Дарханы замын санхүүжилт хэвийн байгаа ч цементийн хомсдлоос шалтгаалан удааширчээ

2022-09-9 Мэдээ, мэдээлэл


Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёрдугаар багц буюу Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 45.5 км замын ажлын явцтай Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2022.09.09/танилцаж байна. Ар модтын давааны араас Урьхан хүртэлх энэ замыг “Арж капитал” компани гүйцэтгэж буй. Одоогоор замын цемент хучилтыг хийж, ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж.

Сангийн сайд Б.Жавхлан “Гэрээгээр бол 2023 оны есдүгээр сард бүрэн ашиглалтад өгөх ёстой. Санхүүжилтийн хувьд ямар ч саадгүй гүйцэтгэлээр олгож байгаа. Хил гаалийн нөхцөл байдлаас хамааралтай ажил удаашрах, саатаагүй гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэлж байна. Тулгарч байгаа бэрхшээл гэвэл цементийн хомсдол үүссэн ч гүйцэтгэгч компани Налайхаас цементээ худалдан авч байгаа. Одоогийн байдлаар нийт санхүүжилтийн 38 хувийг авсан байна. Үргэлжлүүлэн гуравдугаар багцын явцтай танилцана” гэжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар нар долоо хоногийн өмнө /2022.09.02/ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ажиллаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замаар Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг руу зорчих иргэд, тээвэрчид болон ОХУ-аас Монгол Улс руу ирэх олон улсын ачаа тээвэр зорчдог. Тийм ч учраас олны анхаарлын төвд байдаг. 2019 онд эхэлсэн боловч ашиглалтад орохгүй өнөөдрийг хүрч ард иргэдийн ажил, амьдралд төвөг учруулж бухимдал төрүүлээд удаж байгаа. Тиймээс орон нутаг дахь анхны томилолтоо эндээс эхэллээ. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа таван багц замд найман компанийн 1500 орчим хүн, 700 гаруй техник хэрэгсэл ажиллаж байна.

Нэг, тавдугаар багцын ажлын гүйцэтгэл сайн, хоёр, дөрөвдүгээр багцын ажил төлөвлөгөөнөөс хоцрох эрсдэлтэй байгаа юм. Болж өгвөл 2022 ондоо багтаан нэг урсгалын хоёр эгнээ замыг нээхээр төлөвлөж байгаа.

Санхүүжилт, түүхий эдийн нөөц татан авахад Сангийн яам, Гаалийн ерөнхий газар гэх мэт шат шатны байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. Харин бэрхшээлтэй асуудал нь цементний нийлүүлэлт. Авто замын ажилд өдөрт 1000 тонн цемент хэрэглэж байна. Гэтэл өдөрт 300-400 тонн цемент нийлүүлэгдэж байгаа нь замын барилгын ажил хоцрох эрсдэлд хүргэж болзошгүй. Үүнд онцгойлон анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, 2022 ондоо багтаан хөдөлгөөн нээхийн тулд бүх шатандаа хичээн ажиллана” гэдгийг хэлж байв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.