төрлийн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн дээр зөвхөн зорчих эрхийг хязгаарлах болон 1-5 жилийн хорих ял оногдуулахаар төсөлд тусгажээ. Ийм зүйлчлэл нь төрийн албаны дунд шатны албан тушаалтнууд гол төлөв хамаатай, харин энэ төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу төр, нийтэд их хэмжээний хохирол учруулах юм бол зөвхөн хорих ял оногдуулахаар хуулийг өөрчлөхөөр төсөлд тусгаад байгаа гэв. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээдүүд үйлдэх юм бол 5-12 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаад байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр авлигын гэмт хэрэгтэй тэмцэж буй Засгийн газрын санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Эрүүгийн хууль  дахь энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах нь авлигын гэмт хэргийн эсрэг хийж буй тэмцлийн нэг л хэлбэр, үүнтэй зэрэгцүүлэн илрүүлдэг, шалгадаг, хянадаг, ялладаг байгууллагууд болон шүүхийн системийг боловсронгуй болгох, хараат бусаар ажиллах чадамжтай тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэдэг саналыг хэлж, Засгийн газар энэ чиглэлээр санаачилгатай ажиллахыг хүсэээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлдэг нэг хэлбэр бол авлига өгснөө сайн дураар илчилсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг зохицуулалт юм. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэдэг болсон 2017 оноос хойш авлига, албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлт, авлига, албан тушаалын гэмт хэргээс учирсан, хохирлын барагдуулалт, зөрчигдсөн эрхийг сэргээх тал дээр гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг Б.Энхбаяр гишүүн тодруулсан. 2017 оноос өмнө АТГ жилд дунджаар 2-4 хэрэг шийдэж байсан, 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш жилд дунджаар 63 хэрэг шийддэг болсон гэх тоон мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өгөв. 2020 онд 114 хэрэг, 2021 онд 161 авлига албан тушаалын гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Б.Энхбаяр гишүүн, хялбаршуулсан журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалтыг Эрүүгийн хуулиас хасчихвал энэ төрлийн томоохон гэмт хэрэг илрэхгүй, гэмт хэрэгтнүүд ял шийтгэл хүлээхгүй болох сөрөг үр дагавар үүсэх вий гэдэг болгоомжлол төрж байгаагаа хэлж байсан.

М.Оюунчимэг гишүүн авлигатай тэмцэх хамгийн оновчтой бодлогын талаар тодруулсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгаж байгаа нь Монгол Улсын төр, Засгийн газар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хүсэл эрмэлзэлийн илрэл, хамгийн гол нь эдийн засгаа тэлэх, өргөжүүлэх нь чухал үр нөлөөтэй байдаг гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн.

Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Л.Мөнхбаатар, С.Ганбаатар, Ш.Раднаасэд, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.4 хувь буюу Улсын Их Хурлын 32 гишүүн дэмжив. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.