Орон нутагт тарвага агнах, хүнсэнд хэрэглэх, төв суурин руу тээвэрлэх зөрчил буурахгүй байна

2022-09-16 Мэдээ, мэдээлэл


Ховд аймгийн Цэцэг суманд есдүгээр сарын 11-нд иргэн Г тарвага агнаж, өвчих явцад халдвар авч Тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь эмнэл зүй, нян судлал, молекул биологийн шинжилгээгээр батлагдаж хариу арга хэмжээг аван ажиллаж байна.

Орон нутагт тарвага агнах, хүнсэнд хэрэглэх, худалдаалах, төв суурин газар руу тээвэрлэн оруулах зөрчил буурахгүй байна.

Тодруулбал, есдүгээр сарын 1-14-ний хооронд 10 удаагийн дуудлагаар 225 ширхэг тулам хурааж, лабораторийн шинжилгээ хийсэн. Энэ нь тарваган тахал өвчин хот, суурин газарт гарах эрсдэл өндөр байгааг харуулж байна хэмээн мэдээлэв.

Зөвлөмж:

-Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал харьяалах орон нутгийнхаа мэргэжлийн байгууллагад хандах
-Нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байх
-Хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх
-Тарвагыг нохойгоор бариулах, хавхаар агнахаас зайлсхийх
-Тарваганы түүхий мах, эд, эрхтнийг хот суурин газарт оруулахгүй, эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
-Тарвага болон жижиг мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх
-Тарваган тахлын дархлаажуулалтад жил бүр тогтмол хамрагдах

Хэрэв тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.