УИХ, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хамтран “Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын өр 1.7 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 12.3 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн өр 8.2 тэрбум ам.доллар байна. Гадаад валютын албан нөөц ойролцоогоор улсын нийт гадаад өрийн 10 орчим хувьтай тэнцсэн. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээг хөгжиж буй орнуудын өрийн хязгаарын үзүүлэлтүүдтэй харьцуулахад 2-3 дахин их байгааг Сангийн сайд Б.Жавхлан “Гадаад өрийн удирдлага, цаашдын зорилго” сэдвээр танилцуулсан илтгэлдээ дурдав.
Засгийн газраас 2012 оноос хойш 3-10 жилийн хугацаатай Чингис, Дим сам, Мазаалай, Хуралдай, Гэрэгэ, Номад, Сенчири зэрэг нийт долоон бонд гаргасан байдаг. Засгийн газрын өр 2021 онд 26.9 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнийг өнөөдрийн үнэ цэнээр тооцвол ДНБ-ий 50.8 хувьтай тэнцэх болжээ. Өрийн бүтцийн хувьд 2016 онд Засгийн газрын өрийн 52 орчим хувь нь арилжааны нөхцөлтэй зээл байсан бол 2021 оны байдлаар 33.6 хувьд болтол бууруулжээ. Харин Засгийн газрын зээлийн ашиглалтыг авч үзвэл 40 орчим хувийг барилгын салбарт, 26 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад, 14 орчим хувийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан байгаа бол 13 орчим хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулжээ.