Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр өдөр болов. Жагсаалын үеэр иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, төрийн ордны эргэн тойрны замыг хааж, урд талын сүлд модыг шатаан, 4 иргэнийг гэмтээн, 4 цагдаагийн толгой хагалж, Төрийн ордны зүүн талын хашааг жагсагчид нураах хүртлээ асуудал хүндэрсэн. Олон нийт жагсаж болно, гэхдээ 7 дугаарын сарын 1-ний алдааг давтаж болохгүй гэдгийг цахимаар анхааруулсаар байсан юм.
Мөн энэ үеэр ХЭҮК-оос шаардлагыг нь хүлээн авах хэрэгтэй гэдгийг сануулсан. Харин Ерөнхий сайдын зөвлөх гуйлган байж бичгийг нь авсан ч жагсагчид Ерөнхий сайдыг гарч ирж уулзахыг шаардсан юм. Гэвч тэрбээр олны өмнө гарч ирсэнгүй. Харин түүний оронд УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулна гэдгээ хэллээ.
Ийнхүү өчигдөр орой жагсаалын нөхцөл байдал хүндэрч албадан тараах захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргасан ч “Жагсаал, цуглааныг тараах тухай” А/1517 тоот захирамжаа хүчингүй болгох захирамж гарган, цагдаагийн алба хаагчид хамгаалалтаа буулгалаа. Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Өөрөөр хэлбэл, хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн юм. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.
Харин өнөөдөр Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Эргэн сануулбал, өнөөдөр /2021.12.06/ МАН-ын бага хурал болох байсан ч жагсаалын улмаас болон хойшилсон. Тэгвэл УЗ-ийн хурлаар Бага хурлын товыг гаргах бололтой.
Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ыг тарааж, 2023 онд УИХ-ын сонгуулийг явуулах уу, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна гэх. УИХ, Засгийн газрын түвшинд тогтолцоогоо өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд УИХ-ыг тарааж, ээлжид сонгуулийг 2023 онд зохион байгуулах уу эсвэл шинээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу зэрэг хувилбарууд ч яригдаж байгаа гэх мэдээлэл байна.
Өөрөөр хэлбэл, онц байдал зарлах хэмжээнд хүрсэн жагсаал УИХ-ыг тараах, тогтолцооны шинэчлэл хийх тухай болж хувирав. Гэхдээ асуудлын чигийг эрх баригчид өөрсдийн амаар, өөрсдийн байр сууриар ийнхүү өөр зүгт чиглүүлэв. Үнэндээ ийм цаг үед нүүрсний хулгай, эрх баригч намын генсекийн суудал гээд хөшигний ард өрнөж байсан улс төрийн тоглолтууд ийнхүү жагсаалын дуулианаар өнөөдөр ил гарч, УИХ-ыг тараах, Үндсэн хуулиудаа өөрчлөх эсэх, тогтолцооны шинэчлэл хийх зэрэг асуудал руу хөтөлж байна. Одоо Удирдах зөвлөл ямар шийдэлд хүрэх, МАН-ынхан дотооддоо ойлголцоод нүүрсний хулгайчидтайгаа тэмцэх тэмцэлээ үргэлжлүүлэх, цаашид эрх мэдлийн хувиарлалтыг хэн гартаа авах вэ гэдэг олон асуултад хариулт өгөх шийдвэр хүлээгдэж байна.
17 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.