Барилга, хот байгуулалтын яамны удирдлагууд төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын магадлалын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Барилга хот байгуулалтын яам хоёр өдрийн өмнө үнийн өсөлтийг тооцож, төсөвт өртгийн өөрчлөлтийн талаар боловсруулсан саналаа УИХ-д танилцуулсан. Үлдсэн төсөл арга хэмжээнүүдийг богино хугацаанд дахин нэг авч үзэж эргэж танилцуулах чиглэл өгсөн. Тодруулбал, Барилга хот байгуулалтын яам 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших бүх барилгын ажил дээр үнийн өсөлт тооцон гаргаж байгаа. Нийт 800 гаруй барилгын материалын нэр төрөл гарган, гурван эх сурвалжаас үнийн өсөлтийг өнөөдрийн байдлаарх мэдээллийг авч, барилгын материалын үнийн өсөлтийн төсөв өртөгт нөлөөлж буй өөрчлөлтийг тооцож гаргасан. Нийт 1100 гаруй төсөл арга хэмжээг үргэлжлүүлэн хийж байгаа ба эдгээр төсөл арга хэмжээнээс 534-ийнх нь үнийн өөрчлөлтийг тооцож, 274 тэрбум төгрөг нэмэлт шаардлагатай болохыг УИХ-ын төсвийн байнгын хороонд танилцуулсан. Иймд УИХ-ын төсвийн байнгын хорооноос үнийн өөрчлөлтийн магадлалын асуудалд хамрагдаагүй үлдсэн энэ 314 төсөл арга хэмжээг дахин нэг авч үзэх чиглэл өгсөн. Үүний дагуу барилгын материалын үнийн өөрчлөлтөд тооцогдож, магадлалд хамрагдаагүй аж ахуйн нэгжийг наймдугаар сарын 1-н гэхэд дахин нэг удаа авч үзэх боломжийг олгож байна. Үүнтэй холбоотойгоор манай холбогдох газрууд баярын өдрүүд болон амралтын өдрүүдэд тасралтгүй ажиллах хуваарь гаргасан. Барилгын материалын үнийн өсөлтийг тооцож, наймдугаар сарын 15-нд 2023 оны улсын төсвийг тооцож, Сангийн яаманд хүргүүлэх ёстой” гэв.