Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Гавилвуу уулын ар бэлд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олджээ. Судалгааг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын хоёрдугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан баг малтан судалж байгаа аж. Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор юм байна. Түүнчлэн Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог. Малтлагын ажил энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажил хийгдэж байна.
Одоогийн байдлаар олдсон олдвороос дурдвал, бунхны хаалганы дотор талаас нэг бүтэн тарвага, хоёр араатан амьтан, нэг бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээлэв. Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ. Монголын түүхэнд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж буй. Судалгааны багт Улаанбаатар их сургуулийн Түүх археологийн ангийн нэг, хоёрдугаар курсийн оюутнууд багтаж байгаа юм байна.